Туслахаас гишүүн болж чадсан Ж.Сүхбаатар
2010.05.13

Туслахаас гишүүн болж чадсан Ж.Сүхбаатар

УИХ- ын гишүүний туслахаар ажлынхаа гарааг эхэлсэн парламентын гишүүн бол Ж.Сүхбаатар. Их сургуулиа төгсөөд улс төрд хариуцлагатай албан тушаал хашиж эхэлсэн нь өнөөдрийн парламентад орох түүний гүүр болжээ.Тэрээр УИХ-ын 76 гишүүний хамгийн залуу нь буюу 35 настай юм. МУИС-ийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. Сургуулийнхаа шилдэг нь байсан оюутан их сургуульдаа багшаар үлдэх, багшийнхаа тавьсан саналаар УИХ-ын гишүүний туслахаар ажиллах гэсэн хоёр сонголттой тулжээ. Ж.Сүхбаатар хоёр дахь хувилбарыг сонгож 1997-1999 оны парламентын гишүүн С.Төмөр агсны туслахаар ажлын гараагаа эхлүүлсэн байна. Оюутны ширээнээс гарахдаа багш биш туслахын ажил сонгосон нь оносон бололтой.

10 жилийн өмнө туслах болж байсан бол өдгөө хууль тогтоолцоод сууж байна.Тэрээр гишүүн болтлоо 12 жил төрийн албанд тасралтгүй ажиллажээ. УИХ дахь МАХН-ын бүлгийн ажлын албанд хуулийн бодлогын зөвлөхөөр ажиллаж байгаад 2001-2006 онд Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн, Нарийн бичгийн даргаар ажилласан намтар байна.Ж.Сүхбаатар 2008 онд УИХ-д нэр дэвшихийн өмнө Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга байсан. Мөн СЕХ-ны гишүүний нэг байлаа. Улс төрд эргэн орж, намын гишүүнчлэлээ сэргээн МАХН-аас нэр дэвшихээр болсон юм. Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар Дархан-Уул аймгаас МАХН-д хоёр суудал олдсоны нэг нь Ж.Сүхбаатарынх байлаа. Дарханд төрж өссөн, 10 жилийн боловсрол эзэмшсэн нутгийн унаган хүүд дарханчууд итгэсэн хэрэг.2008 оны зун УИХ-д олон шинэ гишүүн орж ирсний нэг нь тэр байв. Тэрээр нэр цэвэр, бие даасан, өөрийн бодолтой байхыг эр-хэмлэдэг, амьдралынхаа зарчмаа болгодог гэсэн. Энэ парламентын гишүүд анхны цагаан сараар нүсэр золголт хийж байв. Тэгэхэд Ж.Сүхбаатар хамгийн залуу нь болохоор ах, эгч нартаа золгох ажил нэмэгдсэн юм.

Сүүлийн үед гурван үйл явдал түүний улс төрийн карьерт оноо нэмж байгаа. УИХ-ын сонгуулийн тухай хууль, авилгын эсрэг бүлэг, Ц.Нямдорж сайдтай толхилцсон явдал. Үе тэнгийн хоёр гишүүнтэй нийлж авилгын эсрэг бүлэг байгуулж ах нарынхаа дургүй, зэвүү хоёрыг зэрэг хүргээд амжсан. Ямар сайндаа л Хууль зүй, дотоод хэргийн сайдад заамдуулж байхав дээ.

Авлига Монголд өөгшиж хамгийн эмзэг сэдэв болсон тул Ж.Сүхбаатар нарын санаачилж уржигдар зохион байгуулсан нээлттэй сонсгол зарим хүний эгдүүцлийг хүргэнэ лээ.Өөр нэг сэдэв нь УИХ-аар хэлэлцэж буй Сонгуулийн тухай хууль. Энэ нь түүнд хамгийн ойрхон төсөл байж таарна. Сонгуулийн ерөнхий хороонд олон жил ажилласан Ж.Сүхбаатарын туршлага; санал бодлыг энэ төсөлтэй уях гэж ажлн хэсэгг оруулсан нь ойлгомжтой. Парламент 100 гишүүнтэй байж болох тухай санал ганцхан түүнээс л гардаг. Сонгуулийг зохион байгуулах, үр дүнг нэгтгэх, мэдээлэх явцад түүнд анзаарагдсан сул тал бөгөөд засч болох гарц нь гишүүдийн тоог нэмэх бололтой юм. Үндсэн хуульд өөрчлөлт оруулаад, одоогийн УИХ-ын гишүүдийн тоог 99-100 орчим болгочихвол парламентад хяналт тэнцвэртэй болно гэж Ж.Сүхбаатар гишүүн үздэг юм билээ.

УИХ-ыг гадна, дотроос нь анзаарахад ч гишүүдийн тоо арай цөөдөж байгааг тэр олж харсан юм байх.Түүний хувийн имиж их сонин. Ярих, явах нь хүртэл дэндүү маягтай. Цүнхээ сугадаад хоёр хөлөө шидэлж алхана. Гэр бүлийн тухайд эхнэр, хоёр хүүхэдтэй. Хөрөнгө орлогыг нь сонирхвол машин, газар эзэмших хоёр гэрчилгээнээс өөр томоохон хөрөнгөгүй гэж мэдүүлжээ. Аль нэг компанийн хувьцаа, ногдол ашиг эзэмшдэггүй, лицензгүй гэнэ. Ийм болохоор Ж.Сүхбаатар баян гишүүдийн жагсаалтад бичигдээгүй байгаа юм.


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.