О.Баасанхүү: Засгийн газар Үндсэн хуулийг өөрчлөх, санаачлах эрхгүй
УИХ-ын гишүүн О.Баасанхүү
2016.11.29

О.Баасанхүү: Засгийн газар Үндсэн хуулийг өөрчлөх, санаачлах эрхгүй

УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй ярилцлаа.

-Үндсэн хуульд өөрч­лөлт оруулах ажлын хэс­гийг баяр тааруулж томилсон гэх мэдээ­лэл гарлаа. Мөн хилийн асуу­дал маргаан дагуул­лаа. Сөрөг хүчин болсон цөөнх, тэр дотор МАХН-аас сонгогд­сон төлөөлөл үүр­гээ гүйцэтгэж байна уу?
Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр болсон Улс тунхагласны баярт зориулсан эрдэм шинжилгээний хурал дээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат ноцтой мэдэгдэл хийсэн. Түүндээ “Бид Үндсэн хуулийг өөрчлөх ажлын хэсгийг Засгийн газраас гаргах тог­тоолыг баталлаа” гэсэн. 
Тэр мэдээлэл явж байгаа байх. Ер нь бол Засгийн газар Үндсэн хуулийг өөрчлөх, санаач­лах эрхгүй. Үнэхээр хэт давамгайлсан, хэт олонх болсон өнөөгийн бай­далд иймэрхүү байдлаар,  Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, эрх ашигт ноц­той нөлөөлөх тогтоол, шийд­вэрүүд гарч болзошгүй учраас бидний хувьд бол­гоомжтой хандаж, бас сэрэмжлүүлж байгаа. Бид сөрөг хүчний үүргээ гүйцэтгэж байгаа.
-Улсын төсөв батлахад батлан хамгаалах салбарын төсвийг хумисан байна гэж Б.Бат-Эрдэнэ сайд хэлж байсан. Өнөөдөр хилийн тухай оруулах, хилийн цэргийн статусыг өөрчлөх нь гэсэн мэдээлэл газар авлаа. Энэ талаар та юу хэлэх вэ?
Нэгдүгээрт, хилийн цэргийг хилийн цагдаа болгох асуудал нэлээд хэл ам дагуулж байгаа. Орж ирсэн хуулийн төсөлд бол ийм  үг үсэг байхгүй. Монгол Улсад 20 жил Хууль зүйн сайд хийсэн Ц.Нямдорж, нөгөө талаас хуулийг үг үсэгчлэн дагах үүрэгтэй холбогдох газруудынх нь  байр суурь, тэр дундаа Хил хамгаалах ерөнхий газрын байр суурийг тодорхойлсон үг хэллэг нь олон нийтэд  том төөрөгдөл өглөө гэж харж байна. Ер нь бол  хилийн үүргийг  багасгах сонирхол үе үеийн Засгийн газрын үед явж ирсэн гадны бодлого гэж би хардаг.
-Тухайлбал?
Хилийн хорионы бүсийг хуульчилсан  байдаг. Тэр нь юу вэ гэвэл, хааш хаашаа 100 км-т хээрийн сургууль хийх болон цэрэг стартегийн ач холбогдол бүхий зон гэж нэрлэдэг чөлөөт хамгаалалтын бүс бий. Тэнд аж ахуйн ямар нэг үйл ажиллагаа явуулж болохгүй заалттай. Гэтэл үүнийг 15 км болгож багасгах гэж байгаа нь Монгол Улсын хилийн аюулгүй байдалд харш нөлөө үзүүлнэ.
-Хил хамгаалах байгуул­лагын үүрэг, функцыг өөрчилж, өөр тийш шилжүүлж хил хамгаалах бодлогыг хумиж болохгүй биз дээ?
