Бусдыг амиа хорлоход хүргэх гэмт хэргийн эрүүгийн эрх зүйн зохицуулалт
10.1. 2002 оны Эрүүгийн хуулийн 95 дугаар зүйл. Бусдыг амиа хорлоход хүргэх
Бусдыг амиа хорлоход хүргэсэн гэмт хэргийн шалтгаан нөхцөл, нөлөөлөл болон 2002 оны Эрүүгийн хууль, 2015 оны Эрүүгийн хууль дахь зохицуулалт, давуу болон сөрөг тал, ялгаатай шинжид дүгнэлт хийлээ.
2002 оны Эрүүгийн хуулийн 95 дугаар зүйл. Бусдыг амиа хорлоход хүргэх
95.1.Эд хөрөнгө, албан тушаалын болон өөр байдлаар эрхшээлдээ байгаа болон өөр бусад хүмүүстэй харгис хэрцгий харьцсан буюу нэр төр, алдар хүндийг нь байнга гутаан доромжилсны улмаас хохирогч амиа хорлосон бол хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд бусдыг амиа хорлох нөхцөл байдалд хүргэж буй этгээд амь хохирогчтой харгис хэрцгий хандсан, нэр төр алдар хүндийг нь гутаасан, доромжилсон идэвхитэй үйлдэл хийсэн, энэ үйлдэлдээ шууд санаатай хандсан байхыг шаардсан нь шууд санаатай үйлдэгддэг гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Шүүхээс дээрх төрлийн гэмт хэргийг шийдвэрлэж буй байдалд дүгнэлт хийхэд бусдыг амиа хорлоход хүргэж буй этгээдээс байнгын бие махбодийн хүчирхийлэл үйлдсэн, харгис хэрцгий хандсан, гэр бүлийн хүчирхийлэл, удаан хугацааны туршид гэр бүлд тогтсон "хэвшил” байх эсхүл нэр, төр алдар хүндийг нь байнга гутаан доромжилсон, хохирогч энэ идэвхитэй үйлдлийн улмаас амьд явах хүсэлгүй болсны улмаас өөрийнхөө амийг хорлох бүхий л аргыг хэрэглэсэн байхыг шаардаж байна.[1]
Хуулийн зохицуулалт дахь "харгис хэрцгий хандсан” гэсэн нөхцөл нь Улсын Дээд Шүүхийн тайлбарласнаар "Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг /тарчлаах, бие махбодид нь гэмтэл учруулах г.м/ үйлдэх болон бусад хэлбэрээр /хүнийг хууль бусаар хорих, сэтгэцийн эмгэг судлалын эмнэлэгт хууль бусаар байлгах, бэлгийн хүчирхийлэлд оруулах, өлсгөх, цангаах, орон гэрээс нь хөөх г.м/ илэрнэ” гэжээ.
Уг тайлбар нь илтэд шууд санаатай хүч хэрэглэсэн үйлдэл шаардаж байгаа бөгөөд "гэх мэт”-ээр үйлдэл, хэлбэрийг тодорхой бус томъёолсон байна. Тухайлбал сэтгэл зүйн хүчирхийлэл буюу субъектив шинжтэй "сэтгэхүйн тарчлаалт”, санхүүгийн хувьд бүрэн хараат болгож, хүний бие даасан байх шинжийг субъектив буюу эс үйлдэхүйгээр үгүй хийж, амьд явах хүсэл эрмэлзэлгүй, сэтгэл гутралын байдалд оруулж буй тохиолдлууд, онцгойлон өсвөр насны хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчаас бүх талаараа хараат байгаа нөхцөл байдалд хүүхдийг хайр халамжаар дутааж, тэднийг үл ойшоох, үл итгэх, гэр бүлийн салалтаас шалтгаалсан сэтгэл зүйн хямралаас үүдэлтэй амиа хорлосон тохиолдлуудад амь хохирогчийг үхэлд хүргэсэн үйлчлэл зөвхөн гадны нөлөөтэй эсэхийг тогтоосноор хязгаарлагдаж байна. Жишээ нь:
Судалгааны 6.2 дахь хэсэгт судлагдсан "Тохиолдол: 1”-д дүгнэлт хийвэл 13 настай хүүг хөл бөмбөгийн тэмцээнээс хассан биеийн тамирын багшийн шударга бус шийдвэр нь хүүгийн сэтгэл зүйд хүндээр нөлөөлж, тулгамдаж буй асуудлыг хэрхэн шийдвэрлэх гарцаа олж чадахгүйн улмаас сэтгэл гутралд орж, амиа хорлосон байна. Өөрөөр хэлбэл багшийн шударга бус шийдвэр гаргасан эс үйлдэхүй нь хүүг амиа хорлоход хүргэжээ.[2]
Судалгааны 6.2 дахь хэсэгт судлагдсан "Тохиолдол: 10”-д дүгнэлт хийвэл өсвөр насны хүүхэдтэйгээ ээж нь сэтгэл зүй, биемахбодийн хувьд зүй бус харьцаж байсан. 15 настай охин ангийн багшдаа ээжийнхээ зүй бус харьцаа, сэтгэл зүйн зовиур шаналалын талаар хэлсээр атал асуудлыг хэрхэн шийдвэрлэх, сэтгэл гутралыг хэрхэн даван туулах талаар зөвлөж, туслаагүй, ямар нэгэн арга хэмжээ аваагүйн улмаас амиа хорлосон байх магадлалтай. Дээрх тохиолдолд ээж нь охиноо зодож хутгаар гарыг нь зүссэн бодит үйлдэл нь "харгис хэрцгий” шинжийг агуулж байна.[3]
Тусламж хүсч багшдаа хандсан 15 настай охины гэр бүл дэх хүчирхийллийн талаар зохих байгууллагад мэдэгдээгүй эс үйлдэхүй буюу охиныг зодсон ээжтэй нь хамт цагдаагийн байгууллага руу явуулсан шийдвэр нь охиныг амиа хорлоход хүргэсэн шууд бус нөлөөлөл гэж үзэхээр байна.
Эцэг, эх нь архинаас хамааралтай, охиндоо анхаарал тавьдаггүй, аав ээжийгээ архи уухгүй байхыг байнга гуйдаг байсан боловч тоодоггүй зэрэг байдлаас 16 настай охин өөрийгөө боомилж нас барсан тохиолдолд дүгнэлт хийхэд эцэг, эх нь охиндоо тавих анхаарал халамж дутмаг, охиныхоо хүсэл мөрөөдөл, эцэг эхээ хайрлах сэтгэл, тэднээс хүссэн хайр халамжыг ойлголгүй, хүүхдийнхээ хэлсэн үгийг үл ойшоон түүнтэй ярилцдаггүй байсан зэрэг эс үйлдэхүй нь охиныг амиа хорлоход хүргэсэн.
Хуулийн "нэр төр, алдар хүндийг нь байнга гутаан доромжилсны улмаас” гэсэн нөхцөл нь өсвөр насны амь хохирогчийн сэтгэл зүйн нөхцөл байдлыг тодорхойлоход нийцэхгүй болох нь түүврийн аргаар хэрэг унших явцад ажиглагдаж байлаа.
Сэтгэл зүйн хувьд төлөвшөөгүй, эцэг, эх, асран хамгаалагч эсхүл эдийн засаг, бие махбодь, бусад нөхцөл байдлын улмаас бусдаас хараат байдалд байгаа нөхцөлд өөрийгөө илэрхийлэх чадваргүй, боломжгүй өөрийгөө хамгаалах эрх зүйн бүрэн чадамжгүй нэр төр, алдар хүнд гэдэг үгний утгыг бүрэн ойлгохгүй өсвөр насны хүүхдийн хувьд тухайн цаг мөчид сэтгэл зүйд хүндээр тусах үг, доромжлолыг мэдрүүлснээр амь хохирогч амиа хорлох тохиолдолд бусдыг доромжилж, нэр төрд нь халдсан ч "байнга” гэсэн шинжийг агуулахгүй нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болохгүй.
10.2. Шинээр батлагдсан Эрүүгийн хууль дахь зохицуулалт
10.4 дүгээр зүйл. Хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх
1.Эд хөрөнгө, албан тушаал, гэр бүлийн хамаарал бүхий харилцаа, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгаа хүнийг байнга хүчирхийлсэн, доромжилсон, зодсон, тамлан зовоосон, айлган сүрдүүлсний улмаас амиа хорлоход гарцаагүй хүргэсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Тайлбар: -Энэ хуульд заасан "гэр бүлийн хамаарал бүхий харилцаа” гэж гэр бүлийн гишүүд, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаа, гэрлэлт нь цуцлагдсан, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаад больсон хүн, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, асрамжийн үйлчилгээ үзүүлж байгаа хүн, тэдгээрийн асрамжид байгаа хүмүүсийн хоорондын харилцааг ойлгоно.
