Д.Ганхуяг: Нефтийн асуудлыг нэг мөр шийдэх ёстой
2012.09.17

Д.Ганхуяг: Нефтийн асуудлыг нэг мөр шийдэх ёстой

Газрын тосны бүтээгдэхүүний салбарын өнөөгийн байдал, цаашид авах арга хэмээний талаар Засгийн газар хувийн хэвшлийнхэнтэй хамтарсан уулзалт ярилцлага өчигдөр Уул уурхайн яаманд боллоо. Энэхүү уулзалтад Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Р.Жигжид, Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал болоод нефть имплотлогч компаниудын төлөөлөл оролцлоо.

Манай орны хувьд нэг сая тонн гаруй бэлэн бүтээгдэхүүний хэрэглээтэй бөгөөд импортоос 100 хувь хамааралтай байдаг. Газрын тосны боловсруулах үйлдвэргүй, бүтээгдэхүүний нөөцийг хангалттай бүрдүүлээгүй, дотоодын зах зээлийн үнэ тогтворгүй, валютын ханш, хилийн импортын үнээс хамаарч эмзэг байгаа зэрэг нь улс орны нийгэм эдийн засгийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй байдаг. Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнэ бүрдэлтийн талаар хэдийгээр холбогдох арга хэмжээнүүд авч ирсэн боловч тэдгээр нь түр зуурын аргацаах төдий хэлбэрээр явж ирсэн тул Шинэчлэлийн Засгийн газрын зүгээс энэ асуудлыг нэг мөр шийдэх цаг нь ирээд байна.

Иймээс нефть бүтээгдэхүүний хангамж, нөөц, үнийн асуудлаар Та бүхэнтэй хамтдаа хэлэлцэн, асуудлыг шийдэх оновчтой гарцыг олж тогтоох, улмаар эдийн засгийн тогтвортой хөгжлийн нөхцөл суурийг баттай тавихад бодитой хувь нэмэрээ оруулах нь бид бүхний нийгмийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлага билээ” гэлээ.

Монгол Улсын автобензин, дизелийн түлшний жилийн хэрэглээ нэг сая орчим тонн байдаг аж. Гэвч нефтийн бүтээгдэхүүнээ гадаадаас 100 хувь импортлон авч байгаа нь эдийн засгийн хувьд хараат байдалд ороход ч сөргөөр нөлөөлж буй талтай. Тухайлбал, хойд хөрш нефтийн бүтээгдэхүүнийхээ экспортын татварыг нэмэгдүүлэх, экспортдоо хязгаарлалт тавихад Монгол Улс энэ төрлийн бүтээгдэхүүнийхээ хангалтыг хаанаас хийх вэ гэдэг эрсдэлтэй тулгардаг юм. Тиймээс дотооддоо нефтийн үйлдвэртэй болох нь хамгийн чухал гарц болж буй билээ. Гэхдээ дотооддоо нефть боловсруулах үйлдвэртэй боллоо гэхэд түүхий нефтийн нөөц хангалттай юу гэдэг асуудал чухлаар тавигдана. Хувийн хэвшлийнхэн болоод эрдэмтэн судлаачдын тайлбарласнаар бол нефть импортлогч орнуудтай харьцуулахад Монгол Улсын түүхий нефтийн нөөц тийм ч хангалттай биш аж. Энэ нь үйлдвэр байгууллаа гэхэд эргээд л түүхий эдийн гачигдалд орох аюултай юм байна. Гол гарц бол нүүрснээс нефтийн төрлийн бүтээгдэхүүн гаргах явдал гэж хувийн хэвшлийнхэн хэлж байна. Үүнд өртөг зардал нэлээд шаардна. Халгаад байвал ажил бүтэхгүй, төр хувийн хэвшил хамтраад зүтгэхэд болохгүй гэх зүйлгүй гэсэн саналыг нефть импортлогч компаниуд гаргаж байлаа.

Ямар ч байсан одоогоор Монголд Петрочайна Дачин Тамсаг ХХК болон Доншен газрын тос Монгол компани тус бүр газрын тос олборлож буй аж.  Олборлолт өнөөгийн байдлаар 425,9 мянган тонн-д хүрчээ.

Мөн газрын тосны бүтээгдэхүүн импортлох зөвшөөрөлтэй 17 аж ахуйн нэгж байдаг бол  бензин, шатахууны 300000 орчим тонны багтаамж бүхий 120 гаруй агуулахтай юм байна. Тиймээс дотооддоо нефтийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг болтлоо нөөц бүрдүүлэх талд анхаарах ёстой. Нөөц сайтай байсан цагт жижиглэнгийн үнэ ханшийг тогтвортой бариад байх бололцоотой. Ер нь төр нефтийн импортыг мэддэг байсан цагт үнэ ханшийг тогтворжуулна гэхээс илүүтэй яаж энэ төрлийн бүтээгдэхүүнээр дотоодоо хангах вэ гэдэг бэрхшээлтэй тулдаг байсан. Хаа очиж, хувийн хэвшлийнхэн нефтийн импортод хүч сорих болсноор хангалт сайжирсан гэх үг ч сонсогдсон юм.

Дашрамд сануулахад, хоёр тал энэхүү уулзалтыг сар тутам зохион байгуулж байх шийдэлд хүрлээ. Ингэхдээ дараагийн уулзалтаар хувийн хэвшлийнхэн нефтийн зах зээлийг хэрхэн шийдэх боломжтой талаарх саналаа тодорхой болгож ирэх үүрэг авлаа. 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.