Монголын Эмнести Интернэшнл ТББ-ын үйл ажиллагаатай ОУХНУС-ийн оюутнууд танилцлаа
2017.11.15

Монголын Эмнести Интернэшнл ТББ-ын үйл ажиллагаатай ОУХНУС-ийн оюутнууд танилцлаа

2017 оны ОУХНУС-ийн оюутнууд бид Д.Оюунсүрэн багшийн заадаг “Олон улсын байгууллага, олон талт яриа хэлэлцээ” хичээлийн хүрээнд Монголын Эмнести Интернэшил (Amnesty International Mongolia) олон улсын байгууллагатай танилцлаа. Тус байгууллагын эрхэм зорилго нь Хүний эрхийн түгээмэл тунхаглал болон бусад хүний эрхийн баримт бичгээр баталгаажсан бүх эрхийг хүн бүрт эдлүүлэх явдал юм.

1961 онд Их Британий өмгөөлөгч Петер Бененсоны үндэслэн байгуулсан уг байгууллага өнөөдөр дэлхийн 150 гаруй оронд салбартай, 7 сая гаруй гишүүд дэмжигчтэй, хүний эрхийн зөрчлийг таслан зогсоохын төлөө дэлхий даяар компанит ажил өрнүүлдэг олон улсын хүний эрхийн хөдөлгөөн болон өргөжөөд байна. НҮБ-ын Хүний эрхийн шагнал, Нобелийн энх тайвны шагналыг тус тус хүртсэн энэхүү байгууллагын Монгол улс дахь салбар 1994 онд байгуулагдсан бөгөөд хүний эрхийн төлөө дэлхий дахины компанит ажилд оролцохоос гадна өөрийн орондоо хүний эрхийн боловсролын чиглэлээр тухайлбал бүх шатны сургууль, боловсролын хөтөлбөрт хүний эрхийн талаарх мэдээллийг тусгах, олон улсын хүний эрхийн хэм хэмжээг таниулах, гэрээ конвенцийг батлуулах, дэлхийн улс орнуудын болон өөрийн орны хүний эрхийн талаарх мэдээ мэдээллийг орчуулж түгээх чиглэлээр ажилладаг.

Монголын Эмнести Интернешнл нь Чуулган, Хяналтын зөвлөл, Гүйцэтгэх товчоо гэсэн бүтэцтэй бөгөөд Залуучуудын, Сурагчдын, Багш нарын, Хуульчдын, Сэтгүүлчдийн, Эмч нарын, Үйлдвэрчний эвлэлийн, Урлагийн, Чөлөөт, Оюутны, Эрэгтэйчүүдийн, Эмэгтэйчүүдийн, Дарханы, Эрдэнэтийн, Багануурын, Архангайн зэрэг олон бүлгээс бүрддэг.

Монголын Эмнести Интернэшнл байгууллага нь санхүүжилтийн эх үүсвэрээ сан арвижуулах орлого, гишүүний татвар, ерөнхий санхүүжилт гэсэн эх үүсвэрээс бүрдүүлдэг. Хүн бүр өгөөмөр дэмжигч болж хүний эрхэд хувь нэмрээ оруулах боломжтой. Гишүүдийн татварын хувьд оюутан улирлын 2500 төгрөг, жилээр 10000 төгрөг, сурагч улирлын 1000 төгрөг, жилээр 4000 төгрөг, ажил эрхлэгч улирлын 5000 төгрөг, жилээр 20000 төгрөгний татвар төлж  гишүүнчлэлийн эрхээ баталгаажуулна.  Эмнести интернэшнл нь  ашгийн төлөө бус цэвэр сайн дурын  байгууллага юм.

Даяаршлын эрин үед тус байгууллагын бодлогод томоохон өөрчлөлт орсныг тэмдэглэх нь мөн зүйтэй. Тухайлбал, эдийн засаг, нийгэм, соёлын эрхийг багтаасан үйл ажиллагааны цар хүрээ Монголд улам ихээр өргөжиж байна.

