УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва
2016.11.24

Д.Тэрбишдагва: Улсын үйлдвэрийн газрууд, төрийн байгууллага, орон нутаг хэмнэлтийн горимд шилжих ёстой

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва үг хэллээ.

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва: 

"Эдийн засгийн хямралтай энэ үед бүгд хэмнэлтийн горимд шилжих хэрэгтэй байна. Ялангуяа улсын үйлдвэрийн аж ахуйн газрууд, төрийн байгууллагууд, орон нутгийн байгууллагууд боломжоороо хэмнэлтийн горимд шилжих зайлшгүй шаардлагатай байна. Төсөв хэмнэж болох олон жишээг гишүүд дурдаж байсан.

Тансаг хэрэглээг хязгаарлах, өндөр үнэтэй орон сууц, машины татварыг нэмэх талаар олон санал санаачилга Засгийн газар гаргаж байсан. Тиймээс хэмнэлтийн горимд шилжиж, улсын төсөвт тодотгол хийх шаардлагатай гэж бодож байна.

Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөрт Хөгжлийн банктай холбоотой заалт орсон.

Тодруулбал, өмнө нь болон одоо концессын гэрээ хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрүүдэд шалгалт хийж, цаашид хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтыг баталж, хэрэгжүүлэх механизмыг хөрөнгө оруулагч нарт тодорхой болгох гэж заасан.

Мөн "Хөгжлийн банк", "Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сан", "Үнэ тогтворжуулах хөтөлбөр"-ийн хүрээнд олгосон зээлийн ашиглалтад шалгалт хийж, үнэлэлт өгнө гэж тусгасан."