Г.Баярсайхан: Талх барьж сурч байгаа
Төрийн ажил алба эрхэлдэг хүмүүс ажлын ачааллаасаа шалтгаалаад гэртээ эрт харих нь ховор байдаг. Тэр дундаа УИХ, Засгийн газрын гишүүд ажлын өдөр байтугай амралтын өдрүүдэд ч гэртээ байж, гэрийн аар саар ажилд оролцоод байх зав тун бага. Тэд гэртээ байх үедээ юу хийж, хэрхэн амардаг бол. Энэ удаагийн “Би гэртээ” буландаа УИХ-ын гишүүн Г.Баярсайханыг урилаа.
-Сайхан амарч байна уу, гишүүн ээ?
-Сайхан, сайхан. Хаврын нар ээсэн сайхан өдөр гарч байна. Өнгөрсөн долоо хоногийн эхэнд их хүйтэн байлаа шүү дээ. Одоо урин цаг болохоор хүйтрээд байхгүй болов уу.
-Та амралтын өдрөө юу хийж байна вэ?
-Талх барьж сурч байна аа. Манайх саяхан талхны савтай болсон юм.
-Өмнө нь талх барьж байв уу?
-Би багадаа ширмэн саванд талх барьдаг байсан. Тэр үед талх барьдаг зориулалтын сав байгаагүй. Одоо ч юм бүхэн байдаг болж дээ.
-Багадаа талх барьдаг байсан гэх юм. Та айлын том хүүхэд үү?
-Үгүй, бага нь. Би аравдугаар ангиа төгсөөд аав, ээжээсээ тусдаа бие дааж амьдарч эхэлсэн юм. Тэр үедээ юм юм л хийнэ шүү дээ. Наймаанд яваад эхлээд нэг өрөө байртай боллоо. Дараа нь байраа хоёр өрөө болгож томсголоо.Тэгээд ганц бие хүн чинь гэрийнхээ бүхий л зүйлийг хийнэ.
-Хамгийн сайн хийдэг хоол тань юу вэ?
-Цуйванг сайхан хийнэ. Аав ээж маань биднийг бүхий л зүйлийг сур гэдэг байлаа. Сурсан зүйл амьдралд хэрэг болно гээд. Тэгээд юу л бол юу хийж сурсан гэх үү дээ.
-Одоо гэрийн ажилд хэр оролцдог вэ?
-Бидэнд зав зай муу. Ажил их. Тийм болохоор гэрийн ажилд оролцоод байхгүй. Цахилгаан, дулааны шугам эвдэрлээ гэхэд цахилгаанчин дуудчихна. Бизнес эрхэлдэг байхдаа өглөө гараад л орой ирдэг байлаа. Харин тогтмол ажилтай болсоноос хойш гэр бүлдээ цаг зав гаргах хэрэгтэй юм байна гэж ойлгож байгаа.