Орон сууцны хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй компаниудад “босго” тавилаа
2012.04.09

Орон сууцны хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй компаниудад “босго” тавилаа

Улсынхаа нийслэлд бөөгнөрөн аж төрдөг монголчуудын хувьд Улаанбаатарыг утаагүй болгох тухай асуудал чухам л толгойн өвчин болчихоод буй билээ. Дээр дооргүй утааны асуудалд санаа зовнин уушги юугаа хамгаалах олон арга сэдсэний эцэст хамгийн найдвартай бас үр дүнтэй аргаар иргэдийг орон сууцжуулах ажлыг тодруулсан.

Хэдийгээр бэлэн байшин барилга барьчих хөрөнгө мөнгө байхгүй ч зорилт нь тодорхой бол хэрэгжүүлэх арга олдож л таарна гэдэгчлэн Засгийн газрын бодлогын түвшинд эхний ээлжинд 100 мянган айлыг орон сууцжуулахаар болсон. Олны сэтгэлд нийцсэн ажлын эхлэл өдийд ид өрнөж буй ч саад тотгор ч бас мундахгүй бололтой. Хамгийн наад зах нь сүүлийн нэг жилийн дотор орон сууцны үнэ бараг нэг дахин нэмэгдчихээд байгаа. Хэдийгээр бага, дунд орлоготой иргэдэд зориулж Засгийн газраас жилийн зургаан хувийн хүүтэй зээл гаргасан ч энэ нь олигтойхон ажил болж чадахгүй, хүндрэл бэрхшээл тулгарч басхүү зарим нэгний зүгээс шүүмжлэл хүлээж эхэлсэн нь нууц биш.

Ямартай ч зургаан хувийн зээлийн сургаар. нэг мкв-аа нэг сая 400 мянгаар борлуулж байсан компаниуд 1.6 сая болгосон нь худлаа биш.

Салбарын сайд үнэ хөөрөгдсөн компаниудтай уулзаж, нөхцөл байдлыг харгалзан бодит үнэлгээ тогтоохыг хүссэн ч тэд өмнөөс нь бас л өчнөөн шалтаг тоочсон. Гэвч салбарын сайд хөтөлбөрт оролцож байгаа барилгын компаниудын орон сууцны үнэ 910000-1100000 төгрөг байхаар шийдвэрлэсэн. Барилгынхны хувьд хатуу сонсогдох эл шийдвэр орон сууцны өртөгт сөхөрч яваа олон нийтэд ихээхэн дэмжлэг болох нь мэдээж.

Эргэн сануулахад Засгийн газраас "Шинэ бүтээн байгуулалт" дунд зорилтот хөтөлбөрийг баталж, түүний хүрээнд 2011-2014 он хүртэл хэд хэдэн томоохон бүтээн байгуулалтыг өрнүүлэхээр болсны нэг нь "100 мянган айлын орон сууц" төсөл. Уг төслийг хэрэгжүүлэхээр Засгийн газар бага, дунд орлоготой иргэдийг орон сууцжуулахын тулд жилийн зургаан хувийн хүүтэй зээл гаргах журмыг баталсан билээ. Уг зээл Монголын олон мянган өрхөд итгэл төрүүлсэн. Гэвч асуудал байнаа бас... Барилгын компанийн үнийн хөөрөгдөл иргэдийг баярлуулан гомдоож эхэлсэн. Тиймдээ ч барилгынхан болоод салбар хариуцсан яам, холбогдох газруудын удирдлагууд "Шинэ бүтээн байгуулалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудлууд, шийдвэрлэх арга зам" сэдэвт уулзалтыг зохион байгуулж, тэнгэрт хадчихаад байгаа орон сууцны үнийг зохицуулахаар боллоо. Барилгын 150 орчим компанийн төлөөллүүд оролцсон энэхүү уулзалт дээр "100.000 айлын Орон сууц хөтөлбөр"-т барилгын салбарынхныг хэрхэн өргөнөөр хамруулах, салбарын үнэ бүрдүүлэлтийн тогтолцоог хэрхэн шинэчлэх, барилгачдын цалин хөлс, төсвийн суурь үнэ үнэлгээг хэрхэн өөрчлөх зэрэг тулгамдсан асуудлуудаар санаа бодлоо хуваалцсан юм.

