Ж.Бат-Эрдэнэ: “ШИНЭ ХӨДӨӨ”-г бий болгохын тулд эрсдэлээс айх хэрэггүй
“Шинэ хөдөө” хөтөлбөрийн хүрээнд УИХ-ын гишүүн Ж.БАТ-ЭРДЭНЭ
2017.08.30

Ж.Бат-Эрдэнэ: “ШИНЭ ХӨДӨӨ”-г бий болгохын тулд эрсдэлээс айх хэрэггүй

“Шинэ хөдөө” хөтөлбөрийн хүрээнд УИХ-ын гишүүн Ж.БАТ-ЭРДЭНЭТЭЙ ярилцлаа.

-Чуулган завсарласан энэ хугацаанд та ямар ажил амжуулав?

-“Шинэ хөдөө” хөтөлбөрийг танилцуулж, хэрэгжүүлэх зорилгоор орон нутагт ажиллалаа. 2016 онд орон нутгийн сонгуульд орохдоо “Хүний төлөө эдийн засаг, хөгжлийн төлөө зөв бодлого” гэсэн мөрийн хөтөлбөрийг боловсруулсан. Үүний цаад утга учир нь, улс төрийн намууд барьсан барилга, тохижуулсан гудамж талбайгаар биш, дөрвөн жилийн хугацаанд хүн нь хэр зэрэг хөгжсөн, айл өрх нь ямар орлоготой болсон, ажлын байрыг хэрхэн нэмэгдүүлсэн гэдгээр уралдах юм. Ер нь эдийн засгийг хүн рүүгээ чиглүүлэх үүднээс мөрийн хөтөлбөрөө боловсруулсан.

Тиймээс энэ хүрээнд өнгөрсөн жилийн хугацаанд жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлд Засгийн газар, УИХ-д шаардлага тавьж, хөтөлбөрөө танилцууллаа. Жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэх асуудлыг улсын бодлого болгож, дэмжих нь зүйтэй. Том том төсөл хөтөлбөр, үйлдвэрлэл үйлчилгээг хөгжүүлэхэд асуудал тулгарахгүй. Харин хүн рүүгээ чиглэсэн эдийн засгийн боломжийг нээх ёстой. Ийм зорилгоор “Шинэ хөдөө” хөтөлбөрийн хүрээнд ажиллаж байна.

-Шинэ хөдөө” хөтөлбөрийн зорилго юу вэ?

-Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг эрчимжүүлж, өрхийн үйлдвэрлэлийг дэмжих, хүчирхэг дундаж давхарга бий болгох зорилготой.

-Малчид, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх чиглэлд хамгийн түрүүнд юунд анхаарал хандуулах ёстой гэж харж байна?

-Малчдын маань гол орлого мал, түүний ашиг шим. Тиймээс орон нутагт хамгийн түрүүнд сүү, махны асуудлыг дэмжих хэрэгтэй. Энэ үүднээс Засгийн газраас мах, сүүний хөтөлбөрийг боловсруулсан нь маш зөв зүйтэй шийдвэр болсон. Хоёрдугаарт, сум бүрт жижиг дунд үйлдвэрлэл бий болгох талаар нарийвчлан судалж үзээд боломжтой хүмүүсийг нь дэмжих. Юун түрүүнд бид сүүнд анхаарал хандуулна.

Жишээлбэл, манай улс 800 гаруй сая тонн сүү авах боломжтой ч түүний арван хувийг ашигладаг юм байна. Дийлэнхийг нь гаднаас хуурай сүү байдлаар авдаг. Иймд ядаж дотоодынхоо хүнсний үйлдвэрлэлийн хангамжийг сайжруулах шаардлагатай байна. Энэ нь нэг талаасаа малчдын орлогын нэмэгдүүлнэ гэсэн үг. Хангайн бүсийн аль аль аймагт сүүний үйлдвэрлэл хөгжүүлэх боломжтой гэдгийг тогтоож, бүхэлд нь хэрэгжүүлэх ёстой гэж харж байгаа.

-Таныг орон нутагт ажиллаж, хөтөлбөрөө танилцуулж байхад сүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, фермер бий болгох талд малчид, иргэд ямар санал хэлж байна вэ?

