О.Баасанхүү: Согтуу хүнийг бага, энгийн хүнийг их эмч үздэг ялгавар байж болохгүй
УИХ-ын нэгдсэн чуулганаар согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсэн этээдийг албадан хэрэгжүүлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэцлээ.
Засгийн газраас өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү нарын гишүүд асуулт асууж, үг хэлсэн юм.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү:
Манай хүн амын хэдэн хувь нь архичин болчихсон байна вэ? Энэ их хавтгайрсан архидалтад хатуу бодлого хэрэгтэй болсон. Тэгэхдээ архи, архичин хоёртой адил тэмцэх хэрэгтэй байна. Яагаад ийм их дуудлага ирээд байна гэдгийг бодох цаг болсон.
Архидалт Монгол Улсын эмэгнэл болчихоод байна. 159 мянган дуудлага гэдэг тоо аймшигтай сонсогдож байна. Цагдаагийн байгууллагын нэр хүндийг унагааж тэдэнд маш их төвөг учруулдаг хүмүүс бол согтуу хүмүүс.
Албатай юм шиг уучихаад цагдаагийн шаардлага хүлээж авахгүй өмнөөс нь ноцолдож дараа нь миний гар, хөл гэмтээчихлээ гэж зарга үүсгэдэг. Байнгын архины хэрэглээтэй 100 гаруй хүн байна. Тэднийг яах вэ.
Эмчлээд ч эмчилгээ, засал авахгүй, үхэх гээд үхчихэж чадахгүй хүмүүс бас байна цаагуур чинь. Хэдий архичин ч гэлээ тэр хүмүүсийн асуудлыг хүмүүнлэгээр хандах нь зүйтэй байх. Энэ хүмүүстэй тулж ажиллаж байгаа цагдаагийн байгууллагыг төсөв мөнгөний хувьд нь дэмжих тухай энэ хуульдаа оруулдаггүй юм уу?
Ийм хүнд хэцүү хүмүүстэй тулж ажиллаж байгаа ийм байгууллагуудаа хөхиүлэн дэмжиж, төсвөөс санхүүжүүлэх, ядаж л нийгмийн ухамсар суулгаад аваад явах гэсэн зүтгэлтэй энэ хүмүүстээ арай өөр системээр хандах хэрэгтэй байгаа юм. Хуучин хуулийг хангалтгүй байна гэж үзээд өөрчлөлт хийсэн байгаа шүү дээ.
Эрүүлжүүлэх байранд бага эмчийн орон тоо байгаад байгаа. Согтуу хүнийг бага эмч үздэг энгийн хүнийг их эмчид үзүүлдэг гэдэг ойлголт байж болохгүй л дээ. Согтуу ч гэсэн хүн л юм чинь мэргэжлийн хувьд мэргэшсэн хүн л байх ёстой.
Яаралтай тусламжийг өгөхгүй гээд яахав дээ. Хүний амь аврах тухай яригдаж байхад. Төрийн үйл ажиллагааг бодлогоор маш зөв системээр явуулах хэрэгтэй. Тийм болохоор та бүхэнд хандаж цэгцтэй бодлого оруулж ирэх хэрэгтэй гэж хэлэх гэсэн юм.
УИХ-ын гишүүн Баатарбилэг: Хариуцлагыг өндөрсгөх талаас анхаарч ажиллах шаардлагатай
Хууль зүй, дотоод хэргийн сайдын оруулж ирсэн хуулийн төслийг миний хувьд дэмжиж байгаа. Салбарын сайдын хэлж буйгаар орон байр, орон тоо, төсөв санхүүгийн хувьд хүндрэлтэй байгаа юм байна. Улс орны эдийн засаг байнга ийм байгаад байхгүй цаг хугацааны явцад засарч сайжраад явах байх.