Шинээр батлагдсан Эрүүгийн хуульд бусдыг амиа хорлоход хүргэх гэмт хэргийн объектив, субъектив шинжийг илүү тодорхойлж өгчээ. Амь хохирогчийн бусдаас хараат байж болох нөхцлийг тодорхой тусгаснаар объектив шинжийг мөрдөн байцаалтын шатанд тогтоох боломжтой болох нь харагдаж байна. Хуульд заасан объектив үйлдлүүд бүгд "байнга” хийгдсэн байхыг шаардаж байгаа нь зарим тохиолдолд ялангуяа өвчний улмаас бусдын эрхшээлд байгаа эсхүл өсвөр насны хүүхэд нэг удаагийн ноцтой үйлдэл, доромжлолын улмаас амиа хорлоход хүргэсэн гэмт хэргийг шалгаж, тогтооход хүндрэл учруулж болзошгүй байдлыг бий болгохоор байна.
Сэтгэл зүйн хувьд төлөвшөөгүй, эцэг, эх, асран хамгаалагчаас эсхүл эдийн засаг, бие махбодийн хувьд бусдаас бүрэн хараат байдалд байгаа нөхцөлд өөрийгөө илэрхийлэх чадваргүй, боломжгүй, өөрийгөө хамгаалах эрх зүйн бүрэн чадамжгүй хүний /нэр төр, алдар хүнд гэдэг үгний утгыг бүрэн ойлгохгүй өсвөр насны хүүхэд/ хувьд тухайн цаг мөчид сэтгэл зүйд хүндээр тусах үг, доромжлолыг мэдрүүлсний улмаас амиа хорлосон тохиолдолд бусдыг доромжилж нэр төрд нь халдсан байсан ч "байнга”гэсэн шинжийг агуулаагүй нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болохгүй байна.
Бусдыг амиа хорлоход "гарцаагүй” хүргэсэн байх шинжийг хэрхэн ойлгон, шалгаж тогтоох нь тодорхойгүй байгаа бөгөөд амь хохирогчийн хувьд тухайн нөхцөлд хийсэн үйлдэл нь тухайн амь хохирогчийн хувьд гарцаагүй байсан гэдгийг тогтооход бэрхшээлтэй байна.
Эрүүгийн эрх зүйд гарцаагүй байдлыг тодорхойлохдоо аюулыг өөр арга замаар зайлуулах боломжгүй үед хийсэн үйлдлийг ойлгодог. Өөрөөр хэлвэл Эрүүгийн хуулиар хамгаалагдсан төр, нийгмийн ашиг сонирхол, өөрийн болон бусдын эрх, эрх чөлөөнд аюул заналхийлсэн; тэрхүү аюул нь байгалийн үзэгдэл, хүний биеийн физиологи үйлдэл, машин механизмын болон үйлдвэрлэлийнүйл явц, аргагүйхамгаалалтын нөхцөлд хамаарахгүй, хүний гэмт үйлажиллагаа болон бусаднийгэмд аюултай үйл явдлаас эх сурвалжтай, тулгарсан аюул бодитой байна. Тулгарсан аюулыг гэм хоручруулахгүйгээр (өөр аргаар) зайлуулах боломжгүй, учруулсан хохирол нь учирч болох байсан хохирлоос бага байхыг шаарддаг. [4]
Хуулийн дээрх тодорхойлолтоос үзвэл амиа хорлох гэж буй хүний "гарцаагүй байдал”нь тухайн хүний хувьд үүнээс өөр үйлдэл хийх боломжгүй нөхцөлд орсон байхыг шаардаж байна. Удаан хугацааны туршид гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн, доромжлогдсны улмаас амиа хорлосон нь "гарцаагүй байдал” эсхүл "сэтгэл зүйн хувьд уг үйлдлийг даван туулах чадваргүй болсон нөхцөл” байсан эсэхийг эрх зүйн онолын үүднээс тайлбарлах уу эсхүл сэтгэл зүйн талаас тайлбарлах уу гэдэг нь тодорхойгүй байна.
Өсвөр насны хүүхэд өөрт тулгарсан дарамт, доромжлол, сэтгэл зүйн гутрал, тогтвортой бус байдал зэргийг өөр аргаар даван туулах боломжтойг ойлгох, мэдэх чадваргүй субъект юм. Амь хохирогч тухайн нөхцөлд амиа хорлох гарцаагүй байдалд орсон гэж ойлгосон субъектив шинжийг амь хохирогчийн зүгээс үү эсхүл тухайн тохиолдлыг шалгаж байгаа субъектийн зүгээс тодорхойлох уу гэдэг нь маргаантай.
