Хууль зүйн байнгын хороо хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо
2016.11.22

Хууль зүйн байнгын хороо хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2016.11.22/ хуралдаан 14 цаг 28 минутад 57.9 хувийн ирцтэй эхэлж, гурван асуудал хэлэлцэж шийдвэрлэв.

Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Засгийн газраас энэ сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх тухай асуудлыг хэлэлцлээ. Энэ талаархи хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт танилцуулсан юм.

Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуулийн 4.2-т “Үндсэн чиглэлийн төслийг хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага холбогдох бусад байгууллагын саналыг авч нэгтгэн судалсны үндсэн дээр Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт нийцүүлэн боловсруулна” гэж заасан. Улсын Их Хурал өмнө нь дөрвөн удаа хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэл баталж, хэрэгжүүлж байжээ. Харин өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд буюу 2016 он хүртэл хууль тогтоомж боловсруулах талаар үндсэн чиглэл батлагдаагүй.

Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлийн төсөлд Улсын Их Хурлын гишүүд, Засгийн газрын гишүүд, холбогдох бусад байгууллага зэрэг нийт 43 байгууллагаас санал авч нэгтгэсний үндсэн дээр үндсэн чиглэлийн төсөлд 260 хууль, Улсын Их Хурлын 16 тогтоолын төсөл боловсруулж өргөн мэдүүлэхээр тусгажээ.

Үндсэн чиглэлийн төсөлд тусгагдсан эдгээр 260 хуулийн төслийг хууль санаачлагчаар нь авч үзвэл, Засгийн газар 239, Улсын Их Хурлын гишүүд 17, Монгол Улсын Ерөнхийлөгч 4 хуулийн төсөл, Улсын Их Хурлын тогтоолын төслийн хувьд Засгийн газар 12, Улсын Их Хурлын гишүүд 3, Монгол Улсын Ерөнхийлөгч 1 тогтоолын төсөл тус тус санаачлахаар тогтоолын төсөлд тусгасан. Эдгээр хуулийн төслийн 75 нь анхдагч хуулийн төсөл, 85 нь шинэчилсэн найруулга, 99 нь хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, 1 нь хууль хүчингүй болгох тухай хуулийн төсөл болохыг сайд илтгэлдээ дурдлаа. Мөн уг тогтоолын төсөл батлагдснаар Засгийн газраас 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан зорилтыг хэрэгжүүлэх, хууль санаачлагчдаас санаачлах хууль тогтоомжийн төслүүд давхардалгүй, тодорхой цаг хугацаанд төлөвлөгдөн, өөр хоорондоо уялдаа холбоотой боловсруулагдах боломжтой болно гэдгийг тэрбээр онцлов.

Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Ж.Ганбаатар, Н.Оюундарь, О.Батнасан, Ж.Батзандан, Л.Мөнхбаатар, Н.Учрал, Ш.Раднаасэд нар Хууль зүй, дотоод хэргийн сайд болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулан хариулт авсан юм. Салбарын сайд гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, эдийн засаг, бизнесийн орчныг сайжруулж, энэ чиглэлээр эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох асуудал Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан.

Энэ үндсэн дээр хямралыг гэтлэн давах нэг гол арга зам нь эрх зүйн зөв орчныг тогтоох, засаглалын тогтолцоог боловсронгуй болгох, үүний зэрэгцээ хуулийн давхардал, хийдлийг арилгах, хуулийг нэг мөр хэрэгжүүлдэг байх зарчмыг үндэс болгож тогтоолын төслийг боловсруулсан. Хууль тогтоомжоос гадна стандарт, дүрэм журам, тусгай зөвшөөрлийг цэгцлэх асуудал байгаа. Одоогоор зөвхөн тусгай зөвшөөрөл 1400 орчим байгааг цөөлөх шаардлагатай байна.