-Би саяхан Төв аймгийн Борнуур суманд ажиллаж, малчид, иргэдтэй уулзсан. Тэд бас буруу ойлголттой явдаг юм билээ. Сүүний фермер байгуулна гэхээр л том байшин саравч барих, багагүй газарт хашаа татах, цахилгаан тавих, худаг гаргах зэргээр их хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай гэж боддог юм байна. Гэтэл Борнуур сум дээр ажиллаж явахад тэнд гурван цэгт сүү авч байгаагаас хоёрынх нь үйл ажиллагаатай танилцсан. Тухайн цэг дээрээс шууд ачилт хийж байна. Сүү өгч байгаа хүмүүс тав, арав гэх мэтээр харилцан адилгүй үнээ саадаг. Сумынхаа хашаанд жижиг фермер ажиллуулж байна гэсэн үг. Тэгэхээр сүүний үйлдвэрлэл гэдгийг борлуулалт нь хаана байх, нийлүүлж буй малчид ямар хэлбэртэй байх вэ гэдгээс ажлаа эхлүүлэх нь зүйтэй.

-Малчдын хувьд дийлэнх нь мал, малын махаа эдийн засгийн эргэлтэд оруулах сонирхолтой байдаг. Гэтэл зах зээл болон бусад шалтгааны улмаас тэдний санасан хэмжээнд хүрдэггүй. Энэ чиглэлд ямар бодлогоор ажиллах хэрэгтэй вэ?

-Нийслэлийн иргэдийг стандартын дагуу махаар хангах, мал, махыг борлуулах тогтолцоог эргэж харах ёстой. Тодруулбал, махыг гадагшаа нийлүүлэх урсгалыг бий болгомоор байна. Монгол Улс 60 сая малтай. Тооцооллоор 80 сая хүрэх гэж байна. Цаашид улам өснө. Жишээлбэл, 60 сая малтай бол түүнийхээ 30 саяыг эдийн засгийн эргэлтэд оруулж, ашиг олно. Ингэж бодож, үүний төлөө улс бодлогоор ажиллах хэрэгтэй. Энэ шаардлагыг салбар яаманд тавьдаг. Сүргийн бүтцийг харвал, залуу, хөгшин, эр, эм гэх зэрэг холимог байна. Уг нь бид дандаа үржлийн буюу хээлтэгч мал өсгөх ёстой юм.

-Зуд болох сургаар малчид малаа ямар ч хамаагүй үнээр борлуулчихдаг тал бий. Энэ жил ч гэсэн ийм хандлага давамгайлж байна?

-Ийм хэлбэр рүү ормооргүй байна. “Шинэ хөдөө”-г бид томоор харах ёстой. Энэ жил гантай, ирэх жил зудтай байх нь тухайн үеийн асуудал. Тиймээс бид ган, зуданд тэсвэртэй мал аж ахуйг хөгжүүлэх ёстой. Байгалийн хүчин зүйлээс шалтгаалж, мал, махаа хямдхан борлуулах биш, аль ч цаг үед борлуулдаг аж ахуй руу орохыг зорьж байна. Жишээлбэл, сүүний үйлдвэрлэлийг ганцхан зун биш, жилийн дөрвөн улиралд ажиллуулдаг том цогц системийг бий болгох нь чухал. Ингэхээр малын үүлдэр угсаа, өвс тэжээлийн асуудлыг давхар шийдэх хэрэгтэй. Гэтэл одоогийн нөхцөл байдал бол гантай жил сүү, цагаан идээ бага, малын тарга тэвээрэг муу байх жишээтэй.

-Нэг хэсэг нь байгалийн бүтээгдэхүүн ашиглах, гар урлал, модон эдлэл хийх, ногоо, жимс жимсгэнэ тарих гэх мэтээр орон нутагт жижиг дунд үйлдвэрлэл эрхэлдэг. Харин нөгөө талд нөхцөл нь бүрдчихсэн, боломж байдаг ч төсөв санхүүгүйн улмаас эхлүүлж чадахгүй тохиолдол бас байна. Төрийн бодлого, дэмжлэг л дутаад байх шиг?

-Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх ёстой. Ядаж арьс ширний үйлдвэрлэлийг ямар нэгэн хэмжээнд хөгжүүлэх бололцоо орон нутгийн хувьд бий. Үүнийг төрөөс бодлого, санхүүжилтээр дэмжих л хэрэгтэй. Мөн хүнсний ногоог гадаадаас импортолж байгаа. Үүнийг тариф, татварын бодлогоор зохицуулах ёстой. Дотоодын үйлдвэрийн бүтээгдэхүүн хэрэглэдэг хэсэг байхад гадаадынхыг чухалчилдаг бас нэг хэсэг бий. Тиймээс энэ талд үнийн зөрүү, хугацааны зохицуулалт байх ёстой. Тухайлбал, энэ улиралд эсвэл тэдээс тэдэн сарын хооронд хүнсний ногоог импортолно ч гэдэг юм уу.

