Хүний эрхийг хамгаалагчийн эрхийг хамгаалах кампанит ажлыг эхлүүллээ
МҮЭ-ийн холбооноос хүний хөдөлмөрлөх эрхийг хамгаалагч ҮЭ-ийн сонгуульт ажилтны эрхийг хамгаалах хугацаагүй кампанит ажлыг энэ оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлүүлэхээр болсон талаараа МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар болон мэргэжил үйлдвэрлэлийн холбоодын дарга нар мэдээлэл хийлээ. Энэхүү кампанит ажлыг улсын хэмжээнд холбогдох байгууллагуудтай хамтран өрнүүлэх юм.
Үйлдвэрчний эвлэлийн гишүүд, сонгуульт ажилтныг хөдөлмөрлөх эрхийг хамгаалах, хөхиүлэн дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг тул хүний эрхийг хамгаалагч гэж тодорхойлдог. Мөн сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан нь хүний эрхийн зөрчлийн талаар сурвалжилж, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдээлж байдгаараа хүний эрхийг хамгаалагчийн үүргийг гүйцэтгэж байдаг байна.
Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн бүртгэлд 2016 оны байдлаар 18522 төрийн бус байгууллага, 2400 үйлдвэрчний эвлэлийн байгууллага бүртгүүлжээ. 2400 ҮЭ-ийн хороонд 11933 сонгуульт, идэвхтэн сонгуультан байна. Нийт бүртгэлтэй төрийн бус байгууллагаас 2300 гаруй төрийн бус байгууллага нийслэл болон аймаг, орон нутагт хүний эрхийн чиглэлээр ажиллаж байна.
“Үйлдвэрчний эвлэлийн байгууллагад ажиллаж буй хүний эрхийг хамгаалагчийн үйл ажиллагааны баталгаа” судалгаанд оролцогчдын 34 хувь нь үндсэн ажил үүргээ гүйцэтгэсэнтэй холбоотойгоор “бусдаас дарамт шахалт үзүүлдэг”, 28 хувь нь “ажлын байрны баталгаагүй болдог”, долоон хувь нь “хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулдаг, үр дүнгийн урамшууллаас хасдаг”, 31 хувь нь “хэл амаар доромжилж, ялгаварлан гадуурхдаг” гэж хариулсан байна. Түүнчлэн тэдний ажлыг үл ойшоох хандлага гаргах, үйлдвэрчний эвлэлийн хороог тараах оролдлого гаргадаг байна. Тухайлбал, ажил олгогч ялгаварлан гадуурхалт, дарамт үзүүлдэг, жагсаал, цуглаан хийхэд саад учруулдаг, шийдвэр гаргахад ямар нэгэн байдлаар нөлөөлдөг, сонгуульт ажилтны үйл ажиллагааг ойлгож, дэмждэггүй зэрэг бэрхшээл олонтаа тохиолддогийг тэмдэглэжээ.
Ажил олгогчид үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцдог, гишүүдийн татварыг дураараа захиран зарцуулахыг шаарддаг, зарим сонгуульт ажилтан байгууллагын удирдлагын нөлөөнд автдаг зэргээс үйлдвэрчний эвлэлийн байгууллага хараат бусаар ажиллах боломж алдагддаг байна.
“Үйлдвэрчний эвлэлийн байгууллагад ажиллаж буй хүний эрхийг хамгаалагчийн үйл ажиллагааны баталгаа” судалгаанд хамрагдагсдын 12.8 хувь нь сонгуульт үүрэгтэй холбогдуулан сахилгын шийтгэл ногдуулсан талаар санал асуулгад дурджээ. Мөн захиргааны санаачилгаар ажлаас халах, өөр ажил албан тушаалд шилжүүлэн албан тушаал бууруулах, цалин хөлс бууруулах зэргээр хөдөлмөрлөх эрхийг зөрчдөг гэв. Түүнчлэн судалгаанд хамрагдагсдын 32.8 хувь нь ажлаасаа халагдсан боловч ямар нэгэн тушаал шийдвэр гаргахгүй удсанаар дараагийн ажилд орох нөхцөл боломжийг хааж байсан гэж хариулжээ. Ийнхүү ажил олгогч байгууллагын удирдах албан тушаалтан, захиргааны албан хаагчид үйлдвэрчний эвлэлийн гишүүд, сонгуульт ажилтны ажлын бүтээмжийг шударга бусаар үнэлдэг, ялгаварладаг нь хамгийн нийтлэг саад бэрхшээл болдог байна.