О.Баасанхүү: Хатуухан хэлэхэд эрүүлжүүлэх байр гэдэг камертай, харанхуй нүх шүү дээ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү асуулт асуусан юм.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү:
Нэгтгэсэн хуулийн төслүүдийг харахад, эрүүлжүүлэх байр нь цагдаагийн харьяалалд, тусламж үйлчилгээг Эрүүл мэндийн сайдын харьяалалд болсон байна. Эрүүл мэндийн сайд хүнийхээ эрүүл мэндэд анхаарал хандуулах гэхээр эрүүлжүүлэх байрны хүрэлцээ, орчин нөхцөл нь боломжгүй бол яах вэ? Өөрөөр хэлбэл эрүүл мэндийн үйлчилгээг стандартын дагуу үзүүлэх гэтэл үйлчилгээ үзүүлэх орчин нь ийм л байна гэсэн тайлбар хэлээд сууна шүү дээ.
Хатуухан хэлэхэд, эрүүлжүүлэх байр гэдэг камертай, харанхуй нүх шүү дээ. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлж амжаагүй байтал тухайн хүн амь насаа алдах нь бий. Энэ үед хоёр талын хэн нь хариуцлага хүлээх вэ болдог.
Цагдаа эмч дууссан уу, эмч тэнд ажиллах бололцоогүй байв уу зэрэг асуудал урган гардаг. Тиймээс энэ асуудлыг нэг талдаа гаргаж, хүний төлөө л гэсэн зорилготой юм бол нэг байгууллага л уг асуудлыг хариуцах хэрэгтэй.
Хоёр яамны журам гарлаа. Эрүүл мэндийн асуудлаа нэг байгууллага нь л шийдмээр байна. Ингэж шийдэх байгууллага нь байна уу? Согтууруулах ундаа хэрэглэсэн этгээдийг харьяалах байгууллага яг аль нь юм бэ?
Цагдаа юм бол цагдаагийн байгууллагадаа харьяалагдаг. Цагдаа биш бол эрүүл мэндийн байгууллагад харьяалагдья. Гол маргаан нь хэв журам зөрчөөгүй иргэний гэрт нь хүргэж өгөх нь төвөгтэй, эмнэлэгт аваачаад өгчихье гэдэг байдлаас л үүдэлтэй шүү дээ. Гэтэл байнгын архи уудаг, архинд донтсон иргэд эмнэлгийн үйл ажиллагаанд хүндрэл, бэрхшээл учруулаад байсан юм шиг ойлгуулж, ойлгогдоод байна л даа.