Улаанбурханаар өвдсөн хүүхэд ханиад, томуу тусвал хүндрэх магадлал өндөр байдаг
2016.11.09

Улаанбурханаар өвдсөн хүүхэд ханиад, томуу тусвал хүндрэх магадлал өндөр байдаг

Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл, УИХ- ын гишүүн Б.Саранчимэг, М.Билэгт болон салбар яамныхан Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн Хүүхдийн нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай өчигдөр танилцлаа.

Тус дүүргүүдэд нийслэлийн хүн амын дийлэнх хувь нь амьдардаг. Энэ утгаараа эмнэлгүүд ачаалалтай ажилладаг бөгөөд ханиад, томууны улиралд ачаалал хэд дахин нэмэгддэг байна. Гэтэл эмнэлгийн орны тоо, барилгын багтаамж зэргээс хамаарч коридортоо хүүхэд хэвтүүлэх нь энгийн үзэгдэл болжээ. Жил бүр эмнэлгүүдэд ийм дүр зураг бий болдог.

Тиймээс цаашид ханиад, томуу эрс нэмэгдсэн тохиолдолд эмнэлгүүд ямар төлөвлөгөөтэй ажиллах болон оргил ачааллын үеэр дээрх асуудлыг хэрхэн шийдвэрлэх, энэ чиглэлд төр, засгийн зүгээс ямар дэмжлэг үзүүлэх шаардлагатай байгааг тодруулах нь УИХ-ын эмэгтэй гишүүдийн зорилго байв. Товчхондоо, ниргэсэн хойно хашгирах бус эрсдэлээс урьдчилан сэргийлж, зөв бодлого хэрэгжүүлэн зохион байгуулалтын ажил хийж, уялдаа холбоотой хамтарч ажиллах ёстой гэдгийг УИХ-ын гишүүд хэлэв. Эхлээд Сонгинохайрхан дүүргийн Хүүхдийн нэгдсэн эмнэлгээр оров.

Тус эмнэлгийн барилгыг хүн ам одоогоос 3-4 дахин бага байх үед буюу 1982 онд барьсан бөгөөд 165 ортой гэнэ. Үүний тав нь сэхээний буюу эрчимт эмчилгээний зориулалттай аж. Өнөөдөр /өчигдөр/-ийн байдлаар тус эмнэлэг хүчин чадлаасаа илүү буюу 180 хүүхдийг хүлээн авч, хэвтүүлэн эмчилж байна. Тодруулбал, энэ сарын 6-нд 166 хүүхэд эмнэлэгт ирснээс 28 нь хэвтэн эмчлүүлж байгаа гэнэ.

Үлдсэн буюу хөнгөн байдлаар ханиад, томуу туссан хүүхдүүдэд гэрээр эмчилгээ хийх зөвлөгөө өгч буцаажээ. Ерөнхийдөө ачаалал их байгаа учраас сувилагчийн амралт болон ажилбарын өрөөг чөлөөлж, хүүхдүүдийг хэвтүүлсэн гэдгийг тус эмнэлгийн Хүүхдийн нэгдүгээр тасгийн эрхлэгч Н.Наранцэцэг хэлсэн. Түүнчлэн жижүүр эмч, сувилагч нар амрахгүй ажиллаж байгааг энэ үеэр дуулгалаа.

Дүүргийн жишиг эмнэлэг барихаар газраачөлөөлжээ

Энэ үеэр тус эмнэлгийн Ерөнхий эмч Б.Галсанцэдэнтэй цөөн хором ярилцлаа.

-Танай эмнэлэг хэр зэрэг ачаалалтай ажиллаж байна вэ. Ачаалал нэмэгдсэн үед ямар арга хэмжээ авч байна?

Өнөөдрийн байдлаар томуу, томуу төст өвчин хоёр хувьтай байна. Харин дөрвөн хувь хүрвэл Эрүүл мэндийн яамнаас зохион байгуулалтын шат дараалсан арга хэмжээ авдаг. Тухайлбал, тусгай кабинет гаргах, өрхийн эмнэлгийг илүү цагаар ажиллуулах, насанд хүрэгчдийн орыг хүүхдэд чөлөөлж өгөх зэрэг олон арга хэмжээ байдаг. Гэхдээ одоогоор ийм хэмжээнд хүрээгүй учир сувилагч, эмч нарыг нэмэлтээр ажиллуулж байна.

-Оргил ачааллын үед хүүхдүүдийг коридорт хэвтүүлдэг. Үүнийг өөр байдлаар зохицуулах боломж байхгүй юу?

