2010.03.31

Д.Очирбат: Би чинь сумын заан хүн шүү

УИХ-ын гишүүн Д.Очирбатыг “Дугаарын зочин”-ы хоймортоо урьж ярилцлаа. Нийслэлчүүд бид түүнийг Чингэлтэй дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан гэдгээр нь андахгүй таних билээ.

-Чуулганы завсарлагаар хаагуур явав, гишүүн ээ?
-Энэтхэг орж Далай багштай уулзаж, мөргөлөө. Түвдийн Дарамсала орж Есдүгээр богдод бараалхлаа. Би Баянхонгор аймгийн хүн. Манай аймгаас ламын гэгээний хойд дүр Лувсанданзанжанцан тодорсон шүү дээ. Тэр хүн Далай багшид бараалхаж, багшаа сонгуулах ёслолын ажиллагаандаа намайг оролцохыг урьсан юм. Надтай нэг гол усны хүн л дээ. Баянхонгорын, Баянбулагийн нутгийн зөвлөлөөс ч надад энэ үүрэг даалгаврыг өгсөн юм. Энэ даалгаврыг биелүүлж яваад ирлээ. Эрүүл мэндийн даатгалын чиглэлээр Олон улсын семинарт суугаад ирлээ. Дээр нь тойрогтоо ажилласан.
-Гадаад явсан хүмүүс ихэвчлэн өөрсдийн сонирхдог цуглуулгаа нэмсэн байдаг. Та юу сонирхож цуглуулдаг вэ?
-Явсан газар болгоноосоо гахай цуглуулдаг. Би Чингэлтэй дүүрэгт 10 гаруй жил ажилласан. Чингэлтэй дүүргээсээ өөр газарт төрийн алба хашиж байсангүй. Зохион байгуулагчаас нь эхлээд орлогч, Засаг дарга хүртэл хийлээ. Тиймээс Чингэлтэй хайрхан уулаа тахин шүтэж явдаг. Хайрхан уулан дээрээ жилдээ нэг удаа тахилга хийдэг. Чингэлтэй хайрхан маань гахай савдагтай. Тэр ч утгаараа манай гэрийнхэн гахайн чихмэл, сийлбэр гээд л цуглуулна. Надад хориод орны гахайн цуглуулга байна.
-Моринд хорхойтой биз?
-Манай эрчүүдийг морь уядаг, уядаггүй гэж ялгаж болох юм. Би сонирхдог. Миний найз нөхөд, хүндэлж явдаг улстөрчид морь уядаг. Тэднийхээ мориных нь уяан дээр очих дуртай. Өөрөө бол морь уяад байдаггүй. Гэхдээ л монгол хүн болохоор хурдан морь уралдаж байхыг харах, уяа сойлгыг нь үзэх, ялангуяа даага, соёолонгийн уралдааныг дагах гээд сонирхоно. Гэртээ би морины иж бүрэн хэрэглэлтэй. Манай өвөөгөөс уламжлагдаж ирсэн мөнгөн хазаар, эмээл байдаг.
-Барилдаж үзээгүй монгол эр хүн гэж байдаггүй гэдэг. Бөхөд хэр хорхойтой вэ?
-Би арван жилийн байхдаа ноцолдож л байлаа. Оюутан байхдаа барилдсан. Ангаах ухааны их сургууль эрэгтэй оюутан цөөнтэй. Нэг группт хоёр, гуравхан эрэгтэй байна. Би группээсээ ганцаараа эрэгтэй. Бид зуны ажлаар Сэлэнгэ аймгийн Найрамдал сангийн аж ахуй явна. Тэнд очоод сумын наадамд барилдаад үзүүр түрүүнд үлдэж байлаа. Оюутнууд зуны ажлаа хийж байгаад, наадам үзээд ангийнхныхаа шахалтаар гарч барилдсан л даа.
