Хөгжлийн банкны томоохон зээлийн 60 гаруй хувийг МАН-ын гишүүдийн компаниуд авсан
УИХ дахь ардчилсан намын бүлгийн хуралдаанаар хэд хэдэн асуудлыг хэлэлцжээ. Хэлэлцсэн асуудлаар УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ, Төсвийн Хяналтын дэд хорооны дарга З.Нарантуяа, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ
АН-ын бүлэг үйл ажиллагаагаа идэвхжүүлнэ
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ:
"Эрх баригчдын хэт улстөржсөн хандлагаас болж, улс орны нэр хүнд олон улсын хэмжээнд уналаа. Өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын зээлжих зэрэглэл буурлаа. Ардчилсан нам эрх барих үед олон улсын зах зээл дээр эрдсийн үнэ унасан. Бид олон үр дүнтэй арга хэмжээ авч эдийн засгийг хэвийн хэмжээнд авч явж байсан.
Гэтэл МАН-ын хэт улстөржсөн хандлагаас болж, улс орон хүнд байдалд орлоо. 4 сарын дотор АН-ын эрх барьж байсан 4 жилтэй тэнцэхүйц хэмжээгээр валютын ханш өслөө.
МАН-ын ард түмний олонхийн санал авсан учраас бид хүндэтгэж, хүлээцтэй хандаж ирлээ. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл нааштай үр дүн гарсангүй. Тиймээс манай бүлэг үйл ажиллагаагаа идэвхжүүлэх болно. Өнөөдөр үдээс хойш Ерөнхий сайдад шаардах бичиг өгнө. Цаашид цаг тухай бүрт нь улстөрийн акц гаргах болно. Шаардлагыг хүлээж авахгүй бол тэмцлийн төрөл бүрийн хэлбэрийг ашиглана."
Хөгжлийн банкны томоохон зээлийн 60 гаруй хувийг МАН-ын гишүүдийн компаниуд авсан
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ:
“Энэ 7 хоногт ЭЗБХ болон ХЗБХ-ны хуралдаанаар Засгийн газраас Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын үр дүнг хэлэлцэхээр төлөвлөсөн. Хуулиараа Засгийн газрын мэдээллийг хэлэлцэхээс 7 хоногийн өмнө намын бүлгүүдэд хүргүүлэх ёстой. Гэтэл одоогоор АН-ын бүлэгт мэдээлэл ирээгүй байна. Тиймээс энэ асуудлыг хэлэлцэхийг хойшлуулах хүсэлт тавина.”
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
“Хөгжлийн банкны томоохон зээлийн 60 гаруй хувийг МАН-ын гишүүдийн компаниуд авсан. Зарим компанийн нэр хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарсан. Хэвлэл мэдээллээр гараагүй, одоогийн УИХ-ын гишүүдтэй холбоотой компаниуд энд бий гэдгийг хэлмээр байна. Үүнийг зарлах боломж ч байгаа."
МАН Хөгжлийн банкийг хэтэрхий улстөржүүлж, ганц АН хуваагаад идчихсэн мэт ойлголтыг олон нийтэд төрүүлж, тархи угааж байна.
Хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг яаж ч сайн боловсруулсан бай хэрэгжих ямар ч боломжгүй
УИХ-ын гишүүн З.Нарантуяа:
"Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн төслийг энэ долоо хоногт УИХ-ын байнгын хороо, чуулганаар хэлэлцэнэ. Засгийн газрын өргөн барьсан төслийг харахад өмнөх буцаасан хуулийн төсөл дээр 2 жижиг заалт нэмсэн байсан. Одоо ажлын хэсэг дээр хэрхэн өөрчлөгдсөнийг мэдэхгүй байна. Учир нь АН-ын бүлгийн гишүүдээс энэ ажлын хэсэгт орж ажиллаагүй.
Нөгөө төлөөсөө энэ хуулийн төслийг яаж ч сайжруулсан байлаа гээд хэрэгжих боломжгүй. Учир нь энэ хууль нь Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулиудтай цогц байдлаар хэрэгжих ёстой. Эдгээр хуулийн хэрэгжих хугацааг УИХ хойшлуулчихсан, заримыг нь буцаасан."