"Хөх сувд" мөсний баяр 17 дахь жилдээ боллоо
Хөвсгөл аймагт жил бүр Хаан их сарьдаг Хатан далай ээждээ хүндэтгэл үзүүлэх, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор зохион байгуулагддаг “Хөх сувд-2017” олон улсын мөсний баярыг Хатгал тосгоны доод модот буланд 18 дахь жилдээ амжилттай зохион байгуулж, баярт гадаадын 70 гаруй, дотоодын 10 мянга гаруй аялагч, 2000 гаруй тээврийн хэрэгсэл оролцов.
Мөсний баяр нь анх 2000 онд тухайн үеийн Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын Захиргааны дарга Ж.Төмөрсүх, байгаль хамгаалагч Д.Лхагвацогт нарын санаачлагаар Хөвсгөл нуурын “Жиглэгийн даваа”-нд нутгийн иргэдийн дунд зохион байгуулагдаж 7 морин чарга уралдаж, гар барилдаан, тэшүүрийн тэмцээн зэрэг цөөхөн арга хэмжээ болж байсан бол 2015 оноос эхлэн олон улсын болж өргөжсөн байна. Мөсний баяр олон улсын болж өргөжсөнөөр гадаадын аялагчдын тоо жил бүр нэмэгддэг болжээ.
Энэ удаагийн мөсний баярт Оросын холбооны улсаас Монгол улсад суугаа элчин сайдын зөвлөх Данилов Виталий Алексеевич, Оросын холбооны улсаас Эрдэнэт хотод суугаа ерөнхий консул Ракшаев Рыгзын Ракшаевич, Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн захирал Евгений Георгович Михайлав, Бүгд найрамдах Солонгос улсаас Монгол улсад суугаа элчин сайд У Сун, Бүгд Найрамдах Чех улсаас Монгол улсад суугаа элчин сайдын орлогч дарга Олдрич Зажик, Бүгд Найрамдах Куба улсаас Монгол улсад суугаа элчин сайд Раул Делгадо Консепсион, Бүгд Найрамдах Беларусь улсаас Монгол улсад суугаа элчин сайд Станислав В.Чепурной, гадаадын 12 орны мэргэжлийн пото зурагчдын баг, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар, аймгийн ИТХ-ын дарга Л.Төмөрбаатар, Засаг дарга Л.Ганболд болон орон нутгийн удирдлагууд Хөвсгөл аймгийн 23 сум бүрийн төлөөлөл, гадаад дотоодын аялагч жуулчид хүрэлцэн ирж Хөвсгөл нуурын толин цэнхэр мөсөн дээр хоёр хоног саатлаа.
ОХУ-ын уран гулгагч Анна мөсөн дээр үзүүлэх тоглолт хийв
“Хөх сувд-2017” олон улсын мөсний баярт өмнөх жилээс шинэлэг олон арга хэмжээ нэмэгдсэн нь иргэд, аялагчдын сонирхолыг ихээхэн татаж байлаа. Тухайлбал Оросын холбооны улсын уран гулгагч Аннагийн мөсөн дээрх уран гулгалтын үзүүлбэрийг олон иргэд талархан хүлээн авч байв. Тэрээр уран гулгалтаар 4 дэхь жилдээ хичээллэж байгаа бөгөөд дэлхийд алдартай Хөвсгөл нуурын мөсөн дээр өөрийн үзүүлбэрээ үзүүлсэндээ баяртай байгаагаа хэлж байлаа. Мөн Хангарьд хоккейн клубын тамирчдын үзүүлэх тоглолт, 30 гаруй чаргатай нохой, зэрэг сонирхолтой үзүүлбэрүүд олон байсан нь өмнөх жилүүдээс онцлог байлаа.
Мөсний баярт Улаанбаатар хотоос дугуйгаар иржээ
Хөвсгөл нутгийн уугуул Р.Хадбаатар ахлагчтай дугуйн спортын баг тамирчид Хөвсгөл нуурыг дугуйгаар тойрч оролцдог уламжлалтай билээ. Энэ жилийн мөсний баярт тус багийнхнаас гадна 68 настай унадаг дугуйн олон улсын хэмжээний спротын мастер Ш.Ёндондаш Улаанбаатар хотоос 900 км замыг 7 хоногийн хугацаанд дугуйгаар туулан ирж оролцсон бөгөөд өвлийн улирал болохоор хүйтэн зам хальтиргаа гулгаа их байсан боловч сааталгүй явж Далай ээждээ зорин ирлээ гэдгийг хэлж байлаа.
Далайн ээжийн аялгуу мөсөн бүтээл шилдэгээр шалгарав
Мөсний баярын арга хэмжээний чимэг бол мөсөөр урласан бүтээлүүд байдаг. Хөвсгөл нуурыг зорин ирсэн гадаад, дотоодын аялагчдад зориулан орон нутгийн уран бүтээлчид мөсөн хотхоныг бүтээдэг байсан бол 2015 оноос эхлэн олон улсын мөсөн урлалын гранпри шагналт Dazzler art Dizain студийн уран сийлбэрч Мөнх-Эрдэнэ, Цэрэнбат ахлагчтай 12 хүний бүрэлдэхүүнтэй багийн хамт мөсөн хотхоныг бүтээдэг болжээ. Энэ жилийн хувьд 30 гаруй сая төгрөгөөр мөсөн гэр, мөсөн гулгуурын талбай, мөсөн тайз, мөсөн амьтад бүхий хотхоныг байгуулжээ. Хөвсгөл нуурын толин цэнхэр мөсөн дээр шилдэг бүтээл урлах тэмцээнд 12 баг оролцсоноос Улаанбаатар хотын сийлбэрч Д.Энхбатын "Далай ээжийн аялгуу" бүтээл шилдэгээр шалгарч Гранпри шагналыг хүртжээ. Д.Энхбат хэлэхдээ: Хөвсгөл нуур бол маш гайхамшигтай. Хэдийгээр одоо хөлдсөн байгаа ч гэсэн мөсөн доор гайхамшигтай олон аялгуу эгшиглэж байдаг учраас би энэ бүтээлийг хийсэн. Бяцхан хүүхэд эрвээхэйн далавч хөлөглөн байгалийн олон гайхамшигтай аялгууг сонсон нисч байгаа дүр зургийг бүтээсэн" гэдгийг хэлж байлаа.
