УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар
2017.02.03

Л.Мөнхбаатар: УИХ-ын нэр бүхий 10 гишүүн, Засгийн газраас оруулж ирсэн хуулийн төслүүдийг нэгтгэсэн

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. 

Хэлэлцүүлгийн эхэнд хуулийн төслийн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар танилцууллаа. 

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар:

"Монгол Улсын Засгийн газраас 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр, УИХ-ын гишүүн М.Билэгт нарын 10 гишүүнээс 2017 оны нэгдүгээр сарын 5-ны өдөр тус тус өргөн мэдүүлсэн Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нэгтгэсэн болон Захиргааны хариуцлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг УИХ 2017 оны нэгдүгээр сарын 12-ны өдөр шийдэж, анхны хэлэлцүүлэгт бэлдүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн билээ.

Тус байнгын хорооны 7 дугаар тогтоолоор ажлын хэсэг байгуулж, ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Н.Оюундарь, бүрэлдэхүүнд Д.Ганболд, Л.Мөнхбаатар, Д.Цогтбаатар болон холбогдох бусад албан тушаалтнууд багтан ажиллалаа.  Хууль зүйн байнгын хороо 2017 оны нэгдүгээр сарын 31-ний өдрийн хуралдаанаар Улсын Их хурлын дэгийн тухай хуулийн дагуу Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг нэгтгэн, төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, хуулийн төсөлтэй холбогдуулан ажлын хэсгээс гаргасан саналуудыг нэг бүрчлэн хэлэлцэж, дараах өөрчлөлт оруулах саналыг УИХ-ын нэгдсэн хуралдаанд уламжилж байна. Тухайлбал,

- Эрүүлжүүлэх байранд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэхэд мэргэжил, арга зүйгээр хангах чиг үүргийг Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлэх

- Аймаг, нийслэлийн эрүүлжүүлэх байрны орон тоо, үйл ажиллагааны бүтэц зохион байгуулалтыг Хууль зүйн асуудал Засгийн газрын гишүүн тогтоохоор байсныг Цагдаагийн төв байгууллагын дарга батлах гэж өөрчлөх

- Эрүүлжүүлэх байрны ажилтан хориглох зүйл, шаардлагатай эмчилгээ, яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэхгүй байх асуудлыг тусгах

- Эрүүлжүүлэх байр цагдаагийн харьяалалд шилжиж байгаатай холбогдуулан хуулийн зорилт хэсэгт согтууруулах ундаа хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх, эмнэлгийн үйлчилгээ үзүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэж нэмэлт, өөрчлөлт оруулахаар төсөлд тусгасан болно.

Уг хуулийн төслүүдийг нэгтгэсэн хуулийн төсөл болон Захиргааны хариуцлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлт, зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг боловсруулан, хүргүүлж байна."