Тэгээд сумын заан цол авч байлаа. Манай хоёр хүүгийн нэг нь 17-той, нөгөө нь долоотой. Тэр хоёр маань ч гэсэн ноцолдож л байдаг юм. Өвөө маань бөхийн удамтай л даа. Нутаг орныхоо наадмыг гадны бөхөд алддаггүй бөх явсан гэдэг. Наран гэгээний шавь гэж явдаг.
-Парламент дахь бөх гишүүдийн тоог нэмсэн байна шүү, та. Ангийнхантайгаа хэр барилдаж байна вэ?
-Ангийнхантайгаа амь нэг ээ. Бид ч өглөө ирээд өдөржингөө л чуулганы танхимд сууж Монгол улсынхаа төлөө зүтгэж, оюунаа уралдуулж байна даа. Бид чөлөөтэй үедээ боди, фитнесст явна. Сагс волейбол тоглож байна. Суудлын ажилтай улс чинь хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх үүднээс л спортоор хичээллэх юм. Зарим үед бие биенийхээ өрөөгөөр орж хууч хөөрөлдөнө. Хэлэлцэж байгаа хууль, тогтоолын төслөө ярихаас гадна амьдралын сайхан хууч хөөрөлдөж, ярилцана.
-Хөвгүүд тань юу сонирхож байна вэ?
-Тэд чинь компьютер л тоглох юм байна шүү дээ.
-Компьютерийн тоглоом донтуулдаг гэдэг?
-Манай хүү бүтэн өдөр шөнө компьютер тоглочихсон байна лээ. Тэр нь донтох гэж байгаагийн хэлбэр юм болов уу. Интернэтээс гадаад улс орны хүүхдүүдтэй хэл ус мэдэх, мэдэхгүй хамаарахгүйгээр хамтран тоглодог тоглоом байх шиг байна. Түүнээс хойш би компьютерийг нь кодлож байгаад цагийн хязгаарлалт хийгээд өгчихсөн. Ер нь интернэт сайн тал ихтэй ч сөрөг зүйл дагуулж байна.
-Таны хүндэлдэг улстөрч хэн бэ?
-Манай намд туршлагатай, хатуужсан лидер улстөрчид олон л доо. Тэр дотроос одоогийн Монгол Улсын Шадар сайд М.Энхболдыг би хүндэлж явдаг. Энэ хүн надад төрийн ажлыг хариуцуулж, өөрийн сонгуулийн ерөнхий менежерээр тавьж, улс төрд анх хөтлөн оруулсан болохоор улс төрийн багшаа гэж хүндэтгэж явдаг.
-Та ажлын өрөөгөө түүхэн гэрэл зураг, тасалгааны цэцгээр гоёжээ. Халхын гол руу явсан зураг байна. Халхын голд очиход эх оронч сэтгэлээр омогшино биз?
-Тийм ээ. Өнгөрсөн онд Халхын голын ялалтын 70 жилийн ой болсон шүү дээ. Тэр үеэр Орос, Монголын 70 залуус Халхын голд очсон юм. Тэр чигээрээ түүх өгүүлсэн газар нутаг болохоор их сайхан байсан. Эх орныхоо тусгаар тогтнолын төлөө тэмцэж, өнөөдрийн эрх чөлөөг бидэнд авчирсан өвөг дээдсээ дурсаж, бахархаж, эх нутгаа бусдаас харамлах сэтгэгдэл төрж байлаа. Халхын голоос цааш харахад харийн нутаг шүү дээ. Тэнд очсон залуус маань ч эх оронч сэтгэл нь бүр их нэмэгдсэн байх. Сайхан аялал болсон.
-Энэ үед Оросын Ерөнхийлөгч Медведев ирсэн. Түүнтэй хамт авахуулсан зураг бас байна. Медведев танд ямар сэтгэгдэл төрүүлсэн бэ?
-Их гүрний удирдагч бол их гүрний л удирдагч шүү дээ. Их зангарагтай хүн байсан. Айл өрх хөршөө сольж, нүүж болно. Харин улс орнууд хөршөө сонгоно гэж байдаггүй. Ялалтын ойгоор хойд хөршийн удирдагч ирж, найрамдалт харьцаагаа бататгасан нь манай монголчуудад ч өөриймсөг, дотно сэтгэгдэл төрүүлсэн гэж бодож байна.