Мөсөн аяган дотроос иргэд аньс жимсийг амталж байлаа
Хөх сувд-2017 олон улсын мөсний баяраар хоёр мөсөн хотхон байгуулжээ. Аймгийн Засаг дарга Л.Ганболдын захирамжаар байгаль орчны мэргэжлийн байгууллагууд хамтран эх орон, газар шороо, байгаль дэлхийгээ унаган төрхөөр нь хамгаалахыг уриалсан мөсөн хотхоныг байгуулсан байна. Тус хотхонд Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын захиргааны хамт олны бүтээсэн мөсөн тулгатай мөсөн тогоон дотроос тайгын аньс жимсийг ургуулсаныг иргэд ихээхэн сонирхож мөсөн аяган дотроос жимс амталж байлаа.
Жуулчид тахтай морин чаргаар хамгийн их үйлчлүүлж байлаа
Мөсний баярыг зорин ирсэн иргэд гайхамшигтай мөсөн урлалын бүтээлийг үзэж сонирхон дороо ус чулуу нь тунгалаг илхэн харагдаж мөсөн дээгүүр морин чаргаар зорчих дуртай. Энэ жил нутгийн иргэдийн 30 гаруй чаргатай морины уралдаан болж, гадаад дотоодын иргэд тахтай морин чарган дээр сууж нуурын мөсөн дээгүүр давхиж Хүслийн хадыг зорьж байлаа. Мөн хоймор нутгийн 6 дахь хошуу мал болсон цаа үзэж хамтдаа зургаа авахуулан нутгийн иргэд, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн өөрсдийн гараар урласан бүтээлүүдийг сонирхон орон нутгийн онцлогийг илэрхийлсэн цааны чихмэл, ноос ноолууран бүтээгдэхүүн зэргийг хамгийн их худалдан авч байв.
Үндэсний хувцасаараа гоёж байхыг уриалав
Мөсний баярт хүрэлцэн ирсэн иргэд байгаль дэлхийгээ хайрлаж, лус савдгаа тахин шүтэж ирсэн монгол уламжлал, бөөгийн зан үйл, цаатан ахуй, Хөвсгөлийн олон ястны урлаг соёлтой танилцаж Чаргатай морьдын уралдаан, Мөсөн шагай, Мөсөн дээрх сумо бөхийн барилдаан, Мөсөн дээрх олс таталт, Уран жолоодлого, Үндэсний хувцасны үзүүлбэр зэргийг үзэж сонирхон тэмцээн наадамд оролцож байлаа. Энэ үеэр үндэсний хувцасаараа гоёсон шилдэг хосуудыг шалгаруулахад Улаанбаатар хот болон Их-Уул сумаас ирсэн хосууд шилдэг хосуудаар шалгарч монгол хүн үндэсний хувцасаараа гоёж байхыг уриалж байлаа.
Энэ жилийн мөсний баярт ирсэн гадаад дотоодын жуулчид зочид өмнөх жилүүдээс нэмэгдсэн нь Хөвсгөл нутагт өвлийн аялал жуулчлал хөгжих таатай боломж бүрдэж байгааг зохион байгуулагчид онцолж байв. Цаашид "Хөвсгөл аймаг монгол орны аялал жуулчлалын тулгуур төв болох зорилтын хүрээнд “Хөгжсөн Хөвсгөл 2016-2030” аймгийн урт хугацааны хөтөлбөр хэрэгжүүлж жилийн дөрвөн улиралд аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр Алунгоо эхийн хөшөөт цогцолбор парк байгуулах, хувийн хэвшлийн оролцоог дэмжиж “50-100” цогцолбор, “Монгол бөхийн шүтээн цогцолбор, бөөгийн “Онгод” төвүүдийг шинээр байгуулж, Мөрөн суманд “Жуулчны гудамж” төслийг хэрэгжүүлэн ажиллана" гэдгийг Хөвсгөл аймгийн Засаг дарга энэ үер онцлон тэмдэглэж байлаа. Энэ удаагийн мөсний баярт 5 орны элчин сайд болон төлөөлөгчид оролцож, гадаадын болон дотоодын жуулчид өмнөх жилээс нэмэгдсэн, хүрэлцэн ирсэн зочид 2 өдрийн турш тэмцээн наадамд оролцож Хөвсгөл нуурын мөсөн дээр эрүүл агаарт амарч тухаллаа. Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газар, Хөвсгөл аялал жуулчлал эрхлэгчдийн холбоо, Хөвсгөл аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар, Байгаль орчин аялал жуулчлалын яам хамтран хаан их сарьдгийнхаа өвөрт, хатан тунгалаг далай ээжийнхээ мөсөн дээр Хөх сувд-2017 олон улсын мөсний баярыг 18 дахь жилдээ амжилттай зохион байгуулж баярыг зорин ирсэн иргэд хоёр өдрийн турш байгалийн сайхныг бишрэн хамтдаа баярлаж, хийморь юугаан сэргээлээ.