Монгол Улсад тээгч эхийн зохицуулалт хэрэгтэй юу?
2018.01.12

Монгол Улсад тээгч эхийн зохицуулалт хэрэгтэй юу?

Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар Донорын тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм.

Хуулийн төслийн зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураах үед УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийн саналын талаар хэлэлцлээ.

Тодруулбал тэрээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороон дээр “18.7.Гэр бүлийн баталгаатай, 25-36 насны, нэгээс доошгүй өөрийн хүүхдийг төрүүлсэн, энэ хуулийн 18.8-д заасан журмын дагуу холбогдох эрүүл мэндийн байгууллагаас эрүүл гэсэн магадлалтай эмэгтэй тээгч эх болж болно” гэсэн заалт оруулах санал хэлсэн ч дэмжлэг аваагүй юм.

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг энэ талаар байр сууриа илэрхийлэхдээ:

Энэ хуулийн төсөлд анх удаа тээгч эх гэсэн томъёоллыг оруулж ирж байна. Тээгч эхийн асуудал бол олон жил яригдаж, хуулийн зохицуулалтгүй, тохиролцооны үндсэн дээр явагдаж ирснийг бид бүгд мэдэж байгаа. Байнгын хорооны хурал дээр тээгч эх ямар шаардлага хангасан хүн байх тал дээр санал гаргаад дэмжээгүй.

Хуулийн төслийн 18.6-д эрүүл мэндийн шалтгаанаар өөрөө жирэмслэх, ураг тээх, хүүхэд төрүүлэх чадваргүй нь эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон эмэгтэйд тээгч эхээр дамжуулах хүүхэдтэй болохыг зөвшөөрнө гэж заасан мөртлөө ТЭЭГЧ ЭХ ЯМАР ЭМЭГТЭЙ БАЙХЫГ ЗААГААГҮЙ нь учир дутагдалтай гэж үзэж байна.

Зарим гишүүд нөхөн үржихүйн тухай хуулийн төсөл боловсруулаад тээгч эхийн зохицуулалтыг оруулж ирнэ гэж байгаа боловч нэгэнт энэ хуулийн төсөлд тээгч эх гэсэн томъёолол оруулж ирж байгаа л бол тавих шаардлагыг нь оруулж, тодорхойлж өгөх нь хэрэгтэй гэж үзэж байна.

Хууль батлагдаад хэрэгжиж эхэлсэн тохиолдолд ч гэсэн нөхөн үржихүйн хууль батлгадаагүй байх хугацаанд дуртай нь ямар ч зохицуулалтгүй тээгч эх болоод явах боломж бүрдээд байна.

Зарим оронд тээгч эхийг хориглож, заримд нь хуулиар зохицуулсан байдаг. Манайд залуу охид өөрийн амьдралыг эхлүүлээгүй байж өөрийн биеийг ашиг хонжооны хэрэгсэл  болгож гадаадын гэр бүлд тээгч эх болж байна гэсэн асуудлууд их гардаг учир тээгч эхийг тодорхой зааж өгөх хэрэгтэй. Тээгч эхэд тавих шаардлагыг энэ хуулийн төсөлд заавал тусгах зарчмын үндэслэл нь эмэгтэй хүнийхээ хувьд эмэгтэйчүүдийг хамгаалхын тулд, тэдний эрүүл мэнд, амь насыг хамгаалахын тулд, тэдний биеийг зөвхөн хүүхэд төрөх, ашиг сонирхлын хонжоо олох хэрэгсэл гэж үзэхээс сэргийлэх, хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд хуульчилж өгөх нь зүйтэй гэж үзэж байна.

Харин УИХ-ын гишүүн О.Баасанхүү эсрэг байр суурьтай байсан юм. Тэрээр:

Тээгч эх гэдэг сэдэв дээр анхааралтай хандах ёстой гэж бодож байна. Нэг гэр бүлийн эхнэр нь төрөх боломжгүй байдлаас болоод хэн нэгний бие эрхтэнд эс суулгаад, ураг болгож авна гэж ойлгож байна. Гэтэл тэр тээж, төрүүлсэн ээж нь хүүхдийг өгөхгүй гэвэл яах вэ?

10 сар тээж, ангир уурагаа хөхүүлсэн л бол эх гэж явна.

Хэний хүүхэд байх нь хамаагүй. Ийм маргаантай байдаг учраас ихэнхи улс орон тээгч эхийг тийм байна, тэгж болно гэж заадаггүй.

Манайх шиг 3 сая хүрэхгүй иргэнд, тодруулбал хятад руу жирэмсэн гарчихаад хүүхэдгүй орж ирж байна гэсэн хүний эрхийн байгууллагын судалгаатай улс орон болчихоод байгаа өнөөгийн үед тээгч эхийн асуудлыг тавьж болохгүй.

Тодорхой хуулинд бололцоо байлаа ч гэсэн шууд эмэгтэй эхэд шалгуур тавьдаггүй. Энэ бол маш эмзэг асуудал. Ихэнхи улс орон энэ асуудлыг зөвшөөрдөггүй. Энэ бол ноцтой асуудал. Хүний наймаа л гэсэн үг.

Ядаж л тээгч эх ямар ч тохиолдолд татгалзах эрхтэй байх ёстой.

Цаад хүн нь татгалзаж байгаа бол үр хүүхдийг үрчилж авах тухай яриа гарч болно. Хоёр хүний эсийг нэг хүнд хийж, хүүхэд төрүүлчихээд, төрүүлсэн эхийг амьдын хагацалд оруулах зүйлийг хуулиар зөвшөөрнө гэдэг нь юу гэсэн үг вэ? Утаанаасаа салж чадаагүй улс орон донор мэт гүнзгий сэдэв рүү орох хэрэггүй. Ёс суртахуунаараа зохицуулаад ирсэн зүйлийг ёс суртахуунд нь үлдээсэн нь дээр. Мөнгөтэй, мөнгөгүй тухай яриа гарна. Хэн нь хэний хүүхэд болох тухай яриа гарна. Үрчлэлт гэдэг өөрөө эмзэг асуудал.

УИХ-ын гишүүн Н.Оюундарь тээгч эхийн талаар нарийн зохицуулалт хэрэгтэй ч энэ хуулинд оруулах боломжгүй гэсэн байр суурьтай байсан юм. Тэрээр:

Б.Саранчимэг гишүүний оруулж байгаа заалтыг энэ хуулинд хүлээж авах боломжгүй гэж би бодож байна. Энэ нь өөрөө тээгч эхийн зохицуулалт буюу нөхөн үржихүйн асуудлыг бид дараа дараагийн хуулиар явуулъя гэсэн ойлголтыг Засгийн газар, Байнгын хороо, Ажлын хэсэг дээр ойлголцсон. Нөхөн үржихүйн хууль өөрөө биологийн аав, ээжийн оролцоо, хүүхдийн бүртгэл зэрэг маш нарийн зохицуулалтыг оруулах учраас болгоомжтой хандах хэрэгтэй.