Д.Оюунхорол: Гамшгийн байдалд байхад хуулийг 2019 оноос хэрэгжүүлж эхэлнэ гэж байж болохгүй
Өнөөдөр /2017.01.11/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Агаарын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Оюунхорол хуулийн хэрэгжих хугацааг 2019 оны 1 сарын 01-ээс гэж байгаа нь дэндүү тайвширсан хэрэг хэмээн онцолсон юм.
Тэрээр Өмнө нь сайдаар ажиллаж байхдаа тус хуулийн төслийг боловсруулж байсан бөгөөд хуулийг баталсан өдрөөс нь шууд хэрэгжүүлэх бүрэн боломжтой гэж үзэж байгаагаа хэлсэн юм. Уг хуулийн төслөөр Агаарын бохирдлыг бууруулах Засгийн газрын тусгай сан байгуулах юм.
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол
Хуулийн хэрэгжих хугацааг яагаад 2019.01.01 ээс хэрэгжиж эхлэхээр санал гаргаж байгааг ойлгохгүй байна.
Өнөөдөр агаарын бохирдлын асуудал гамшгийн хэмжээнд хүрчихсэн, нийгэм ийм их бухимдалтай, шийдвэрүүд ар араасаа хурдан гаргаач гэсэн хүлээлттэй байхад ингэж хойшлуулах шаардлагагүй. Агаар орчны бохирдлыг бууруулах Үндэсний хөтөлбөрийн хүрээнд ойрын хугацаанд хэрэгжүүлэх ажлынхаа төлөвлөгөөг гаргачихсан байгаа гэж байна. Тэгэхээр энэ бодлогынхоо хүрээнд хуулиа хэрэгжүүлэхийн тулд батлагдсан өдрөөс нь хэрэгжүүлэх ёстой гэж үзэж байна.
Санд мөнгө байхгүй байгаа шүү дээ. Тиймээс хуримтлал үүсгэх асуудлаа зохион байгуулахыг төрийн захиргааны байгууллагууд хийх шаардлагатай.
Ингэхгүй бол 2019 оны 01 сард энэ сан чинь мөнгөгүй, дахиад өнөөдрийн зүйлсээ яриад суух болно.
Энэ хуулийг Ж.Эрдэнэбатын засгийн газрыг үед өргөн барьсан. Энэ хуулийг 2018 оны төсвийн тухай хуультай хамт оруулаад ирж болох байсан юмаа. Энэ бол та бүхний ажлын алдаа шүү. 2019 оны 01 сарын 1 ээс хэрэгжүүлнэ гэж байгаа нь буруу. Бэлэн болчихсон байсан хуулиа хойшлуулчихаад өнөөдөр оруулж ирээд, ирэх онд хэрэгжүүлж явна гэж байгаа нь ярьж байгаа нь “Сэрүүн зүүд” шиг болно.