УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ
2016.11.17

Л.Оюун-Эрдэнэ: Хуульчийн ёс зүйг улстөрчийн эрх ашгаас дээгүүрт тавьж ажиллаарай

Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшигчийг дэмжиж үг хэллээ. 

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ

"Нэр дэвшигчийг хувь хүнийх нь хувьд дэмжиж байна. Гэхдээ зарчим талаас нь харах юм бол улстөрч хүн. Үндсэн хуулийн цэцэд нэгэнт тогтсон жишиг үргэлжилж байна гэж болно. Олон улсад тухайн улсын Үндсэн хуулийн цэц, шүүх, прокурорын байгууллагад улстөрч ажилладаг жишиг тун цөөхөн. Тиймээс эдийн засгийн хямралтай байгаа энэ үед, МАН УИХ-д олонх болсон энэ цаг үед Үндсэн хуулийн өөрчлөлтийг зоригтой хийх хэрэгтэй.

Шударга шүүх үүсээгүй тохиолдолд шударга ёс ярих нь илүүц. Үндсэн хуулийн цэц, хяналт, прокурорын байгууллагууд улс төрөөс хараат байгаа үед шударга ёс яриад хэрэггүй. БНСУ-ын жишээгээр харахад, прокурорын байгууллага нь улс төрөөс ангид байж Үндсэн хуулиар хүлээн зөвшөөрөгдсөн бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа улсын ерөнхийлөгчөө төрийн ордноосоо гаргахгүй байна.

Энэ үйл явдлаас үлгэр авч, шүүх тогтолцоо, гүйцэтгэх засаглалаа хольж хутгадагаа болих хэрэгтэй. Тиймээс Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр ажиллахдаа улс төрөөс ангид байж, хуульч хүнийхээ үүднээс ажиллахыг хүсч байна.

Монгол Улсын 40 гаруй хуулиар ерөнхийлөгчийн эрх мэдэл хэрээс хэтэрсэн. Хэн нэг хувь хүнийг би энд онцолж яриагүй. Үе үеийн ерөнхийлөгч нар УИХ-аасаа илүү Засгийн газартаа нөлөөлдөг, УИХ-аасаа илүү хууль санаачилдаг, Үндсэн хуулийн цэц, Улсын дээд шүүхээсээ илүү шүүх, цагдаа, прокурорын байгууллагад нөлөөлдөг болсон байна.

Тиймээс улс төрийн том эрх мэдэл дунд Үндсэн хуулийн цэцийн үзэл санаа, парламентын засаглалын үзэл баримтлалыг барьж ажиллах ёстой. Хуульчийн ёс зүйг улс төрчийн эрх ашгаас дээгүүрт тавьж, үнэнч шударга сайн ажиллаарай."