Үндсэн чиглэлийн төсөлд тусгагдаагүй ч зайлшгүй шаардлагатай гэж хууль санаачлагчдаас үзсэн төслүүдийг нэмж тусган хэлэлцээд явах боломжтой. Ирэх оны эхнээс Хууль тогтоомжийн тухай хууль хэрэгжиж эхлэхээр хууль тогтоомжийн төсөл боловсруулахад тавигдах шаардлага, шалгуур өндөр болж, тэр хэрээр хууль боловсруулах үндэслэл бодитой болох юм. Иймээс хуулийг хэрэгжүүлэх бэлтгэлийг хангахад яамны зүгээс ихээхэн анхаарч шат шатны сургалтууд удаа дараа зохион байгуулж, гарын авлага хэвлүүлж тараах зэргээр ажиллаж байна гэдгийг хэллээ.

Харин тогтоолын төслийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан үг хэлсэн УИХ-ын гишүүн Б.Баттөмөр эдийн засаг хямралтай байгаа ийм үед орлого олох, далд эдийн засгийг ил болгох, бизнесийг дэмжихэд чиглэсэн хууль эрх зүйн орчныг сайжруулахад юуны түрүүнд анхаарч цогцоор нь шийдвэрлэх нь зүйтэй, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж шинэчлэн найруулах шаардлагагүй хуулиуд олон орсон, шаардлагагүй асуудлуудыг хуульчлахаар тусгасныг төслөөс хасах, гол нь хуулийн хэрэгжилтийг хангах, тогтвортой байдлыг хадгалахад анхаарах, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Ж.Батзандан нар Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг 2017 онд ард нийтээс асууж шийдвэрлэх чиглэлээр засаглалын тогтолцоог боловсронгуй болгох асуудлыг үндсэн чиглэлийн төсөлд тусгах шаардлагатай зэргийг хэлж байв.

Ингээд санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 84.6 хувь нь тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжсэн тул энэ талаархи санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтлоо.

Дараа нь Монгол Улсын Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэх тухай асуудлыг хэлэлцэж, хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт танилцуулсан юм.

Монгол Улсын хилийн тухай хууль 1993 онд батлагдсанаас хойш уг хуульд улсын хил хамгаалалт, улсын хилээр зорчигч, тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлэх, хил хамгаалах байгууллагад үүрэг гүйцэтгэж байгаа цэргийн албан хаагчийн нийгмийн баталгааг нэмэгдүүлэх зэрэг чиглэлээр 13 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. Гэвч цаашид улсын хилийн аюулгүй байдлыг хангах, хилийн болон хил орчмын дэглэм, хилийн боомт, түүнд мөрдөх журмын зохицуулалтыг боловсронгуй болгох, хилийн нөхцөл байдал, байгаль орчин, цаг агаар, физик, газар зүйн онцлогт тохируулан улсын хил хамгаалалтыг бүсчилэн зохион байгуулах, хилийн аюулгүй байдлыг хангах төрийн байгууллагын тогтолцоо, хилчдийн эрх зүйн байдал, улсын хил хамгаалалтад иргэн, байгуулагын оролцоог шинэчлэн тодорхойлж, хуульчлах шаардлагатай болжээ.

Түүнчлэн Монгол Улсын хилийн тухай хуулийн зарим зохицуулалтыг боловсронгуй болгох, хуульд хэрэглэсэн нэр томъёог олон улсын эрх зүйн зарчим, Улсын Их Хурлаас баталсан Батлан хамгаалах бодлогын үндэс, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалтай нийцүүлэх, улсын хил хамгаалалтыг олон улсын түвшинд хүргэх шаардлага зүй ёсоор гарч байгааг харгалзан уг хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ. Хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь 8 бүлэг, 58 зүйлтэй юм.

Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Монгол Улсын хилийн тухай хуульд хэрэглэсэн нэр томъёо бусад хуулинд хэрэглэгдэж буй нэр томъёотой давхардсан, ижил зохицуулалтыг агуулсан, эсхүл өөрөөр тодорхойлох зэргээр зөрчилдөж байсныг хуулийн төсөлд шинээр тодорхойлж тусгасан. Мөн манай орны эдийн засагт уул уурхайн салбарын эзлэх хувь нэмэгдэж, газар тариалангийн талбай, малын бэлчээр улам тэлж, хилийн бүсэд мөрдөх журам нь бодит амьдрал дээр зөрчигдөж, зарим талаар улсын хил хамгаалалтад төдийлөн ач холбогдолгүй болж байгаа тул төсөлд хилийн бүсгүй байхаар тогтоож, хил хамгаалалтын зориулалтаар ашиглах улсын хилийн зурвас, боомтын газар нь төрийн мэдэлд байх асуудлыг хуулиар баталгаажуулж, хилийн болон хил орчмын дэглэмийг сахиулахтай холбогдох зохицуулалтыг нарийвчлан тусгасныг хууль санаачлагч илтгэлдээ дурдав.

Мөн улсын хил хамгаалалтыг өөрийн улсын онцлогт тохируулан бүсчилсэн байдлаар зохион байгуулахаар шинээр зохицуулсан, мөн улсын хил дамнасан гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, хил орчмын нутаг дэвсгэрт ард, иргэдийг гэмт халдлагаас хамгаалах үед тусгай хэрэгсэл, биеийн хүч хэрэглэх үндэслэл, хэрэглэх журмыг шинээр тусгасан. Түүнчлэн уг хуулийн төслийг дагалдуулан 15 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар холбогдох төслүүдийг боловсруулсныг дурдлаа.

Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан асуулт асууж тодруулсан УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Ц.Нямдорж, О.Батнасан, Д.Цогтбаатар, Б.Баттөмөр, Н.Оюундарь, Ж.Энхбаяр, Б.Пүрэвдорж нарын асуултад Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан, Хил хамгаалах ерөнхий газрын дарга, хошууч генерал Ц.Сэргэлэн нар хариулт өгөв.

Мөн УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Ж.Энхбаяр, Д.Цогтбаатар, Б.Баттөмөр, Б.Пүрэвдорж нар хуулийн төслийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм. Үг хэлсэн гишүүдийн дийлэнх нь хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж буйгаа илэрхийлээд хэлэлцэх эсэхийг нь шийдсэний дараа ажлын хэсэг гаргаж нухацтай хэлэлцэн засч чамбайруулах, төрийн бодлогын баримт бичгүүдийн үзэл санаанд нийцүүлэх, төрийн байгууллагуулын хүлээх үүрэг, хариуцлага, чиг үүргийг оновчтой болгох, төслийн нэр томьёог цэгцлэх шаардлагатайг хэлж байв.

Мөн урьд нь хилийн бүсийг 100 км байхаар заасан байдгийг байхгүй болгож хилийн зурвас нь 15 км хүртэлх зайтай байхаар багасгасан, улсын хилээр зорчигч, тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлэх чиг үүргийг урьд нь Гадаадын иргэн, харьяатын газар гүйцэтгэдэг байсныг болиулж хил хамгаалах байгууллагад буцааж шилжүүлэхээр тусгасанд зарим гишүүн шүүмжлэлтэй хандаж байлаа.

Эцэст нь Засгийн газрын гишүүн С.Бямбацогт хуулийн төсөл нь УИХ-аас баталсан төрийн бодлогын баримт бичгүүдэд нийцэж байгаа, гэхдээ гишүүдэд ойлголтын зөрүү байгаа тул хэлэлцэх эсэхийг нь шийдсэний дараа шаардлагатай гэж үзвэл ажлын хэсэг байгуулаад гишүүдээс гаргасан саналуудыг тусгаж сайжруулах боломжтой гэдгийг хэлсэн юм. Ингээд хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалгахад хуралдаанд оролцсон гишүүдийн 62.9 хувь нь дэмжив.

Байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаас Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд оролцох УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр УИХ-ын гишүүн Х.Нямбаатарыг томиллоо гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.