2017.08.29
Монголчууд хүнсний аюулгүй байдалд анхаарал хандуулж эхэллээ
Цэцэрлэгтээ өглөө инээгээд явсан хүүхэд орой нь хоолны хордлого авчихаад ирдэг эмгэнэлтэй явдал манай улсад бий. Бүр анги нийтээрээ хоолны хордлогод орсон тохиолдол ч цөөнгүй. Энэ бүх асуудлын учир шалтгааныг эрэлхийлбэл хүнсний аюулгүй байдал хэмээх томоохон сэдэв хөндөгдөнө.
Харин уг сэдэв манай улсад тулгамдаж буй хамгийн чухал асуудлуудын нэг билээ. Өдрөөс өдөрт өргөжин тэлж буй худалдаа, үйлчилгээний салбарт хяналт дутагдсанаас болж иргэд гарал үүслийн гэрчилгээгүй, хаана яаж хадгалсан нь мэдэгдэхгүй хүнсний бүтээгдэхүүнийг өдөр тутмын хоол хүнсэндээ хэрэглэдэг.
Тэгвэл энэ цагт уг асуудлыг шийдвэрлэх арга замыг илэрхийлсэн Үндэсний хэмжээний чуулга уулзалтыг зохион байгуулахаар шийдвэрлэсэн билээ. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилгаар “Монгол Улсын хүнсний аюулгүй байдал” сэдвээр ирэх сард үндэсний хэмжээний чуулганыг зохион байгуулах аж.
Энэхүү үндэсний чуулган нь Монгол Улсын хүнсний салбарын өнөөгийн байдлыг тодорхойлох, хүн амын гол нэрийн хүнсний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр хангах, хүнсний хангамжийг сайжруулах, хүнсний аюулгүй байдлыг хангах чиглэлээр авах шаардлагатай арга хэмжээний саналыг боловсруулж, шийдвэрлүүлэх зорилготой байна. Үндэсний хэмжээний чуулга уулзалтын хүрээнд “Мах, махан бүтээгдэхүүн, өндөг, гахай, тахианы мах үйлдвэрлэгчдийн тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлэг өчигдөр Төрийн ордонд боллоо.
Хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Баяртуяа болон махан махан бүтээгдэхүүн, өндөгний худалдаа эрхлэгчид оролцож, санал бодлоо солилцов. Энэ удаагийн салбар хуралдаанд нийт гурван сэдвийг хөндөн хэлэлцүүлсэн юм.
Тухайлбал, “Төрөөс махны үйлдвэрлэлийн салбарт баримталж байгаа бодлого, хэрэгжүүлэх арга хэмжээ”, “Мах төхөөрөх үйлдвэрлэлийн салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудал”, “Мах боловсруулах салбарын өнөөгийн байдал” зэрэг сэдвээр салбарынхан хэлэлцүүлэг өрнүүлэв. Энэ үеэр “Түмэн шувуут” компанийн захирал Ж.Болд “Өнөөдөр бид хүнсний аюулгүй байдлын тухай авч хэлэлцэхээр цуглаад байна. Тиймээс өндөгний аюулгүй байдалтай холбоотой асуудалд анхаарлаа хандуулаасай гэж хүсч байна. Манай холбооны зарим хүмүүс ОХУ-аас хямд өндөг орж ирдэг. Энэ нь шувууны аж ахуй эрхлэгчдэд тулгамдсан асуудлын нэг гэлээ. Би түүнээс гадна нэг зүйлийг хэлэх гэсэн юм.
Сүүлийн үед Ази, Европын Голланд, Бельги, Их Британи, Герман зэрэг оронд шувууны аж ахуйнд ариутгалын бодис хэрэглэж байна. Уг ариутгалын бодисны нөлөөгөөр шувуу халдвар авах болсон. Үүнээс болж Европын орнуудад уг бодисоор ариутгасан шувууны өндөгийг эргүүлэн татах шийд гаргаад байгаа. ОХУ-аас манай улсад хямдхан өндөг импортоор орж ирдэг. Оросууд барууны орнуудаас ариутгалын бодис худалдаж авч шувууныхаа ариутгалд хэрэглэж байгаа нь ойлгомжтой.
Үүнээс шалтгаалж хямдхан өндөг манай улсад орж ирж байгаа юм биш үү. Үүнийг аюулгүй байдлын үүднээс шалгаж үзэх хэрэгтэй. Импортын асуудлыг тодорхой хэмжээнд шийдэх шаардлагатай байна. Энэ бол зөвхөн шувууны аж ахуй эрхлэгчдийн асуудал биш” гэв. Мөн тэрбээр Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Эрдэнэчимэгт дээрх асуудалд анхаарч ажиллах хүсэлтийг өгсөн юм. Харин мах махан импортлогчдын хувьд татварын асуудалд Засгийн газраас анхаарч, гадаадын улс орон дахь айлчлалынхаа үеэр тухайн улсынхаа холбогдох удирдлагуудад хүсэлт тавиач гэдэг саналыг онцолж байлаа.
Манай улсын хувьд мал аж ахуйг хөгжүүлэхэд анхаарч УИХ-аас 2009 онд “Төрөөс малчдын талаар баримтлах бодлого”, 2010 онд “Монгол мал” үндэсний хөтөлбөр, 2015 онд “Төрөөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого”-ийг тус тус батлан хэрэгжүүлж байгаа билээ. Гэвч дээрх хөтөлбөр бодит амьдрал дээр төдийлөн биеллээ олохгүй байгааг мал аж ахуй эрхлэгчид хэлж байв. Манай улс он гарсаар БНХАУ, ОХУ болон Иран улс руу монгол малын махыг экспортолж эхэлсэн.
Гэвч худалдаа эрхлэгчдэд монгол малын махыг импортолход хил гаалиас эхлээд асуудал үүсдэг байна. Мөн өнөөгийн нийгэмд Худалдааны тухай хуулийг батлуулах нэн шаардлагатай байгаа ажээ. Уг хууль батлагдсанаар гадаад худалдааны үүд хаалга нээгдэнэ гэдгийг мэргэжилнүүд онцолж байлаа.