-Тэр ширээн дээр байгаа ургамал ямар бэлгэдэлтэй вэ?
-Вансай гэдэг 3000 жилийн настай мод. Эзнийхээ сэтгэлзүйг мэдэрч, эзэн нь хаана ч явсан хамт байдаг гэдэг юм. Хэрвээ эзэн нь сайн сайхан явж байвал мод өнгөлөг, сайхан байна. Жаахан таагүй зүйл тохиолдвол өнгө нь гундаж харладаг гэдэг ч юм уу. Тиймээс би энэ модоо услахдаа бас ярилцана. Энэ модыг надад 23 дугаар дунд сургуулийн захирал Уянга бэлэглэсэн юм. Ер нь тасалгааны цэцэг их мэдрэмжтэй байдаг гэдэг шүү дээ. Ээж маань химийн багш хүн болохоор манайх гэртээ тасалгааны ургамал их тарина.
-Одоо хаврын чуулгандаа бэлтгээд ажил ихтэй байна уу?
-Завсарлагааны үеэрээ нэлээд ажил амжууллаа. Тойрог руугаа нэлээд анхаарлаа. Чингэлтэй дүүргийнхээ 19 хороогоор орж иргэдтэй уулзлаа. Одоо иргэдийн ярьсан санал хүсэлтийг нэгтгэж бэлтгэх, дээр нь хаврын чуулганаар хэлэлцэх асуудалдаа бэлтгэх гээд ажил ч их л дээ.
-Амарч, алжаалаа тайлж амжсан биз дээ?
-Төрийн ажил ч цаг наргүй зүтгүүлэх юм. Тэгэхээс ч аргагүй. Гэхдээ хагас, бүтэн сайн өдөр гэрийнхэнтэйгээ байхыг хичээдэг. Ням гаригт хүүхдүүдтэйгээ гадагшаа гарч, хошин шог ч юм уу театруудаар гарч байгаа жүжиг, кино үзэх дуртай. Бас эмээгээ салхинд гаргадаг.
-Эмээ тань хэдэн настай вэ?
-95 хүрч байна даа.
-Салхинд хаагуур гаргадаг вэ?
-Зайсангийн Бурхан багшийн сэрэг дүр дээр очиж, гадуур зугаалах дуртай. Амралтын өдрүүдэд эмээтэйгээ хийцтэй цай уугаад л хөөрөлдөнө шүү дээ.
-Та эмээгийн хүүхэд үү?
-Тийм ээ. Би бага байхдаа эмээ өвөө хоёр дээрээ өссөн.
-Эмээ, өвөөгийн хүүхдийн бага нас хэрхэн өнгөрөв?
-Өвөө маань нутаг орондоо алдартай өндөр Пүрэв гэдэг хүн байсан. Хэдийгээр би Баянхонгор аймагт төрсөн ч гэсэн аав ээжийгээ дагаад хотод дөрөвдүгээр анги хүртлээ байсан. Дөрөвдүгээр ангиас хойш Баянхонгор аймагт л бага нас минь өнгөрсөн дөө. Өвөө, эмээ маань мал хуйтай. Аймгийн ойролцоо Түйн голд нутаглана. Бас гүү барина. Аав ээж хоёр маань ажил ихтэй. Мэс заслын эмч аав маань өдөр шөнөгүй дуудлагаар явчихдаг. Би дүү нартайгаа эмээ, өвөө дээрээ өдрийг өнгөрөөнө шүү дээ.
-Хотын хүүхдийн нүдэнд хөдөөгийн сургууль, сурагчид хэр тусч байв?
