Ё.Баатарбилэг: Хуучнаар нь үргэлжлүүлэхэд ямар нэгэн хүндрэл үүсэхгүй гэж бодож байна
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.11.12/ Засгийн газрын өргөн мэдүүлсэн Согтууруулах ундаа хэтрүүлсэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Хэлэлцүүлгийн эхэнд УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг хоёр яамны сайдаас эргэлзэж буй асуултдаа хариу авсан юм.
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг:
"УИХ-ын гишүүн Ц.Нямдоржтой санал нэг байна. Хуучин болоод ирсэн, тэр зарчим руу л оруулья гэсэн саналыг дэмжиж байна. Нэр бүхий 9 гишүүний өргөн мэдүүлсэн хуулийн төсөл ч мөн ийм агуулгатай. Бид нар аливаа зүйлийг сайжруулах гэж байна гээд ярвигтай болгож, улмаар дараа дараагийн хүндрэл үүсдэг байдал сүүлийн жилүүдэд тогтжээ.
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогтын хариултан дунд уг хуулийн төсөл батлагдаж, хэрэгжсэнээр 600 гаруй орон тоог нэмэгдэж байгаа гэлээ. Сүүлийн жилүүдэд хүн амын тоо тэгтлээ огцом нэмэгдээгүй байлтай. Эсвэл эрүүлжүүлэх байрнуудыг бүрмөсөн татан буулгаж, орон тоогоо цомхотгочихсон юм уу? 600 гаруй орон тоо гэдэг нь эрүүлжүүлэх байранд ажиллах цагдаагийн албан хаагчдын тоог нэмэх гээд байна уу эсвэл тус байранд ажиллах эмч, эрүүл мэндийн ажилтны тоо юм уу гэдэг нь тодорхойгүй байна.
Эрүүлжүүлэх байранд цагдаагийн цолтой эрүүл мэндийн ажилтан ажиллаад л ирсэн санагдах юм. Хэрэв эрүүлжүүлэх байранд хүргэгдсэн хүнд яаралтай эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хэрэг боллоо гэхэд аймагт бол аймгийн эрүүл мэндийн нэгдэл очдог байсан. Энэ тал дээр Эрүүл мэндийн сайд ямар бодолтой байгааг сонсох нь зөв байх.
Хууль зүй, дотоод хэргийн сайдын хэлж байгаагаар бол, эрүүлжүүлэх байранд ажиллах эмч, эрүүл мэндийн байгууллагын ажилтан хаанаас цалинжих юм бэ? Энэ мэт жижиг өөрчлөлт оруулаад асуудлыг шийдчих боломжтой байхад улам хүндрэлтэй болгож, төсөвт ачаалал үүсэхээр хуулийн төсөл оруулж ирсэн байна.
Эрүүлжүүлэх байрны тухайд бол Засгийн газар өөрсдийн эрх, мэдлийн хүрээнд асуудлыг шийдвэрлэх боломжтой байх. Ихэнх эрүүлжүүлэх байрнууд хэвээрээ байгаа учраас жаахан засч, тохижуулах шаардлага тулгарах байх.
УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн цагдаа бол цагдаа, эмч бол эмч гэдэгтэй санал нийлэхгүй байна. Эрүүлжүүлэх байранд ажилладаг албан хаагч бол эрүүл мэндийн мэргэжилтэй цагдаагийн албан хаагч шүү дээ. Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын хувьд эрүүлжүүлэх байрны хүрэлцээ хангамж, дотоод тохижилт, орчны нөхцөл байдал, цагдаагийн албан хаагчдын харилцаа, хандлагын асуудлыг шийдвэрлээд явах нь зөв.
Ямар он удаан жил завсарласан, мартагдсан, түүхэн уламжлалыг сэргээж гаргаж ирэх гээгүй болохоор хуучнаар нь үргэлжлүүлээд явахад хүндрэл гарахгүй байх гэж бодож байна. Харин байнгын хорооны хуралдааны үеэр хоёр хуулийн төсөл дээр байгаа санаануудаа нэгтгээд явж болох байх."
Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг:
"Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ, Засгийн газраас оруулж ирж хэлэлцэн, шийдвэрлэх гэж байгаад нийт эрүүл мэндийн ажилчдынхаа өмнөөс талархал илэрхийлье.
