Үндсэн хуулийн тодотгол эв нэгдэлд тулгуурлах ёстой
“1922 оны Үндсэн хууль үүргээ гүйцэтгэсэн үү. Өнөөдөр Үндсэн хуулийг өөрчлөх шаардлага байна уу” сэдвээр УИХ-ын гишүүн Л.Болд нарын байр суурийг хүргэж байна.
-Үндсэн хууль бол өөнтөглөөд байх зүйлгүй сайн хууль. Монголчууд бид энэ хуулийнхаа хүрээнд 26 жил амьдарлаа. Тусгаар тогтнол, эрх чөлөөний үнэр, амтыг сайн мэдэрцгээлээ. Хаана нь тодорхойгүй зүйл гарсан, тэрийг нь хэн яаж урвуулан ашиглаж буйг гадарлах болсон тул үүнийг тодотгоод, тодруулаад аваад явчихвал 100 жилдээ биднийг хөтлөн аваач явчих хууль юм.
Үндсэн хуульд байгаа тулгуур үзэл санааг төгс үнэн илэрхийлсэн хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэхийн төлөө нэгэн үзүүрт нийтийн зүтгэл Монголыг богинохон хугацаанд шинэчилж чадна. Шинэ Монголыг буй болгох бүх жор, санаа, хандлага бүгд тэнд хадаастай юм. Манай үндсэн хууль ерөнхий зарчим, үзэл баримтлалын хувьд алдаагүй, тун чиг оновчтой хийгдсэн бүтээл. Харин эрх мэдэл, засаглал хуваарилалтын асуудлууд дээр анхаарал татахуйц, тодорхой нөхцөл байдалд мухардал, давхар утга үүсгэхээр томьёоллууд бий. Үүнийг бид бултаараа хэлэлцэж илүү тод зөрчилгүй байхаар сайжруулах нь зүй ёсны асуудал. Монгол улс төрийн амьдралын энэ 26 жилийн туршлагаас харахад манайд гарч байгаа алдаанууд зөвхөн засаглалын хямралтай холбоотой байна.
Түүнээс биш Үндсэн хуулийн гүнзгий зөрчил, үзэл баримтлалын алдаатай холбоотой биш юм. Үндсэн хуульд засаглалын хуваарилалттай холбоотой тодруулгыг бол оруулах шаардлагатай. Үндсэн хуулийг бид анх 1992 онд батлахдаа бүх ард түмнээрээ хэлэлцүүлж, бүх процесс биелүүлсэн. Огт яараагүй, нухацтай хандсан. Хэрэв өөрчлөх гэж байгаа бол тэр процесс адилхан л явах ёстой. Хувь хүний эрх, эрх чөлөөг хуульчилж, улс орны тусгаар тогтнол, аюулгүйн байдлыг баталгаажуулсан нь энэ суурь хуулийн маань үндсэн үүрэг, үр дүн нь мөн. Монгол улс ардчилсан улс болсныг ертөнц даяар тунхагласан, гадаад улс орнуудтай эрх тэгш оршин тогтнохоо зарласан цомхон боловч гайхамшигтай агуулгатай баримт бичиг юм. Хүн бүр агуулга, үг үсгийг нь сэргээн санаж чандлан мөрдөж явах учиртай оршихуйн цагаан толгой.
Үндсэн хуулийн цаг үедээ нийцэж байгаа эсэх болон сайжруулах шаардлага байгаа юу гэдэг асуудлаар парламент байр сууриа илэрхийлж байх нь зүй ёсны хэрэг.
Үндсэн хуулийг өөрчилж болно. Үүний тулд өмнөх алдаагаа засахаас эхлэх ёстой. Долоон өөрчлөлт бол нэг намын парламентаас гарсан нэг хүнд үйлчлэх зориулалттай Монголын улс төрийн тогтолцоог буруу замаар явуулсан өөрчлөлт болсон. Үүнийгээ эхлээд хууль ёсных нь голдрилд оруулаад Үндсэн хуулиа анх бий болсон Үндсэн хуулиар нь буцааж сэрээх хэрэгтэй.
Үүний дараа нийт ард түмнээрээ Үндсэн хуульд оруулах үндсэн том өөрчлөлтийн саналуудаа нэгтгэж хэлэлцүүлэх ёстой. Дээрээс нь шаардлагатай бүхий л судалгаа дүгнэлтүүдийг гаргаж байгаад парламентын бүх намууд оролцсон төслийг бэлтгэх хэрэгтэй. Үндсэн хуулийн өөрчлөлт нь УИХ-ын сонгуулийн том сэдэв болох ёстой. 2020 оны сонгуулиар гурван жил бэлтгэсэн төслөө нийт ард түмнээрээ хэлэлцүүлж шинэ Их хурал ард түмнээс мандат авч орж ирээд батлах эхний асуудал бол Үндсэн хуулийн өөрчлөлт байх юм.