Хилийн шалган нэвт­рүүлэх газрыг иргэний харьяатад авсан ноцтой алдаа өмнөх парламентын үед ч байсан. Энд гур­ван асуудал байгаа. Нэгдү­гээрт, Иргэн харьяатын албанд хилийн шалганыг хийх хүн хүчний хувьд учир дутагдалтай. Хоёр­ду­гаарт, ижил төстэй бай­гууллага хоорондоо харилцах боломжгүй бол­дог. Өөрөөр хэл­бэл, аливаа маргаан гар­лаа гэхэд Иргэний харьяатыг хоёр талын Орос, Хятадын хилийн цэр­гийн ижил төсний бай­гууллага хүлээж авдаггүй.
Гуравдугаарт, ер нь хилийн шалганыг боом­тын хэлбэрээр оруулна гэдэг тухайн үедээ гадны нөхцөл байдлыг хэт хуулбарлан оруулж  ирснээс болж амьдралд нийцэж чадаагүй. Тиймээс хилийн шалганыг ижил төстэй байгууллага гэдэг утгаар оруулж ирье гэсэн байр суурь байсан гэж би ойлгож байгаа. Одоо ч гэсэн Орос, Хятадын тал хилийн цэрэгтэй байгаа учраас Монгол Улс ч гэсэн өнөөдөр хилийн цэрэг гэдэг энэ нэр томъёолол, статустайгаа байхаас өөр арга байхгүй. 
-Сүүлийн үед урд хөрштэй харилцаж байгаа асуудлууд, Далай ламын  айлчлалтай холбоотой байр суурь олон нийтийн анхаарлын төвд байна. Та юу гэж харж байна?
Ер нь бол өнөөдөр эдийн засгийн хүндрэлтэй  нөхцөл байдалд, ард түмнээ “Хамтдаа хөгжье” гээд байгаа биз  дээ, эрх баригчид маань.  Түүнээс биш Монголын ард түмнээс тусдаа ямар нэг үйлдэл хийх юм бол ард түмэн дүнгээ тавих байх. Би ингэж л харж байна.
-Нэг нам гарч ирээд түүх  дурсгалын нэршлийг сольдог, тогтсон баярыг өөрчилдөг явдал манайд зуршил боллоо. Саяхны жишээ гэхэд л Улс тунхагласны баярыг тэмдэглээ больсон байсныг сэргээлээ. Дараагийн сонгуульд өөр нам гарвал бас л өөрчлөх болов уу?
Хууль санаачлагчдын нэг нь би. Хуульч хүн, нөгөө талаас төр түшилцэж буйн хувьд түүх түүхээрээ байх ёстой гэж үзсэн. 1924 оны Анхдугаар Үндсэн хуулийг баталсан гол ач холбогдол юу вэ гэвэл, бид дэлхийн түүхэнд Ром, Германы эрх зүйн системтэй бөгөөд Үндсэн хуульт Бүгд найрамдах улсыг зарласан байдаг. 
Манай зарим хүмүүс Тусгаар тогтнолын баяр юм шигээр ойлгож яриад байдаг. Монгол Улс тусгаар тогтнолоо 1911 оны арванхоёрдугаар сард зарлачихсан байсан. Тухайн үед эрх зүйн тогтолцоогоо бүрэн сонгож чадаагүй. Өөрөөр хэлбэл, хаант засагтай байх уу, бүгд найрамдах засаглалтай байх уу гэдэг асуудал явсаар 1924 онд Анхдугаар Үндсэн хуулиа баталж, тэрхүү Үндсэн хуульдаа нэг намын тогтолцоог авсан байдаг.
Нэг үгээр хэлбэл, тухайн үед МАХН түүхэн үүргээрээ гарч ирсэн. Тэгэхээр МАХН өнөөдөр хүртэл оршин тогтнож, тусгаар тогтнолын буюу Бүгд найрамдах улсыг зарлан тунхаглах тэр үйл явцыг үргэлжлүүлж байгаад би баяртай байгаа. Дахиад хэлэхэд, түүх түүхээрээ байх ёстой. Дараагийн сонгуульд өөр нам олонх болж гарч ирээд Улс тунхагласны баяр тэмдэглэхийг  болиулна гэж бодохгүй байна. Хэрэв тэгвэл, улсаа үгүйсгэж байгаагаас өөрцгүй шүү дээ.