С.Бямбацогт: Хилийн цэргийг хилийн цагдаа болгохгүй
Хилийн цэргийг хилийн цагдаа болгох тухай асуудал багагүй яригдаж байна. Энэ тухай Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогтоос тодрууллаа.
-Хилийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг энэ долоо хоногт хэлэлцэж байна. Энэ асуудалд зарчмын зөрүүтэй хэд хэдэн санал байна. Тухайлбал, хилийн цэргийг цэргийн цагдаа болгох тухай яриа байна. Хуулийн төсөлд энэ тухай тусгагдсан уу?
Хуулийн төсөлд хилийн цэргийг хилийн цагдаа болгох тухай нэг ч үг, үсэг байхгүй. УИХ-ын гишүүд үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхээ эдлэж асуулт асууж, саналаа хэлж байна. Хуулийн төслийг байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Ц.Нямдорж хилийн цэргийг хилийн цагдаа болговол яасан юм гэсэн санал хэлсэн. Мөн Ж.Энхбаяр гишүүн маань яагаад хил хамгаалах байгууллага, хилчин гээд байгаа юм хилийн цэрэг гэж нэрлэж болохгүй юу гэсэн санал хэлсэн.
Хуулийн төсөлд хилчин гэсэн нэр томъёоллоор явж байгаа. Өөрөөр хэлбэл Монгол Улсын Их хурлын 2002 оны 20 дугаар тогтоолоор батлагдсан “Төрөөс хилийн талаар баримтлах бодлого”, түүнчлэн УИХ-ын 2015 оны 85 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улсын Батлан хамгаалах бодлогын үндэс” заасны дагуу тайван цагт хилийн цэрэг нь бие даасан үүрэг гүйцэтгэх бөгөөд тэдгээрийн бүтэц, чиг үүргийг хуулиар тогтоохоор заасны хүрээнд хуулийн төсөл боловсруулагдсан байгаа. Ийм учраас хилийн цэрэг, хил хамгаалах байгууллага гэсэн томъёолол хуулийн төсөл хэрэглэгдсэн байгаа. Гишүүдийн хэлсэн үгэн дээр дөрөөлж, тухайн үг нь хуулийн төсөлд байгаа мэтээр тайлбарлах, мушгих, гуйвуулах шаардлагагүй юм.
-Мөн хилийн бүс, хилийн нутаг дэвсгэр гэх мэтчилэн цөөнгүй өөрчлөлтүүд байна. Энэ талаар тайлбарлахгүй юу?
Хилийн бүс, хилийн зурвас, хилийн шугам, хил орчмын нутаг дэвсгэр гэх мэт олон томъёоллууд байгаа. Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Монгол Улсын хилийн тухай хуульд хилийн бүсийн өргөнийг 100 хүртэл км-ээр тогтоохоор заасан байдаг. Хилийн бүсэд иргэд орохдоо зөвшөөрөл авдаг, аж ахуй нэгж байгууллага үйл ажиллагаа эрхлэхдээ хяналт дор ажилладаг гэхчилэн нилээдгүй хүндрэлүүд байсан. Иймээс хилийн бүс гэдэг нэр томъёог хасч хил залгаа улстай хиллэж байгаа сумуудын нутаг дэвсгэрийг хил орчмын нутаг дэвсгэр гэж томьёолж тусгасан байгаа. Манай улсын 21 аймгийн 14 нь хилийн нутаг дэвсгэр дээр, 70 орчим сум хилийн бүсэд байрлаж байна.
Хуулийн төсөлд хил орчмын нутаг дэвсгэрт 70 орчим сумаа хамааруулахаар тусгасан байгаа. Хилийн зурвас гэдгийг хилийн шугамаас 15 км хүртэлх радиуст байрлах нутаг дэвсгэрийг хамааруулж, энэ зурваст Хил хамгаалах байгууллагаас зөвшөөрөлтэйгээр нэвтэрч, Хилийн тухай болон бусад хууль тогтоомжоор хориглосноос бусад ажил, үйлдвэрлэл явуулдаг зохицуулалтыг хэвээр хадгалж байгаа юм. Ингэж нэг талаасаа аж ахуй нэгжүүдэд хил орчмын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах боломжийг нээлттэй болгоё, нөгөө талаас тодорхой нутаг дэвсгэрт хатуу хараа хяналттай болгох үүднээс энэ өөрчлөлтийг тусгасан юм. Үүнийг 100 км байсныг 15 км болгочихлоо гэж “мушгих” шаардлагагүй.
-Хил орчимд уул уурхай эрхлэх зөвшөөрлийг олгож эхлэх нь гэсэн шүүмжлэл багагүй гарч байна. Энэ үнэн үү?
Хуучин бол хилийн шугамнаас 100 км доторх радиуст уул уурхай эрхлэх боломжтой байсан. Гагцхүү зөвшөөрөл л авдаг байсан юм. Одоо ч гэсэн хэвээрээ л байна. Урьд нь хориглосон байсан зүйлийг одоо нээж өгч байна гэж ойлгож болохгүй. Өөрөөр хэлбэл урьд нь ч хориглоогүй байсан. Тодорхой зорилгоор, бодлогоор ташаа ойлголт төрүүлж мушгиад байх шаардлагагүй гэж хэлмээр байна.