Х.Амгаланбаатар УЦТС, III, IV дулааны цахилгаан станцын үйл ажиллагаатай танилцлаа
2017.11.16

Х.Амгаланбаатар УЦТС, III, IV дулааны цахилгаан станцын үйл ажиллагаатай танилцлаа

МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар улиран сонгогдсноос хойшхи ажлын анхны томилолтоо Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК, IIIIV дулааны цахилгаан станцын үйл ажиллагаатай танилцсанаар эхлүүллээ. МҮЭ-ийн холбооны удирдлагууд анхан шатны ҮЭ-ийн холбоодын үйл ажиллагаатай танилцаж, гишүүдийнхээ өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх үүднээс уулзалтуудыг тогтмол зохион байгуулж байхаар болсон юм.

Түмэн олноо илч дулаанаар тасралтгүй хангах үүрэгтэй Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК, III, IV дулааны цахилгаан станцын хувьд ҮЭ-ийн 100 хувийн гишүүнчлэлтэй байгууллага юм. Ажилчдынхаа нийгмийн баталгааг хангах чиглэлээр орон сууц, хүүхдийн цэцэрлэг барьж ашиглалтанд оруулсан байна.

Улс орны эдийн засаг хүндрэлтэй байгаа хэдий ч ажилчдынхаа нийгмийн баталгааг хангах үүднээс ирэх онд цалин нэмэх асуудлыг судалж үзэж байгаа талаараа удирдлагууд нь танилцууллаа.

МҮЭ-ийн ерөнхийлөгч Х.Амгаланбаатар ажил хөдөлмөрийнхөө гараагаа эхлүүлж байсан дулааны цахилгаан станцын хамт олонтой уулзаж байгаадаа баяртай байгаагаа энэ үеэр илэрхийлээд МҮЭ-ийн холбооны XXII Их хурлаар ирэх 13 жилийн хөгжлийн зорилтоо баталж эрх зүйн орчны хэм хэмжээг шинэчилэн баталсан талаар танилцууллаа.

Дулааны цахилгаан станцын ажилчдын хувьд хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилладаг. Иймд Засгийн газар ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт тусгагдсан тэтгэврийн насыг нэмэгдүүлэх асуудлыг дахин судалж нааштай шийдвэр гаргана гэдэгт итгэж буйгаа Х.Амгаланбаатар илэрхийллээ. МҮЭ-ийн холбооноос энэ асуудал хөндөгдөж эхэлсэн цагаас хойш УИХ, Засгийн газарт шаардлага, мэдэгдэл хүргүүлж байсан юм.