Ийм байдлаар зохицуулалт хийж болно. Засгийн газраас саяхан жимс жимсгэний хөтөлбөрийг боловсрууллаа. Би орон нутагт ажиллахдаа хашаандаа жимс, жимсгэнэ, хүнсний ногоо, мот, бут тарьж түүнээсээ жилд 20 сая төгрөгийн орлого олдог иргэнтэй уулзсан. Тиймээс хөтөлбөрийг хэрэгжүүлж, гадаадаас импортолдог ижил төстэй бүтээгдэхүүнд үнийн зохицуулалт хийх хэрэгтэй. Хөвсгөл аймгийн малчид, иргэдтэй уулзахад өтгөрүүлсэн шүүс өвөл олддоггүй, эрэлттэй байдаг талаар ярьж байсан. Тэгэхээр үүний цаана зах зээл байна л гэсэн үг.

-Жижиг дунд үйлдвэрлэлийг сум эсвэл аймгийн хэмжээнд хөгжүүлэх нь зүйтэй гэж харж байна уу. Яг ямар байдлаар хэрэгжүүлбэл илүү олон малчин, иргэнийг хамруулж чадах бол?

-Жижиг, дунд үйлдвэрлэлийг бүсчилж хөгжүүлэх үү, нэг сум нэг үйлдвэрлэл эсвэл нэг аймаг нэг үйлдвэрлэл үү гэдгийг Засгийн газраас нарийвчилж, боловсронгуй болгох. Мөн аймгууд өөрсдөө энэ талын бодлого чиглэлээ тодорхой гаргах хэрэгтэй байх л даа. Хамгийн гол нь үүнд төсөв хуваарилах л хэрэгтэй. Тэгэхгүй зүгээр яриад ямар ч үр дүнд хүрэхгүй. Энэ чиглэл рүү төр засаг орж ажиллах хүсэл байна уу, үгүй юу гэдэг л чухал болоод байна. Би жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд мөнгө төсөвлүүлэх талаар Сангийн яаманд хандсан. Тэгэхэд “Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлнэ гэж байхгүй. Үүний оронд том эдийн засгаа авч явах нь илүү дээр” гэсэн байдлаар хариу өгсөн.

-Сангийн яамнаас ийм хариу өгч байгаа нь эрсдэлтэй холбоотой болов уу. Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэх гэж буй хүнд зээл олгохоор зарим нь хөл дээрээ босч чадахгүй тохиолдол гардаг юм билээ?

-Эрсдэлээс айх хэрэггүй. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэх гэж байгаа арван хүнд зээл олгоё гэж бодоход магадгүй 2-3 нь дампуурч болно. Хүн бүр төгс ажиллах албагүй шүү дээ.

-Та “Шинэ хөдөө” хөтөлбөрийнхөө хүрээнд Ерөнхий сайдтай уулзсан. Ямар яриа хэлэлцээрт хүрэв?

-“Шинэ хөдөө” хөтөлбөрийг Засгийн газраас дэмжсэн. Энэ төслийг Засгийн газрын үйлдвэржилтийг дэмжих “21-100” хөтөлбөртэй уялдуулан хэрэгжүүлэхээр ярилцсан. Мөн ХХААХҮЯ- ныхантай уулзахад зөв зүйлийг хөндөж, эхлүүлж байгаа тул дэмжинэ гэдгээ илэрхийлсэн. Монгол Улс чацарганы аж ахуйг бүрэн хөгжүүлэх боломжтой гэж хардаг. Яагаад гэвэл, үүнд дотоод болон гадаад зах зээл бэлэн байна. Гол нь төсөв мөнгө хэрэгтэй болж байгаа.

-Хөтөлбөрийг хэрэгжүүлж, бодит үр дүнд хүрэхэд хэчнээн төгрөг шаардлагатай гэж тооцсон бэ?

-Хамгийн багадаа сум бүрт нэг тэрбум төгрөг хуваарилж байж жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломж бүрдэнэ. Түүнээс аймаг бүрт тэрбум төгрөг хуваарилаад ямар ч бодит үр дүнд хүрэхгүй. Одоогийн бодит нөхцөл байдлаа харъя. Хотондоо олон зуу, мянган малтай хэрнээ авдар, дансандаа мөнгөтэй айл ховор байх. Хүүхдийн сургалтын төлбөр төлөх зэрэг шаардлага тулгарвал малаа зах зээлийн хямдхан үнээр борлуулчихдаг. Малчин, ард иргэдийн амьдралыг болж байна гэж бодоод байна. Шовгор малгай өмсч, гаднаа мянган мал хашчихсан малчдыг сайхан амьдарч байна гэж бодох хэрэггүй. Малчдыг төр шовгор малгайгаар хуурч байна. Үүний оронд хотонд байгаа мянган мал нь эдийн засгийн эргэлтэд ордог, орлоготой бизнес байх ёстой.

С.Юмсүрэн