Засгийн газрын хуралдаанаар уг асуудлыг авч хэлэлцсэн. УИХ-ын нэр бүхий гишүүд уг хуулийн төслийг бас санаачилсан. Засгийн газрын оруулж ирсэн хуулийн төслийн 6,2 дахь хэсэгт, эрүүлжүүлэх байр цагдаагийн байгууллагын харьяалалд ажиллах бөгөөд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх мэргэжлийн арга зүйн удирдлагаар эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцна гэж оруулж ирсэн. Уг хуулийн төслийн дагуу явбал согтууруулах согтуу хэтрүүлсэн этгээдэд үзүүлэх 6 төрлийн тусламж, үйлчилгээ Эрүүл мэндийн яамны харьяа асуудал хэвээр үлдэх болно.
Эрүүлжүүлэх байранд бага эмч ажилладаг, одоо ч ажиллаж байгаа. Эрүүлжүүлэх байранд байх хугацаандаа бие нь муудсан этгээдэд эрүүл мэндийн яаралтай тусламж, үйлчилгээг цаг алдалгүй хүргэсээр байгаа.
Хуулийн төслийн 7,2 дахь хэсэгт “Эрүүлжүүлэх байр нь мэргэжлийн эмчтэй байх бөгөөд тэр нь эмчийн ёс зүй, хэм хэмжээг сахиж, эмнэлгийн ажилтны эрх эдэлж, үүрэг хүлээн, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдэд эмнэлгийн үйлчилгээ шуурхай үзүүлж ажиллана” гэж заасан.
Мөн хуулийн төслийн 8,1 дэх хэсэгт “Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг хүргэж ирсэн түргэн тусламжийн төвийн ажилтан иргэнийг байлцуулан эрүүлжүүлэх байрны эмч уг этгээдийн эрүүл мэндийн байдалд үзлэг хийж, энэ тухай тэмдэглэл хөтөлж, эрүүлжүүлэх байранд хүлээж авна” гэж заасан байдаг.
Харин 7,2, 8,1 дахь хэсгүүд утга санааны хувьд хоорондоо давхацсан уу гэж харж байна. Учир нь эрүүлжүүлэх байранд эмч ажилладаг, Төрийн тусгай хамгаалалтын эмнэлэг ажиллаж байна. Тиймээс эдгээр заалтыг нэгтгэж, нэг утга санаа илэрхийлэх нь зөв болов уу гэж бодож байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт:
Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайд нарын хамтарсан баталсан журам бий. Уг журмын дагуу эрүүлжүүлэх байрны үйл ажиллагааг явуулна. Үүнд ямар нэгэн давхардал, хийдэл гарахгүй болов уу. ЦЕГ-ын харьяа Мэдээлэл, шуурхай удирдлагын төв гэж бий.
Энэ төвд цагдаагийн байгууллага, онцгой байдал, эрүүл мэндийн яаралтай түргэн тусламжийн үйлчилгээ гурав нэг дор хамт байдаг. Ямар нэг зөрчилдсөн зүйлгүй, үйл ажиллагаа нь тусдаа явж байна. Үүнтэй адилаар эрүүлжүүлэх байрны үйл ажиллагаа явуулах бололцоотой гэж харж байна.
Орон тоо, байрны хувьд тодорхой үндэслэлүүд бий. Урьд нь ч гэсэн асуудалгүй байсан уу гэвэл үгүй. Хэл, ам таталдаг байсан. Монгол Улсын сум, суурин газруудад хуучин нэг нэг эрүүлжүүлэх байр бий.
Одоо бол саатуулах зориулалтаар үйл ажиллагаагаа явуулж байна. Тэгвэл одоо дүүрэг бүрт, томоохон сум суурин газруудад эрүүлжүүлэх байр шинээр байгуулах шаардлага бий болсон. Үүнийг дагаад орон тоо ч хэрэгтэй болж байна.
Зөвхөн 2016 он гэхэд согтуугийн 149 мянган дуудлага ирсэн байдаг. Үүнээс орон нутагт 35 мянга, Улаанбаатар хотод 52 мянга нийт 87 мянган хүн саатуулагдсан байна. 87 мянган хүнээс эрүүл мэндийн байгууллагад хүргэж өгсөн 6280 хүн байна.
Эдгээр хүмүүс гудамж талбайгаас ухаангүй согтуу олдсон, биеэ авч явах чадваргүй болтлоо согтсон байна. Тэдгэр хүмүүсийг эрүүл мэндийн байгууллага ухаан оруулсны дараа буцаагаад цагдаагийн байгууллагад шилжүүлдэг. Энэ зарчмаар явж ирсэн.