О.Баасанхүү: Казино, эдийн засгийн хүндрэл хоорондоо ямар холбоо хамааралтай юм бэ?
УИХ-ын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар "Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөр батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү казино байгуулах тухай, гадны банк оруулж ирэх, татварын бодлого зэрэг асуудлыг хөндөж, асуулт асуусан юм.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү:
"Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөрийг УИХ-д оруулж ирж байгаа нь сайн хэрэг.
Уг хөтөлбөр хөрсөнд дээр буусан уу? Хөөсөрсөн шинжтэй байна уу?
Хөрсөн дээр буусан хөтөлбөрийг хэрэгжүүлэх амархан. Хөөсөрсөн байвал хэцүү. ОХУ, БНХАУ руу бараа бүтээгдэхүүн экспортлоход татвар өндөр байдаг. Гэтэл манай улсын гаалийн татвар 5 хувьтай байдаг. Дэлхийн худалдааны байгууллагын өмнө гишүүн орон гэдгээрээ дэндүү олон үүрэг хүлээжээ. Үүнийг болиулах хувилбар байна уу?
Ямар ч сайн хөтөлбөр хэрэгжүүлж, экспортын бодлогоор дэмжлээ гээд олон улсад татварын хувь хэмжээ нь хэрээс хэтрээд байна. Засгийн газар хүндрэлээс гарах хөтөлбөр хэрэгжүүлэх бол наад зах нь ямар тоног төхөөрөмж хаанаас оруулж ирэх, гааль, хилийн асуудал ямар байгаад анхаарахгүй юун казино оруулаад ирэв?
Эдийн засгийн хүндрэл, казино хоёр юугаараа холбогдож байна? “Гуя дагаж хүзүү гэдэг” шиг хар тамхиа хянаж чадахгүй үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрсэн, мөрийтэй тоглоомын газарт хэрэг гарч, олон хүн гэмтсэн. Авлигыг хянаж чадахгүй байна.
Жилийн жилд казино байгуулах тухай асуудлыг оруулж ирдэг. Гэтэл эдийн засгийн хүндрэл, казино хоёр бол тусдаа асуудлууд. Казиногийн тухай хуулийн төслийг хэзээ оруулж ирэх, ямар ашигтай юм бэ?
Гадны банкийг оруулж ирэх боломж байхгүй юу? Хэзээ орж ирэх вэ? Жилийн 27 хувийн зээлийн хүү, 20 хувийн татвар төлнө гэхээр бизнесүүд орлогынхоо 60-70 хувийг алддаг. Яаж ашиг олох юм бэ?
1,5 тэрбум төгрөгөөс дээшгүй жилийн орлоготой аж ахуйн нэгжүүдийн татварыг 90 хувиар хөнгөлөх хуулийн төслийг эргүүлэн татлаа. Сангийн сайдын компани орлоо гэж улстөржиж, Сангийн сайд нь надад хамаагүй гээд татаад авчихаж болохгүй. Болохгүй бол уг хуулийн төслийг дахин өргөн баръя. Жижиг дэлгүүр ажиллуулж буй иргэд, ААН-ийн татварыг хөнгөлмөөр байна. Дэлгүүрүүдээр ороод үзэхээр өрийн бичиг нэртэй зузаан дэвтрүүд байгаа. Иргэдийн тавьсан жижиг зээлийг жагсаан бичсэн өрийн дэвтэр бий. Татвар, НӨАТ-ын машин хоёр давхар дарамт болж байна. Татварын бодлогоор дэмжих замаар хүндрэлээс гарах тодорхой бодлого байна уу?
Эдийн засгийн хүндрэлийн гол шалтгаан нь дарамт. Дарамт нь татвар шүү дээ.
Үнэ тогтворжуулах хөтөлбөр бол эдийн засгийн хүндрэлээс гарах оновчтой бодлого байсан. Уг хөтөлбөрийг буруу байсан мэтээр тайлбарлаж байна. Тиймээс Засгийн газрын оруулж ирж буй төсөл, хөтөлбөрүүд үнэхээр хэрэгжих үү? Төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэхийн тулд хичнээн хэмжээний хөрөнгө мөнгө босгох шаардлагатай байна?"
УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн:
"Казиногийн тухай хуулийн төслийг өнгөрсөн парламентийн үед УИХ-д өргөн барьчихсан. Гадны банкийг оруулж ирэх хэрэгтэй гэдэг дээр надтай санал нэг байна. Засгийн газрын эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөрт “Гадаадын салбар, нэгж байгуулах боломжийг судалж, эрх зүйн зохицуулалтыг сайжруулах” гэсэн зорилт тусгасан.
1,5 тэрбум төгрөг хүртэл жилийн борлуулалтын орлоготой ААН-үүдийн татварыг 90 хувиар хөнгөлөх хуулийн төслийг Засгийн газар татаж авсан. Уг хуулийн төслийг хэлэлцэж байх үеэр жилийн борлуулалтын орлогыг татвар ногдох орлого, ашгаас тооцох татварыг татвар ноогдуулах орлого гэсэн хоёр ойлголтын хүрээнд маргаан үүсч, Сангийн сайд ашиг, сонирхлын зөрчилтэй хуулийн төсөл оруулж ирлээ гэсний үндсэн дээр татаж аваагүй.
Засгийн газар уг хуулийн төслийг татаж авсан гол шалтгаан бол анх үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор 4 салбарыг хамруулах оруулж ирсэн боловч хэлэлцүүлгийн явцад нэмж 5 салбар нийт 9 салбарт нэг хувийн татвар ногдуулах болсноор 2017 оны төсвийн орлого буурах эрсдэл үүссэн.
Сангийн сайд ашиг сонирхлын зөрчилтэй хуулийн төсөл оруулж ирсэн гэдэг ярианд албан ёсоор тайлбар хийхэд, миний үүсгэн байгуулсан компаниуд дотор барилгын материалын үйлдвэрлэл эрхэлдэг компани байхгүй. Барилга угсралт компани байгаа нь үнэн. Тиймээс ашиг сонирхлын зөрчилтэй хуулийн төсөл оруулж ирээгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна."