Эмнэлэг эрүүлжүүлэх биш боллоо
2017 оны 2 дугаар сарын 9-ний үдээс хойшх УИХ-ын чуулганаар "Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай" хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж гишүүдийн 69,6 хувийн дэмжлэгтэйгээр хуулийн төслүүдийг баталлаа.
Одоо хэрэгжиж байгаа хуулийн дагуу бол согтуугаар эмнэлэгт хүргэгдэн ирсэн иргэд эмч нарт үзүүлэхгүй агсам тавих, зодох, зүй бусаар авирлах, эмнэлгийн багаж тоног төхөөрөмж, эд хогшлийг эвдэх, эмнэлгийн орчныг биеийн өтгөн шингэнээр бохирдуулах, эмч, эмнэлгийн ажилчдыг доромжлох, заналхийлэх, зодож гэмтээн эрүүл мэндээр хохироогоод зогсохгүй бусад эмчлүүлэгчдийн амгалан тайван байдлыг алдагдуулж эмч, эмнэлгийн ажилчид, эмчлүүлэгчдийн эрх ашиг, эмнэлгийн халдвар, хяналтын дэглэмийг алдагдуулдаг байна.
Мөн цагдаагийн алба хаагч согтуу иргэдийг шууд эмнэлэгт авчирч байгаа нь эмнэлгийн өдөр тутмын үйл ажиллагаанд ноцтой хүндрэл учруулж, согтуу этгээдийн хажууд өвчиндөө шаналан ирсэн иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлж байна.