Хөгжлийн төлөө-миний мөрөөдөл эсээ бичлэгийн уралдааны дүн гарлаа
2012.02.01

Хөгжлийн төлөө-миний мөрөөдөл эсээ бичлэгийн уралдааны дүн гарлаа

Улс орны хөгжил, цэцэглэлтийн төлөө олон нийт юу бодож, сэтгэж явдгийг судалж мэдэх, тэдний санаа бодлыг олон нийтэд сурталчлах, шийдвэр гаргагчдын сонорт хүргэх зорилгоор Монгол Ардын Намын дэргэдэх Нийгмийн ардчилал-МЭХ-ноос "Хөгжлийн төлөө-миний мөрөөдөл" сэдэвт эсээ бичлэгийн уралдааныг өнгөрөгч оны сүүлчээс нэг сарын хугацаатай зарласан юм.

 

Уралдаанд 250 орчим эсээ ирснээс эхний байрыг шалгаруулсан. Нийгмийн  ардчилал-МЭХ-ны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол тэргүүтэй тус холбооны Удирдах зөвлөлийн гишүүд шалгарсан эсээний эздэд шагналыг гардууллаа. Дунд сургуулийн сурагч, оюутан залуусаас эхлээд ная давсан настнууд хүртэл уг уралдаанд бүтээлээ ирүүлжээ. Хувь хүний боловсрол, хөгжил, байгаль орчин, уул уурхай, гэр бүл, нийгмийн амьдрал, зам тээвэр, хот тохижилт, эрүүл мэнд гэхчилэн тун олон асуудлаар эх орны өнцөг булан бүрээс оюун ухаанаа уралдуулсан байна. Уралдааныг тусгай комисс шүүж, тэргүүн байрт ОТИС-ийн Хууль зүйн сургуулийн дөрөвдүгээр курсын оюутан Ү. Амарбатыг шалгаруулжээ. Ү.Амарбат "Хүн төвтэй иргэнээ дээдэлсэн нийгэм, эрх, үүргээ ухамсарласан, боловсролтой, хөдөлмөрч иргэн, зүрх сэтгэлтэй төрийн албатай" байвал улс орон хөгжих тухай бичжээ. Харин хоёрдугаар байрыг Төв аймгийн Зуунмод сумын "Хүмүүн цогцолбор" ахлах сургуулийн захирал, Монгол Улсын зөвлөх багш Г. Чогдонхорлоо, МУИС-ийн Математик компьютерийн сургуулийн хэрэглээний статистикийн III курсын оюутан Т.Хандсүрэн нар эзэлсэн байна. Гуравдугаар байрт Булган аймгийн Сайхан сумын иргэн Д.Ганцолмон, Кино урлагийн дээд сургуулийн найруулагч, жүжигчний нэгдүгээр курсын оюутан Т. Болор-Эрдэнэ, "Хадгаламж" банкны теллер Б.Буянжаргал нар оржээ.

 

Тусгай байрыг МУИС-НШУС-ийн Боловсрол судлалын магистрант, Социологийн боловсрол төвийн гэрээт ажилтан Т.Лхагваа, Сэлэнгэ  аймгийн Мандал сумын "Билиг" сургуулийн 11а ангийн сурагч Б. Бат-оргил, Ховд аймгийн Алтай сумын Сургуулийн өмнөх боловсролын мэргэжилтэн Б.Анхбаяр, Сүхбаатар аймгийн Баруун-Уртсумын "Алтанцацал"хоршооны менежер Л. Халтар нар  эзлэв.  Харин тусгай дэд байрыг БЗД-ийн 48 дугаар сургуулийн 116 ангийн сурагч Ц. Энхманлай, СТА, ахмад зохиолч Ц.Ням-Осор нар тус тус эзэлсэн байна. УИХ-ын гишүүн,НАМЭХ-ны ерөнхийлөгч Д.Оюунхорол"Малаа маллаж буй хөдөөгийн малчин,   сурах   мэдэх   хүсэлдээ  хөтлөгдсөн оюутан залуус, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж буй бизнес эрхлэгчид, өрх толгойлон хэдэн хүүхдээ тэжээн  амьдардаг  ээж,  төрд алба хашиж буй хүмүүс гээд бүгд л хөгжлийн төлөө санаа бодлоо илэрхийлж, илүү сайхан амьдрах нөхцөлийг зөв бүрдүүлэхээс хөгжил эхэлдэг гэж тэд хүлээж сууна" гэж шагнал гардуулах мөчид онцлов. Тус холбооноос эсээ бичлэгийн уралдаанд шалгарсан бүтээлүүдийг ном болгон эмхэтгэжээ. Ийнхүү хөгжлийн төлөө, Ирээдүйнхээ төлөө мөрөөддөг олон нийтийн нэгэн хэсгийн санал бодол шийдвэр гаргагчдын сонорт хүр-лээ. Уг уралдааныг хамтран зохион байгуулсан "Монголын үнэн" сонин эхний байруудад шалгарсан эсээнүүдийг цаашид цувралаар нийтэлнэ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.