Ц.Дашдорж: Зургаан хувийн хүүтэй зээл авах бол 50 ам метрээс бага байх ёстой
-100 мянган айлын орон сууц хөтөлбөрийн жилийн зургаан хувийн хүүтэй зээлийг иргэд маш их хүлээж байна. Энэ тухай өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн гэсэн. Мэдээлэл өгөхгүй юү?
-Жилийн зургаан хувийн хүүтэй зээлд хамрагдах хүмүүс 50 ам метрээс доош хэмжээтэй байр худалдан авах юм. Одоохондоо зээлийн дээд хэмжээг тогтоогоогүй. Дараагийн долоо хоногт бүх зүйл тодорхой болох байх. Уг нь, нийт зээлийн хүү 12 хувь л даа. Гэхдээ үүний зургаан хувийг нь иргэд төлөөд, үлдсэн зургаан хувийг нь төр өгөх юм. Санхүүгийн зохицуулах хороо, Хөгжлийн банк, арилжааны банкууд, Сангийн яам хамтраад ирэх долоо хоногт бух зүйлийг тодорхой болгоно.
-Байрны үнэ огцом өсч байна. Хязгаарлалт хийх боломжтой юу?
-Эрэлт нийлүүлэлтээс хамаараад байрны үнэ өсч байгаа. Гэхдээ захиргааны аргаар хязгаарлалт хийх боломжгүй.
-Сая Засгийн газрын хуралдаанаар МИАТ компанийн онгоцны тухай ярьсан гэлээ?
-МИАТ-ийн үйл ажиллагааг цаашид авч явах менежментийн багаа Монголоос сонгох ёстой гэдэгт санал нэгдсэн.
-ЗТБХБЯ их хэмжээний төсөв шаарддаг салбар. Хөгжлийн банкнаас бүтээн байгуулалтад хөрөнгө тусгуулах шийдвэр гаргуулж чадав уу?
-Хөгжлийн банк хөрөнгийн эх үүсвэрийг шийдэж өгөхөөр болсон. Увс, Хөвсгөл, Дорнод, Сүхбаатар, Өмнөговь, Завхан аймгийг Улаанбаатартай холбох замыг энэ онд эхлүүлэх шийдвэрт хүрлээ. Энэ нь нийт 800 км зам болох юм. Мөн энэ онд нийт 600 метр гүүр барих төсвийг гаргуулахаар тогтлоо. Үүнд зориулж Хөгжлийн банкнаас 290 тэрбум төгрөг гаргах ёстой.