Эдийн засгийг сэргээх хөтөлбөр батлагдлаа
УИХ-ын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөрийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн эхний хэлэлцүүлгийг хийсэн.
Засгийн газар уг хөтөлбөрийг 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн бөгөөд холбогдох байнгын хороогоор хэлэлцэх эсэхийг дэмжсэний дараа хөтөлбөрийн агуулга, заалтуудыг цэгцлэх шаардлагатай байна гэж үзээд УИХ-аар эхний хэлэлцүүлэг хийхийг 14 хоногоор хойшлуулсан юм.
Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд уг тогтоолын төслийн эхний хэлэлцүүлгийг хийж байх үеэр УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, О.Баасанхүү, Я.Содбаатар, С.Бямбацогт нарын гишүүд асуулт асууж, үг хэлсэн. Гишүүдийн асуултад УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн, УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва нар хариулсан юм. Ингээд байнгын хорооны зарчмын зөрүүтэй 36 саналаас эхнээс санал хурааж байгаад чуулган түр завсарласан.
УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, үлдсэн зарчмын зөрүүтэй саналууд санал хураасны эцэст, тогтоолын төслийг баталъя гэсэн саналын томъёоллоор санал хураахад 50 гишүүн оролцож, 82 хувийн саналаар тогтоолын төсөл батлагдлаа.