2017.12.28

Дефакто Мэтгэлцээн (Цаазаар авах ялыг сэргээх нь зөв)

Манай нийгэм тогтворжоогүй, хувь хүн нь төлөвшөөгүй байгаа учраас цаазын ялыг халсан нь буруу алхам байсан хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2017.10.16-нд мэдэгдэв. Төдөлгүй Ерөнхийлөгч Хууль зүй, дотоод хэргийн яаманд цаазын ялыг сэргээх саналаа албан бичгээр хүргүүлэв. Энэ мэдэгдлээс хойш цаазаар авах ялыг сэргээх, үгүй талаар нийгэм талцан, өнөөг хүртэл хүчтэй маргалдаж байна.

Цаазаар авах ялын тухай аль болох бодитой, судалгаа, үндэслэлтэй хэлэлцүүлэхээр ДеФакто Мэтгэлцээнийг бид 2017.12.28-нд VTV телевизээр зохион байгууллаа. Цаазаар авах ялыг сэргээхийг дэмжин МУ-ын Ерөнхийлөгчийн Иргэний нийгэм, хүний эрхийн бодлогын зөвлөх, УИХ-ын гишүүн асан Г.Уянга, эсэргүүцэн Эмнести Интернэшнл Монгол байгууллагын удирдах зөвлөлийн дарга Б.Болорсайхан нар энэ мэтгэлцээнд оролцлоо.

НҮБ-ын Ерөнхий Ассемблейн “цаазаар авах ялыг төгсгөл болгох тухай” тогтоолыг 2007 онд 104 орон дэмжиж, 54 орон эсэргүүцэж, 29 орон түдгэлзсэн юм. МУ дэмжиж, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж 2009 оны 1-р сард Их Хуралд хэнийг ч цаазаар авах зарлиг гаргахгүй гэдгээ мэдэгдсэн бөгөөд түүнээс хойш энэ ялыг хэрэгжүүлээгүй явж ирлээ.

ЦААЗААР АВАХ ЯЛЫГ СЭРГЭЭХ НЬ ЗӨВ

Ерөнхийлөгч Х.Баттулгын зөвлөх Г.Уянга энэ ялыг халахдаа урьдчилан, иж бүрэн судалгаа, дүгнэлт хийгээгүй учир олон улсад тухайн үеийн Ерөнхийлөгчийн нэр хүндийг өргөсөн болохоос биш бодит амьдралд зохицоогүйг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлсэн албан бичигтээ тодорхой дурдсаныг тэмдэглэв. Энэ ялыг яагаад сэргээх шаардлагатай тухай түүний үндэслэлийг тоймлон хэлбэл:

Нэг. Бага насны хүүхдийг хүчирхийлсэн, бэлгийн дарамтанд оруулсан, амь насыг нь хөнөөсөн гэмт хэргийн гаралт нэмэгдэх болсон нь нийгмийг цочроож байна. Хүний эрхийн үндэсний комисс 2015-2016 онд 2-7 насны 298 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн тухай мэдээлсэн. Төр хүчирхийлүүлсэн бага насны хүүхдийн эрхийг хүчирхийлсэн этгээдийн эрхтэй зэрэгцүүлж үзэж болохгүй. Ер нь ямар эрэмбэтэй байх ёстой юм бэ? Цаашид ийм төрлийн гэмт хэрэг гарахгүй байхын тулд монголын төр шаардлагатай бүх арга хэмжээг авах хэрэгтэй. Юуны өмнө бага насны хүүхдийг бэлгийн замаар хүчирхийлсэн хэрэг нэг бүрийг олон нийтийн өмнө дэлгэж тавих ёстой.

Бид хүчирхийлсэн этгээдийн амьд явах эрхийн тухай ярьж байна. Гэтэл хүчирхийлүүлж амь насаа алдсан хүний эрх хаана нь байх юм бэ?

Хоёр. Хууль гэдэг бол тухайн гэмт хэрэгтний үйлдсэн гэмт хэрэгт нь тохирсон шийтгэл оногдуулахыг хэлдэг. Тэгж байж л нийгэмд шударга ёс тогтоно. Ямар ч шийтгэл, арга хэмжээ авлаа гэсэн хүчирхийлэлд өртсөн хохирогчийн хохирлыг бүрэн барагдуулах боломжгүй. Тэгсэн ч гэсэн ямар ч төрлийн гэмт хэрэгтэнд аль болох тохирсон ял, шийтгэл хүлээлгэх ёстой. Үүнд л аливаа хуулийн өөрийнх нь нийгмийн ач холбогдол оршино.