Сонгинохайрхан дүүрэг 110 гаруй мянган хүүхэдтэй. Гэтэл нэг аймаг хэдэн хүүхэдтэй байдаг билээ. Ингээд бодохоор дээрх тооны хүүхэдтэй дүүрэгт ганцхан эмнэлэг коридорт хүүхэд хэвтүүлэхгүйгээр үйлчилгээ үзүүлнэ гэдэг амаргүй. Нэг ч хүүхдийн амь насыг эрсдэлд оруулахгүй байх л бидний гол зорилго. Тиймээс шаардлагатай үед коридорт ч болсон хэвтүүлж байгаад эмчилгээ хийдэг. Өнгөрсөн жилийн оргил ачааллын үеэр зарим эмнэлгийн дотрын тасгийг хаагаад хүүхдийн ор байрлуулсан. Хэрэв шаардлага гарвал энэ мэтчилэн зохион байгуулалт хийнэ.

-Тийм тохиолдолд хүүхэд хэвтэн эмчлүүлэх ёстой гэсэн стандарт байдаг байх. Ихэвчлэн ямар оноштой  хүүхдийг хэвтүүлэн эмчилж байна вэ?

Хэвтэн эмчлүүлэх шаардлагатай хүүхдийн онош гэж байдаг. Үүний дагуу хэвтүүлдэг. Тухайлбал, хэт өндөр халуунтай таталт, суулгалт зэрэг шинж тэмдэг илэрвэл хэвтүүлж эмчлэх ёстой. Гэхдээ манай дүүрэг гэр хороолол ихтэй учраас амьдралын боломж- гүй өрхийн хүүхдүүдийг зайлшгүй хэвтүүлдэг. Учир нь, тэд эм, тариагаа авах санхүүгийн чадваргүй байдаг. Мөн бичиг баримтгүй хүүхэд олон бий. Гэсэн ч Монгол Улсын иргэн учраас бид эмнэлгийн үйлчилгээг бүх хүүхдэд үзүүлдэг.

-Танай эмнэлэгт тулгамдаж буй асуудал юу байна вэ. Эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж яваа гишүүдээр дамжуулан төр, засгаас дэмжлэг туслалцаа хүсч, яаралтай шийдвэрлүүлэх зүйл бий юү?

Хүүхдийн эндэгдэлд нөлөөлдөг нэг зүйл бол вакцин. Монгол Улсад томуугийн эсрэг вакциныг анх удаа хийж байгаа. Одоогоор Сонгинохайрхан болон Чингэлтэй дүүрэгт эхний ээлжид хийж байна. Үр дүнгээ өгөх байх. Тиймээс вакцины төсөв хөрөнгийг анхнаас нь шийдэж өгвөл энэ төрлөөр эндэгдэл гарахгүй байх бололцоотой. Түүнчлэн Азийн хөгжлийн хөрөнгө оруулалтаар дүүргийн жишиг эмнэлэг барих талаар найман жил ярьж байна.

Өнөөдрийн байдлаар нийслэлийн Засаг даргын захирамжаар зургаан объектыг нурааж, газар чөлөөлсөн. Одоогоор барилгын тендер зарлаад гурван байгууллагын материалыг хүлээж авсан тухай мэдээлэл бидэнд ирсэн. Гэтэл Тендерийн хороог байгуулаагүй учраас асуудлыг шийдээгүй байна. Тиймээс үүнийг богино хугацаанд шийдвэрлэж өгвөл сайн байна.

-Шинэ эмнэлгийн хүчин чадал, багтаамжийг хэрхэн тооцоолсон бэ. Ашиглалтад оруулснаар ачаалал хэдэн хувиар буурах бол?

Шинэ эмнэлгийг 250 ортой байхаар төлөвлөсөн бөгөөд 250 мянган хүнд үйлчилгээ үзүүлэх боломжтой. Төрөх, эмэгтэйчүүд, мэс засал, гэмтэл, хүүхэд, дотор, мэдрэл гэсэн үндсэн долоон чиглэлд иргэдийг хүлээн авна. Гэхдээ дахиад нэг ийм хэмжээний эмнэлэг манай дүүрэгт барих шаардлагатай.

2017 онд хүүхдийн эмнэлгийг ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна

Үүний дараа УИХ-ын гишүүд Баянзүрх дүүргийн Хүүхдийн нэгдсэн эмнэлгийн үйл ажил- лагаатай танилцсан юм. Тус эмнэлэг нь 130 хүүхдийг хэвтүүлэн эмчлэх боломжтой гэнэ. Өнгөрсөн жилийн хувьд арваннэгдүгээр сарын 20- ноос хойш ачаалал нэмэгдэж 140 орчим хүүхэд хэвтэн эмчлүүлж байжээ. Харин энэ жил өнгөрсөн сарын 10-наас ачаалал нэмэгдэж, одоогоор 170 гаруй хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа аж.