Мөн хүний эрхийг хамгаалахын төлөө ажилладаг тус байгууллагын ажилчдыг үл хүндэтгэх, хорих, халдах зэрэг хэрэг олон газарт гарсаар байгаа нь тун харамсалтай. Жишээлбэл , 2017 оны 7-р сард  Турк улсад хүний эрхийн хамгаалагч нар, түүний дотор Туркийн Эмнести Интернэшнл байгууллагын захирал Идил Эсер нарыг хүний эрхийн бага хурлын үеэр баривчилж хорьсон. Тэднийг террорист байгууллагыг дэмжиж байсан гэж гүтгэсэн бөгөөд Эмнести Интернэшнлийг дэмжигч мянга мянган хүмүүсийн эсэргүүцлийн үр дүнд саяхан сулласан юм. Байгууллагын ажилтнуудыг хамгаалах арга хэмжээ өмнө нь идэвхтэй авдаггүй байсан бол энэ жилээс харьцангүй ихээр анхаарах болсон.


Бид Монголын Эмнести Интернешнл байгууллагын үйл ажиллагаатай танилцах үеэрээ тус байгууллагын гүйцэтгэх захирал Б.Алтантуяатай товчхон яриа өрнүүлсэн юм:

-Сайн байна уу? Та Монголын Эмнести Интэрнешнлийн явуулж буй гол үйл ажиллагааны талаар бидэнтэй хуваалцана уу.

-Монголын Эмнести Интернэшнл байгууллагаас 2005-2006 онд “Хүний амьд явах эрх ба цаазаар авах ял Монголд” сэдэвт түүхэн тойм бичих, тандалтын судалгааг амжилттай хийсэн. Цуцалтгүй явсны үр дүнд 2017 онд Монгол улс цаазаар авах ялыг халсан. Монгол улс 2000 онд Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцид нэгдэн орж соёрхон батлахад манай байгууллага ихээхэн үүрэг гүйцэтгэсэн.

-Энэ байгууллага сайн дурын үндсэн дээр бий болсон. Монгол залуучууд хэр идэвхтэй дэмжлэг үзүүлдэг вэ?

-Залуучуудын санаа бодол хүсэл сонирхолыг тусгаж чадаагүй аливаа нийгэм, байгууллага төгс ардчилсан байж чадахгүй. Тэр тусмаа манайх шиг залуучуудын орны хувьд залуучуудыг өөрсдийн үйл ажиллагаандаа  татан оролцуулж, хамтран ажиллах нь бид бүхний ойрын болоод хэтийн төлөвлөгөөний чухал хэсэг гэж үздэг учир залуу үеэ дэмжин ажилладаг.Үүний нэг жишээ нь Монголын Эмнести Интернэшнл байгууллага оюутан залуучуудаа хүний эрхийн үйлст манлайлах явдлыг нь дэмжих зорилгоор манлайллын сургалт явуулж сертификат олгодог.

-Өнөөгийн Монголын нийгэмд цахим сүлжээ маш чухал байр суурь эзэлж байна. Цахим сүлжээний талаар бодлоо хуваалцана уу.

-Цахим орчинд мэдээлэл, үйл ажиллагаа,тулгамдаж буй асуудал зэргийг тогтмол нийтлэх нь өнөө үеийн бидний  мэдээлэл авах нэг хэлбэр болсон. Үүний адил Эмнести Интернэшнл нь цахим хаягаараа түргэн шуурхай мэдээллийг бидэнд хүргэдэг ба  энэ нь хүний эрхийн боловсрол гэж юу болох, хэрхэн эрхээ хамгаалах, бид нийгмийг өөрчилж чадна гэсэн хандлагыг түгээж байна. Бид цахим сүлжээг илүү боловсрол тал руугаа болгох зорилготой байгаа. Хүний эрхийн боловсрол олгох бүх төрлийн үйл ажилагааг, цахим хэлбэрээр зохион байгуулж “цахим сургалтын талбар”  үүсгэж байна.

-Баярлалаа. Танд болон Эмнести Интэрнешнлийн хамт олонд амжилтын дээдийг хүсье.

-Баярлалаа. Оюутан та бүхэндээ сурлагын амжилт хүсч, хүн бүхэнд манай байгууллага нээлттэй бөгөөд хүний эрх, шударга ёсыг түгээж өөрийн зүгээс бага ч болов хувь нэмэр оруулаарай гэж уриалмаар байна.

Б.Маралмаа, Б.Хонгорзул, А.Уянболор, Э.Энхжин, Э.Энхлэн, С.Энхтуул

Эх сурвалж: num.edu.mn