Гурав. Эдгээр ноцтой гэмт хэргийн гаралт яагаад нэмэгдэх болсон, тэдгээрийг яаж таслан зогсоох талаар Ерөнхийлөгч Х.Баттулга холбогдох байгууллагуудтай уулзаж, байгаа мэдээлэл судалгааг нь авсан. Ингээд олон талын, зөрөөтэй байр суурийг харьцуулан дүгнээд цаазаар авах ялыг сэргээх шийдвэрийг гаргасан. Тэгээд ч МУ-ын Үндсэн хуулийн 16-р зүйлийн 1-т “Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан онц хүнд гэмт хэрэг үйлдсэний учир шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор ялын дээд хэмжээ оногдуулснаас бусад тохиолдолд хүний амь нас бусниулахыг хатуу хориглоно” хэмээн заасан. Бас Үндсэн хуулийн 10-р зүйлийн 4-т “МУ Үндсэн хуульдаа харшилсан ОУ-ын гэрээ, бусад баримт бичгийг дагаж мөрдөхгүй” гэсэн заалт ч байгаа.

ЦААЗААР АВАХ ЯЛЫГ СЭРГЭЭХ НЬ БУРУУ

Нэг. Судлаач Б.Болорсайхан гэмт хэрэг гарч буйн суурь шалтгаан нь иргэдийн эдийн засгийн баталгаа хангагдаагүй, ядуурал өсөж байгаа явдал гэлээ. Үндсэн хуульд заасны дагуу төр нь иргэнийхээ өмнө хууль зүйн, эдийн засгийн болон бусад баталгааг нь хангах үүрэгтэй. Энэ үүргээ төр биелүүлэхгүй байна.

Хоёр. Монгол улс хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг цогцлоон бүтээх зорилготой гэж үндсэн хуулийн оршил хэсэгт заасан. Тэгэхийн тулд хүний эрх, эрх чөлөөг хангах, баталгаажуулах талаар хүн төрөлхтний бүтээсэн ололт амжилтыг дээдэлж, улс орондоо бүрэн дүүрэн хэрэгжүүлэх ёстой. Дэлхий дахинаа цаазаар авах ялыг халах хандлага сүүлийн дөчөөд жилд хүчтэй тогтлоо. Цаазаар авснаар тухайн улс оронд хүний амь насанд халдах эсвэл хүчингийн гэмт хэрэг буурч байгаа, эсэх талаар тодорхой судалгаа эдүгээ хаана ч хийгдээгүй байна.

Гурав. Гэмт хэрэг үйлдсэн л бол хийсэн үйлдлийнхээ төлөө хэн ч гэсэн хариуцлага хүлээх ёстой. Хууль хүн бүрт адил тэгш үйлчилдэг байх ёстой. Гэтэл манай шүүхийн тогтолцоо өнөөдөр тэгж чадахгүй, алдаа, мадагтай шийдвэр их гаргаж байгаа учир цаазаар авах ял оновчтой биш. Цаазаар авах ялыг хүлээн зөвшөөрөхөөсөө өмнө төр өөрийн чиг үүргээ дорвитой биелүүлэх шаардлагатай байна.

Дөрөв. Хүний эрхийн үндэсний комисс цаазаар авах ялыг халах шаардлагатай байгааг удаа дараа мэдэгдэж байсан. Монгол улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой. Манай улс ямарваа нэгэн ОУ-ын гэрээнд нэгдэн орох, түүнийг соёрхон батлахаас өмнө тэдгээр баримт бичгүүдийн агуулгын биелэлтийг хангаж чадах уу, үндсэн хуулийн үзэл баримтлалтай зөрчилдөж байгаа эсэхийг төрийн холбогдох мэргэжлийн байгууллага нь хариуцаж судалдаг. Цаазын ялыг цуцлах тухай ОУ-ын гэрээг хүлээн зөвшөөрөхийн өмнө ч энэ ажил хийгдсэн. Тэгээд ч энэ бол МУ-д үндэсний хууль тогтоомжийн нэгэн адил мөрдөгдөж буй бас нэг эрх зүйн зохицуулалт гэлээ.

Төгсгөлд нь

Ерөнхийлөгчийн Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлсэн дээрх санал нь ямар нэг эцсийн шийдвэр биш. Цаазын ялыг сэргээхийн тулд Улсын Их Хурлаар баталж, хууль гаргах ёстой. Зөвхөн түүний дараа шинэ хууль хүчин төгөлдөр болно. Энэ асуудлыг хэрхэн шийдэх талаар юуны өмнө Засгийн Газар хэлэлцээд, Их Хуралд саналаа оруулах ёстой.

Гэхдээ энэ ялыг сэргээх эсэх тухайд иргэд бид ч сайн мэдээлэл, судалгаатай болж, хэлэлцэн ярилцаж чадваас төр засаг бодитой, ухаалаг шийдвэр гаргахад нь нөлөөлөх юм.

Энэ бол ардчиллын хамгийн энгийн, хамгийн хүчирхэг арга зам.