Ерөнхийдөө амралтын өдөр болон ажлын бус цагийн амбулотарийн үзлэг жирийн өдрүүдийнхээс 2.5 дахин их байдаг гэнэ. Тодруулбал, амралтын өдрүүдэд 250 орчим, ажлын цагаар 150 гаруй хүүхэд үзлэгт хамрагддаг байна. Үүнийг нарийвчилж үзвэл 20.00-01.00 цагт тэдний олонх нь ирж байгааг тус эмнэлгийн Ерөнхий эмч Баярцэцэг хэллээ.

Түүнчлэн суурь эмгэгтэй буюу тураал, хоол тэжээлийн дутагдал, цус багадалттай, мөн төрөлхийн эрхтэн тогтолцооны гажигтай хүүхдүүдийн хувьд томуу, томуу төст өвчин нэлээд хүндэрдэг гэлээ. Өнгөрсөн жил улаанбурханаар өвдсөн хүүхэд ханиад, томуу тусахад хүндрэх магадлал өндөр байгаа гэнэ.

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад ачаалал нэлээд ихэссэн үзүүлэлт харагдаж байгаа учир 11-1 сарын үед 250-300 хүүхэд хэвтэн эмчлүүлэх хэмжээнд хүрэх магадлалтай гэдгийг эмч нар дуулгалаа. Хэрэв ийм хэмжээнд хүрвэл эмнэлгийн тоног төхөөрөмж хүрэлцэхгүй гэдгийг тус эмнэлгийн Хүүхдийн өвчин судлалын төвийн захирал Ө.Туул тодотгов.

Тус эмнэлгийг 1983 онд ашиглалтад оруулсан бөгөөд менежментийн хувьчлал хийгээд 19 жил болжээ. Энэ утгаараа улсын эмнэлгүүдтэй харьцуулахад тохижилт сайтай байв. Ингэхдээ хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, зориулалтын хулдаас, будаг зэргийг ашиглажээ.

Төсвийнхөө 95 хувийг даатгалаас бүрдүүлдэг гэнэ. Гэсэн ч 100 ортой хүүхдийн нэгдсэн эмнэлгийг ашиглалтад оруулахаар төлөвлөж, суурийг нь тавьсан талаар эмнэлгийн удирдлага ярилаа. Түүнийг 2017 оны аравдугаар сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд санхүүжилтэд нэг тэрбум 200 сая төгрөг шаардлагатай гэнэ.

Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед авах арга хэмжээг төлөвлөжээ

Нийслэлийн есөн дүүргээс Сонгинохайрхан болон Баянзүрх дүүрэгт 0-16 насны хүүхэд олон байдаг аж. Тухайлбал, Баянзүрх дүүрэгт энэ насны 130 мянган хүүхэд амьдардаг байна. Хэрэв өвлийн ид хүйтнээр ханиад, томуугийн дэгдэлт ихэсч, эмнэлгүүдийн ачаалал эрс нэмэгдвэл салбарын яамнаас хэрхэн зохицуулалт хийх талаар Эрүүл мэндийн яамны Газрын дарга Г.Оюунчимэг тодруулахад “Улирлын чанартай, ялангуяа томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед ямар арга хэмжээ авах талаар урьдчилсан байдлаар бүгдийг төлөвлөсөн.

Ингэхдээ бүх дүүргийн эмнэлгийн тоног төхөөрөмжийн хангамж, боловсон хүчний хүрэлцээ зэргийг судалсан. Баянзүрх дүүргийн эмнэлгээс манайд хэдэн хэдэн хүсэлт тавьсан. Тухайлбал, хүчилтөрөгч, амьсгалын аппарат зэргийг дурдсан байна лээ. Мөн ачаалалтай үеэр эмч, сувилагч нар илүү цагаар ажиллах тохиолдол их гардаг. Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүссэн байгаа. Эдгээр яамны зүгээс шийдэх боломжтой” гэлээ.

Дулаан хувцаслаж, аминдэм, илчлэгтэй хоол хүнс хүүхдэдээ өгөх хэрэгтэй

Хүйтний улиралд буюу арав- дугаар сарын сүүлч, нэг, хоёр, гуравдугаар сард өвчлөл нэмэгдэж, ачаалал ихэсдэг учир аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд хүн ихтэй газар бага насны хүүхдийг авч явахгүй байх, дулаан хувцаслаж, аминдэм, илчлэгтэй хоол хүнс хүүхдэдээ түлхүү өгөх хэрэгтэйг хэлж байв.

Түүнчлэн ханиад томуу, уушгины хатгалгаа өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд вакцинд хамруулах шаардлагатайг мөн анхаарууллаа. Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүд бээлий, малгай өмсч, ороолт зүүж бүрэн хувцаслахгүйгээс ханиад, томуу тусч түүнийгээ бага насны дүү нартаа халдаадаг гэнэ. Тиймээс дээр дурдсан зөвлөгөөний дагуу урьдчилан сэргийлэх хэрэгтэй хэмээн зөвлөсөн юм.