О.Баасанхүү: Эд эрхтний донорын тухай хууль дээр бид их болгоомжтой хандах ёстой
Өнөөдөр /2017.01.12/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Донорын тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Тухайн хэлэлцүүлгийн үеэр О.Баасанхүүгийн байр суурийг хүргэж байна.
Би эрхэм гишүүдийг нэг зүйлд анхаараасай гэж хүсэж байна. Энэ хууль маш буруу явж байгаа. Би буруу гэдгийг нь 13 дугаар заалтаар батална.
Тухайн заалт нь 25 насанд хүрсэн хүн өөрийнхөө эд эрхтний аль нэг хэсгийг өгмөөргүй байна гэсэн бичиг өгөх тухай байгаа юм.
Миний бодол болохоор өгмөөр байна гэсэн бичиг өгөх нь зөв. Аливаа донор бол өөрийнхөө өгөөмөр, энэрэнгүй сэтгэлээр тодорхой зүйлээ бусдадаа хандивлая гэсэн бичиг өгдөг.
Дэлхийн бусад улс оронд цусны болон эд эрхтний донор гэж хоёр тусдаа хууль байдаг. Цусны хууль бол хүмүүнлэгийн талдаа зөв хууль. Харин эд эрхтний хууль дээр бид их болгоомжтой хандах ёстой. Үр хүүхэдгүй хүмүүс өндгөн эсээрээ үр хүүхэдтэй болно гэдэг чинь өөрөө донорын нэг хэлбэр. Яг үүнтэй адил өөрийн элэг цөс бөөр, тархины үхжилттэй хүн бичиг цаасаар өнөөдөр юуг батлах юм?
Зорилго зорилтоо зөв тодорхойлолгүйгээр шууд энэ хууль руу орно гэдэг их ноцтой асуудал шүү.
Монгол 1990-ээд онд өчнөөн олон гудамжны хүүхдүүд алга болсноос өнөөдөр 70 гаруй нь олдохгүй байгаа. Өнөөдөр өчнөөн олон хүн хилээр бусдын тээгч эх гэсэн нэрээр гараад хүний наймаанд оролцоод явж байгаа. Тиймээс энэ хуулийг болгоомжтой гаргах ёстой гэж би яриад байгаа юм. Зорилго, зорилтоо тодорхойлж байж гаргах ёстой.
Гадны хууль нь дээр нэгэнт нас барах нь тодорхой бол шашны болон өөрийн итгэл үнэмшлээрээ өөрийн эд эрхтний аль нэг хэсгийг бусдад өгөхийг зөвшөөрч байна гэсэн бичиг өгөх ёстой байдаг.
Гэтэл та бүхэн болохоор өгөхгүй байхыг зөвшөөрч байна гэсэн бичиг аваагүй бол донор болгох гээд байгаа юм шиг ойлголтыг өгөөд байна. Тийм учраас энэ хуулийг ингэж салхины хурдаар шийдэж болохгүй ээ. Үүний ард маш ноцтой асуудал явж байна шүү гэдгийг би та нарт онцолж хэлж байна. Сайн тунгааж бодоорой. Цусны донор, эд эрхтний донор болон нөхөн үржихүйн донор гэсэн гурван зүйл байгаа шүү. Энэ гурав хуулиндаа холилдсон байгаад байна. Энэ бол маш аюултай гэдгийг би онцолж хэлээд байна. Тэгэхээр ядаж энэ гурваа ялгасан зорилго зорилт боловсруулаач ээ.