-Тэр үед нийслэлийн дунд сургуулийн сурагчид халимагтай байлаа. Гэтэл хөдөөний дунд сургуулийн сурагчид бүгд халзан толгойтой. Шилжиж очсон би ганцаараа халимагтай. Гэтэл сургуулийн захирал намайг “ариун цэвэрч бай, үсээ хусуул” гэж загнаад, би ч үсээ хусуулахгүй гэж зүтгээд. Аав, ээж хоёртоо хэлж, “үсээ хусуулбал би хичээлдээ явахгүй” гэж зөрүүдэлж байлаа. Түүнээс хойш Баянхонгорын дунд сургуулийн сурагчид халимаг тавьж эхэлсэн л дээ. Манай сургуулийнхан намайг тэр үед “халимагт” гэж хочилдог байлаа. Ганцаараа халимагтай байснаас тэр биз.
-Хичээл сурлагадаа хэр хүүхэд байв?
-Аав эмч, ээж хими-биологийн багш болохоор би химидээ их сайн байсан. Долдугаар ангид байхдаа есдүгээр ангийн химийн хичээлийг хийчихдэг. Химийн олимпиадад орж, тэргүүн байр эзэлж байлаа. Дээд ангийн ах эгч нарын даалгаврыг ч хийгээд өгчихдөг байсан.
-Хэдийгээр аавынхаа мэргэжлийг залгамжлаад эмч болсон ч гэсэн, өөрийн мөрөөдөл тань юу байсан бол?
-Би долдугаар анги хүртлээ онгоцны нисгэгч болно гэж боддог байсан. Онгоцны нисгэгч болоод, тэнгэрээр нисч явах юмсан гэж их мөрөөдөнө. Тэр үед өнөөдрийнх шиг “Бойнг” энэ тэр байгаагүй л дээ. Наймдугаар ангид байхад аав, ээж маань зөвлөж, удам залгасан эмч нар учраас аилын ууган хүү энэ мэргэжлийг сонго гэсэн юм. Тэгээд л аав маань намайг хөтөлж, мэргэжилд минь дадлагажуулсан даа.
-Айлын том хүүгийн үүрэг их биз?
-Айлын том хүү байх сайхан. Би дороо хоёр эрэгтэй, нэг эмэгтэй дүүтэй. Аав маань гадаад дотоод их явна. Надад шинэ хувцас авчирч өгнө. Өмсч байгаад багадахаар дүү нартаа өгнө. Хамгийн түрүүнд л аав ээжийнхээ өгсөн чихэр жимсийг авч, дүү нартаа хуваана. Үүнийхээ хэрээр хариуцлага ч байна. Удмынхаа мэргэжлийг нь өвлөхөөс эхлээд дүү нараа авч явах тал дээр аав, өвөө нар маань зөвлөж, бэлдэнэ. Том нь ямар байна, дүү нар нь бас тэгж хүмүүжинэ гэж манай монголчуудын сайхан уламжлал, сургамж байна шүү дээ.
-Та эмч мэргэжилтэй хүний хувьд эрүүл мэндээ хэр хамгаалдаг вэ?
-Манай өвөө лам хүн. Ламын гэгээний хажууд байсан. Тиймээс бага байхад биднийг ном тарни уншаад, цайны данхны тагны уураар усан ширгэ хийгээд ариулдаг. Тэгээд л бидний өвчин нам дарагддаг байлаа. Эмээгийн тал ч бас маарамба удамтай. Тиймээс багаасаа эрүүл мэндээ анхаарах тал дээр маш их зөвлөгөөн дунд өссөн дөө.
-Гэрийн ззний хувьд гэрийн ажилд хэр оролцдог вэ?
-Амралтын өдрүүдэд л оролцоно гэх үү дээ. Би бүтэн сайны өглөө эрт босоод гэрийнхэндээ өөрийн хийсэн хоолоороо бэлэг барьчихна шүү.
-Таны гарын хоолонд танайхан дуртай байх нь ээ?
-Хоолны жор зохиогоод хийчихдэг юм. Одоо чинь янз бүрийн ногоо, мах гадуур элбэг байна. Тэр бүхнийг оролцуулаад л зохионо доо.
-Ярилцлага өгсөн танд баярлалаа.