Тэр үед нь хэлэлцэгдээд дараа дараагийн төсөвт нь суулгаад яваад байх боломжтой гэж үзэж байна. Маргаан дагуулаад байгаа эрүүл мэндийн байгууллагатай холилдчихсон юм шиг асуудлыг төсөв,санхүүтэй уялдуулж ярих шаардлагагүй гэж үзэж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайдад хандаж хэлэхэд та бүхэн хариуцлагаа өндөрсгөх талаас анхаарч үзэх нь зүйтэй байх гэдгийг хэлмээр байна. О.Баасанхүү гишүүн та бага эмч нарыг дорд үзэж болохгүй.
Хөдөө орон нутгуудад бага эмч нар анхан шатны тусламж үзүүлэх үүрэг хүлээн ажилладаг хүмүүс. Гэтэл та орон даяар үүргээ гүйцэтгээд явж байгаа эмч хүмүүсийг их бага гэж доромжилох нь зохимжгүй юм. Энэ хүүлийн төслийг яаралтай батлаад хэрэгжүүлэх нь зүйлтэй гэж үзэж байгаа.
УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл: Орчин нөхцлийг нь шоронтой адилтгаж байсан
Энэ хуулийн төслийг дэмжиж байна. Хүн бүр өөр өөрийн гэсэн янз бүрийн шалтгаанаар архи, согтууруулах ундааг хэрэглэдэг. Баярлаж хөөрсөн үедээ, гуниж гутарсан хүн ч бий.
Байнгын архины хэрэглээгүй ганц нэг уусан хүмүүсийн хувьд туслах асуудал учраас энд маш хүнэлэг, энэрэнгүй хандах ёстой гэж үзэж байна.
Би сэтгүүлчээр ажиллаж байхдаа “архигүй орчин” гээд нийслэлийн эрүүлжүүлэх байрнуудад сурвалжилга хийж байсан. Орчин нөхцлийн хувьд ярих юмгүй тухайн үед би хараад шоронтой адилтгаж үзсэн. Тэр чигээрээ цементтэй хонгил байдаг юм билээ.
Тэр цементэн шалан дээр дөрвөлжин хээтэй адиал нөмрөөд хэвтэж байдаг. Тиймээс тэр аймшигтай орчин нөхцлийг засаж сайжруулах саналыг 100 хувь дэмжиж байна.
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар гишүүн: Орчны сайжруулалтад шаардагдах санхүүгийн дэмжлэг үзүүлчихбэл хүний эрхийн хэрэгжилт хангагдаад явах боломжтой
О.Баасанхүү гишүүнээ Улсын дээд шүүхийн хариуцлага байдаг шүү дээ. Захиргааны хариуцлагын тухай хуулийн 22-т согтууруулах зөрчил гаргасан хүнд ногдуулах шийтгэлийг тодорхойлсон.
Хэвийн бус байдалай тохиолдолд л эрүүлжүүлэх байрны арга хэмжээг авч байгаа. Бусад тохиолдолд согтууруулах ундааг хэрэглэсэн өөрөөр хэлбэл бусдад, саад учруулж, аюулгүй явж байгаа хүмүүсийг нь гэртээ харих тухай зааж зөвлөөд явуулдаг.
Гудамжинд согтууруулах ундаа хэрэглэсэн хүн уначихсан тохиолдолд Эрүүл мэндийн сайд болон Хууль зүй, дотоод хэргийн сайд нарын хамтын тушаалын дагуу 103 түргэн дуудаж эмчийн үзлэгт оруулж, эмнэлэгт хүргэх, эрүүлжүүлэх байранд хүргэх эсэхийг нь шийдвэрлэдэг. Нийслэлийн олон дүүрэгт эрүүлжүүлэх байрны ажил хэвийн явагдаж ирсэн.
Тэр орчинд ажиллаж буй бага эмч нар ч чиг үүргийнхээ дагуу хэвийн ажиллаад болоод ирсэн юм. Харин эрүүлжүүлэх байрнуудын хувьд орчин нөхцөлийг нь сайжруулах төсөв мөнгө, санхүүгийн асуудлыг нь нэмэгүүлээд явчихбал энэ байгууллагын үйл ажиллагаа сайжирч хүний эрхийн эхэргжүүлэлт улам илүү хангагдах юм.