Л.Энх-Амгалан: Гол болгоомжлол бол донорын зөвшөөрлийн асуудал байгаа
Өнөөдөр /2017.01.12/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Донорын тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.
Энэхүү хэлэлцүүлэг дээр Л.Энх-Амгалан гишүүний хэлсэн үгийг хүргэж байна.
Донорын тухай хууль бол нийгэмд хүлээлт үүсгэсэн их чухал хууль.. Эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал анх 2006 оноос хойш хэрэгжиж эхэлсэн. Өнгөрсөн цаг хугацаанд нийт 160 элэг, бөөр шилжүүлэх мэс засал хийсэн.
Амжилттай хийгдсэн мэс заслын хувиараа Монгол улс дэлхийд дээгүүр ордог.
Хэрвээ эрх зүйн орчныг нь сайжруулаад өгчих юм бол илүү олон хүний амь насыг аврах боломж бүрдэнэ. Өнгөрсөн хугацаанд өөр улс уруу очиж элэг, бөөр шилжүүлэх мэс засал хийлгэсэн 300 гаруй Монгол иргэн байна гэсэн тоон судалгаа бий. Нийт зарцуулсан мөнгийг нь тооцоод үзвэл 120-130 мянган тэрбум төгрөг болж байгаа юм.
Цаашдаа бид эрхтэн шилжүүлэх мэс заслыг дотооддоо хийх юм бол гадаадад хийлгэснээ өртгөөс даруй 5-10 дахин бага хийх боломжтой.
Иргэдийн дунд байгаа гол болгоомжлол бол донорын зөвшөөрлийн асуудал буюу хууль бус эрхтний наймаа бий болох вий гэсэн айдас. Энэ асуудлуудыг зоихицуулах ёстой гэж бид байнгын хороо дээр нэлээдгүй ярилцсан.
Олон улсын хэмжээнд тухайн асуудлыг шийдвэрлэх хоёр арга зам байдаг. Манай Монголчуудын сэтгэл санаа, соёл, уламжлалд тохирч байгаа нь ар гэрийхэн нь зөвшөөрсөн тохиолдолд эрхтэнг нь авч ашиглах юм. Нөгөө талаар бидний хамгийн их анхаарч ажиллаж байгаа эрхтэн шилжүүлэн суулгах алба бий болгох. Ингэснээр эмч нарын ажил хөнгөрч зарим нэг хариулт нь тодорхойгүй асуултуудыг зохицуулсан чухал алхам болох юм байна.
Мөн надад хэдэн асуулт байна. Байнгын хороо дээр нэлээдгүй ярилцсан зөвшөөрөл өгөөгүй байхад донор болох тохиолдол гарч болзошгүй юм байна гэж ярилцсаны үндсэн дээр дахин харья гэж шийдсэн. Энэ асуудал ямархуу байдлаар зөв шийдэгдсэн бэ? Гэдгийг тодруулмаар байна.
Хоёрт гэвэл, Монголд жилд 16181 хүн зуурдаар нас бардгийн 4551 нь эмнэлэгт, 2421 нь осол гэмтлээр, зүрх судасны өвчнөөр 5000-5500 хүн тус тус бүртгэгдсэн байдаг. Эдгээр 16 мянган нас барагсдад цаашид олон, олон донор хэрэгтэй байгаа хүмүүст амьдрал бэлэглэх боломжийг олгох хуулийн зохицуулалтууд нээгдэж өгч байгаа юу?
УИХ-ын гишүүн Д.Гантулга хариулав
Л.Энх-Амгалан гишүүн бол байнгын хороо дээр ажлын хэсэн байгуулагдахаа авахуулаад энэ хуулийг маш их дэмжиж ажилласан гишүүдийн нэг. Үндсэндээ бидний хуулийн шинэчилсэн найруулгаар хийгдэж байгаа гол асуудал бол Татгалзаагүй бол донор болох бололцоотой гэсэн нэг, Зөвшөөрсөн тохиолдолд гэсэн хоёр олон улсын жишиг байна.
Бид байнгын хороо дээр хэлэлцээд нэг талыг нь баримтлах нь зүйтэй юм байна гэж шийдсэн.
Тэгээд донор өөрөө амьд сэрүүн байхдаа зөвшөөрсөн эсвэл хожим нь гэр бүл нь зөвшөөрсөн тохиолдолд донор болох боломжтой болно гэсэн шийдлийг бид сонгосон.
Энэ нь олон улсдаа хамгийн хүнлэг болоод бие даасан хэлбэр гэдгээрээ их үнэлэгддэг арга.
Түрүүн гадаадад эмчлүүлж байгаа иргэдийн талаар тоо баримт дурдсан. Энэ хууль батлагдсанаар бол Монгол улсад зөвхөн амьд донорын тухай биш тархины үхэлтэй донорын тухай асуудал яригдаж эхэлнэ. Цаашлаад амьгүй донороос эд эрхтэн авснаараа өөр нэг хүнийг эрсдэлд оруулах боломжийг бууруулах ийм эдийн засгийн болоод нийгэмд маш олон талаараа хэрэгцээтэй хууль болох юм.