Туслах ажилтнаар ангасан барилгын компаниуд

Компаниудын хувьд тулгамдаж байгаа гол асуудлуудын нэг нь барилгын туслах ажилтан гэнэ. Барилгын туслах ажилтанд өдрийн 20 мянган төгрөгийн цалин өгнө гэдэг зар тавиад ч хүн олддоггүй гэнэ. эсвэл ганц, ажилд орлоо гэхэд хариуцлагагүй, хулгай хийдэг, архи уудаг, ажил тасалдаг хүмүүс байдаг. Тэгэхээр мэргэжилтэй ажилчин олноор бэлтгэхгүй бол барилгын салбар ажиллах хүчний дутагдалд орох нь ээ гэдгийг уг уулзалтаар хөндсөн. Сүүлийн жилүүдэд хавтгайрсан халамжууд ихэссэн. Энэ хэрээр иргэдийн дунд ажил хийх сонирхол нэлээд буурсан. Өдрийн 20 мянган төгрөгийн цалинтай ажил голоод байгаа хэрнээ сард өгдөг 21 мянган төгрөгийг зодоон цохионтой тулах шахаад л дугаарлаж авдаг талаар ч шүүмжилсэн. Хамгийн гол нь баахан бакалаврын зэрэгтэй боловсон хучин бэлтгэдэг, тэд нь ажил голоод хийдэггүй. Ер нь сүүлийн үед сургууль төгсч байгаа залуус төрийн албанд болж өгвөл орчихыг боддог нь нууц биш. Монголын залуус болж өгвөл нэг конторт суугаад л өндөр цалин авч, хангамж эдлээд байхыг хүсдэгийг ч буруушаасан. Өөрөөр хэлбэл цагаан гартнаар дүүрсэн Монголд мэргэжлийн боловсон ажилтан өдрийн од шиг ховор байгаа гэсэн үг.

 

Үндэсний үйлдвэрүүд зовлонгоо дэлгэв

Үндэсний үйлдвэрлэлийн хүчин чадал барилга угсралтынхаа ажлыг гүйцэхгүй байгаа аж. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих нэрээр хил гаалиар орж ирж буй барилгын материалын гаалийн татварыг нэмэх бус өөр асуудлаар зохицуулах хэрэгтэй байгааг ч барилгынхан учирлав. Үндэсний үйлдвэрээ дэмжээд үйлдвэрлэсэн материалыг нь худалдаж авъя гэхээр нэгдүгээрт, үнэ нь өндөр, хоёрдугаарт, чанар муутай байдаг аж. Тэгэхээр төр засаг үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүнийг чанаржуулах үнийг нь бууруулахад анхаарч байж дотоодын үйлдвэрүүд хөгжих боломжтой гэсэн. Харин дотоодын үйлдвэрүүдийн хувьд үйлдвэрлэсэн материал нь үнэ өндөр ч Хятадынхаас хамаагүй чанартай. Хамгийн гол нь өртөг зардал ихтэй байдгаас үнэ нь Хятадын барилгын материалаас өндөр болчихдог. Үүнийг зохицуулах арга байна уу гэж асууж лавлацгааж байсан юм.

Орон сууцны үнийг 910000-1100000 төгрөгт барина

Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд Ц.Дашдорж "100 мянган айлын орон сууц" хөтөлбөрт хамрагдсан орон сууцны метр квадратын үнийг 910.000-1,1 сая төгрөг байхаар шийдвэрлэснээ энэ үеэр барилгынханд дуулгасан. Сайдын тушаал батлагдсанаар тус зээлд хамрагдах барилгын компаниудын хувьд дээрх үнийн саналыг зөвшөөрч байгаа нь Газрын харилцаа, барилга геодизи, зурагзүйн газартай гэрээ байгуулах аж. Харин өндөр үнэ санал болгож байгаа болон үнэ хөөрөгдөж байгаа барилгын компаниудыг тус хөтөлбөрт хамруулахгүй гэдгээ сайд мэдэгдсэн. Учир нь бага, дунд орлоготой иргэдэд зориулан Засгийн газраас хэрэгжүүлж байгаа "100 мянган айлын орон сууц" хөтөлбөрт хамрагдах хүсэлтээ ирүүлсэн барилгын компаниудын байрны үнэ хамгийн багадаа гэхэд 1400000 байгаа бөгөөд хамгийн дээд тал нь 2200000 байгаа юм. Энэ нь иргэдийг байртай болгох хамгийн гол асуудал болчихоод буй. Тиймээс салбарын сайд ийм шийдвэр гаргасан байна. Гэхдээ түүний хэлсэн үнийг хүлээн зөвшөөрч хөтөлбөрт хамрагдах хүсэлтээ хэдэн компани гаргах нь одоогоор тодорхойгүй байна. Гэхдээ эдийн засагчид орон сууцны нэг мкв-ын үнэ 850.000-1 сая төгрөгийн хооронд байх бүрэн боломжтой гэж хэлдгийг энэ дашрамд сануулахад илүүдэх юун. Өөрөөр хэлбэл бизнесменүүд барилгынхаа үнийг зохиомлоор дор хаяж 60-80 хувь хөөрөгддөг гэсэн үг. Гэхдээ сэтгэл байвал итгэл төрнө гэдэг. Итгэл байвал эрсдэл багасна ч гэж хэлэх нь бий. Хэн хэндээ чирэгдэл басхүү хүндрэл учруулах арга зам бийг судалсан учраас салбарын сайд дээрх шийдвэрийг гаргасан байж таарна. Эцэст нь дуулгахад барилгын салбарынхны ээлжит зөвлөгөөнөөр "100 мянган айлын орон сууц" хөтөлбөрийн талаар ярилцана. Дөрөвдүгээр сарын 13-ны өдөр Төрийн ордонд болох уг зөвлөгөөнд ЗТБХБ-ын сайд Ц.Дашдорж, Сангийн сайд П.Хаянхярваа, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр нар оролцон илтгэл тавих юм.