Бусдыг амиа хорлоход хүргэж буй гэмт хэрэг нь шууд бусаар бусдыг "үхлийг өөрөө сонгох”-д хүргэж буй хэрэг бөгөөд амь хохирогчийн үхэлд шууд болон шууд бус санаагаар хандсан гэм буруутай үйлдэл юм. Бусад төрлийн гэмт хэрэгтэй харьцуулвал шалгаж тогтооход хамгийн хүндрэлтэй хэргийн нэг бөгөөд ялангуяа амь хохирогч өсвөр насны, өвчний улмаас бусдын эрхшээлд байсан бол уг тохиолдлыг нийтлэг аргаар шалгах нь учир дутагдалтай байгаа нь судалгааны явцад ажиглагдлаа.
Иймд дээрх тохиолдлуудад зайлшгүй шалгаж тогтоох талаар аргачилал боловсруулах, онцгой тохиолдолд зайлшгүй шалгаж тогтоовол зохих зүйлийн талаар холбогдох газруудад ажлын чиглэл, зөвлөмж хүргүүлэх шаардлагатай байна.
Амиа хорлосон тохиолдол бүрт хувь хүний төлөвшил, зан төлөв, сэтгэл зүйн байдлыг бүрэн шалгасны үндсэн дээр сэтгэцийн дүгнэлт гаргуулж байх нь амь хохирогч тухайн нөхцөлд сэтгэцийн хувьд хийсэн үйлдлээ бүрэн ухамсарлаж чадах боломжтой байсан эсэхийг тогтооход ач холбогдолтой юм. Хэрэв амь хохирогч сэтгэхүйн хувьд үйлдлээ бүрэн ухамсарлах боломжгүй байсан нь тогтоогдвол түүний амиа хорлосон нь "гарцаагүй байдалд” хийгдсэн эсэхийг батлах эсхүл үгүйсгэх нотолгоо болно.
[1]Дүүргийн Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол №045, 2012-01-24, Сум дундын Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол №063, 2012-07-26, Сум дундын Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол №165, 2012-08-14, Сум дундын Анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол №13, 2013-01-07, Сум дундын Анхан шатны 4 дүгээр шүүхийн шийтгэх тогтоол №62, 2013-07-15, Сум дундын Анхан шатны 2 дугаар шүүхийн шийтгэх тогтоол №045, 2014-06-26, Сум дундын Анхан шатны 4 дүгээр шүүхийн шийтгэх тогтоол №062, 2014-07-16, Сум дундын Анхан шатны 4 дүгээр шүүхийн шийтгэх тогтоол №053, 2014-06-30, Сум дундын Анхан шатны 28 дугаар шүүхийн шийтгэх тогтоол №83, 2014-09-18, Сум дундын Анхан шатны 27 дугаар шүүхийн шийтгэх тогтоол №00190, 2014-10-06, Сум дундын Анхан шатны 27 дугаар шүүхийн шийтгэх тогтоол №00217, 2014-11-25 , Дүүргийн эрүүгийн хэргийн Анхан шатны 2 дугаар шүүхийн шийтгэх тогтоол № 173, 2015-02-09, Дүүргийн эрүүгийн хэргийн Анхан шатны 1 дүгаар шүүхийн шийтгэх тогтоол №757, 2015-06-08, Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн магадлал №039, 2012-10-04, Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн магадлал №70, 2012-11-07, Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн магадлал №04, 2013-02-20, Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны 7 дугаар шүүхийн магдлал №93, 2014-10-01, Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны 7 дугаар шүүхийн магадлал №103, 2014-10-15, Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны 6 дугаар шүүхийн магадлал №98, 2014-11-12, Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны 8 дугаар шүүхийн магадлал №00004, 2015-01-14, Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны 1 дүгээр шүүхийн магадлал №40, 2015-03-03, Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны 7 дугаар шүүхийн магадлал № 15, 2015-03-04; Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны 10 дугаар шүүхийн магадлал № 520, 2015-06-30, Эрүүгийн хэргийн Хяналтын шатны шүүх хуралдааны тогтоол №832, 2012-12-19, Эрүүгийн хэргийн Хяналтын шатны шүүх хуралдааны тогтоол №152, 2015-05-13, Эрүүгийн хэргийн Хяналтын шатны шүүх хуралдааны тогтоол №169, 2015-05-29, Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол №080, 2016-05-19, Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол №143, 2016-04-29, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол №771, 2015-07-27, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн тогтоол №727, 2015-09-24, Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол №131, 2015-11-11, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шийтгэх тогтоол, №757, 2015-06-08
[2] "Монгол улсын хүн амын дундахь амиа хорлох тохиолдлын суурь судалгаа” 2017 он, 73 дугаар тал
[3]"Монгол улсын хүн амын дундахь амиа хорлох тохиолдлын суурь судалгаа” 2017 он, 77 дугаар тал
[4] С.Нарангэрэл, Г.Эрдэнэбат, "Эрүүгийн эрх зүй” гарын авлага, 2007, 114 дүгээр тал