2016.11.07
Засгийн газрын тусгай сан нэгээр нэмэгдлээ
Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай болон дагалдах хуулийн төслүүд дотор "Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай" хуулийн төсөл багтсан юм. Уг хуулийн төслийг өнгөрсөн долоо хоногийн УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж, эхний хэлэлцүүлгээр баталсан юм.
Уг хуулийн төсөл батлагдсанаар "Эрүүл мэндийн даатгалын сан" гэж Засгийн газрын тусгай сан бий боллоо.
Жил бүр "Эрүүл мэндийн даатгалын сан"-д улсын төсвөөс 5 тэрбум төгрөг төсөвлөхөөр болсон. Сангийн хөрөнгийг дор дурдсан ажилд зарцуулах юм.
- Халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх
- Орчны эрүүл мэндийг хамгаалах
- Осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх, эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэх
- Сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, архи, тамхи, согтууруулах бодисын хор нөлөөнөөс сэргийлэх
- Эмийн зохистой хэрэглээг хангах
- Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, эрүүл мэндийн байгууллагын ил тод байдал, хариуцлагыг дээшлүүлэх