“Ариун цэврийн байгууламж-Нүхэн жорлон” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг хийлээ
Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо
2016.11.08

“Ариун цэврийн байгууламж-Нүхэн жорлон” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хамтран “Ариун цэврийн байгууламж-Нүхэн жорлон” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг өнөөдөр /2016.11.08/ Төрийн ордноо зохион байгуулав.

Уг хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Ц.Гарамжав, УИХ-ын гишүүн А.Сүхбат, Д.Сарангэрэл, М.Билэгт, Ц.Цогзолмаа, Б.Батзориг, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, төрийн болон төрийн бус байгууллага, эрдэмтэн судлаачид оролцож, санал бодлоо солилцсон юм.

Монгол Улсын хөрсний бохирдлын голлох эх үүсвэр нь уул уурхай, малын гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэр, гэр хорооллын ариун цэврийн байгууламж, хог хаягдал, авто машин үэрэг шалтгаан байдаг бол хот суурин газарт гэр хорооллын ариун цэврийн байгууламжтай холбоотой хөрсний бохирдол өндөр хувьтай байдаг нь судалгаагаар гарчээ.

Нийслэлийн 2015 оны статистик мэдээллээр Улаанбаатар хот нийт 1.345.500 хүн ам, 376.419 өрх байгаа аж. Үүнээс орон сууцанд 157.754 өрх, гэр хороололд 218.665 өрх амьдарч байгаа бөгөөд гэр хорооллын дээрх өрхүүд 100 мянга гаран нүхэн жорлон ашиглагдаж байгааг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр танилцууллаа.

Мөн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хийсэн судалгаагаар хотын нүхэн жорлонд нэг хоногт хуримтлагдаж буй бохирын хэмжээг тогтоожээ. Тодруулбал, нэг хүн өдөрт 1.2 литр шингэн, 200 грамм өтгөн гадагшлуулдаг бол нэг өрхийг дунджаар дөрвөн хүнтэй гэж тооцвол 4.3 литр шингэн, 720 грамм өтгөн гаргадаг байна.

Үүнийг нийт гэр хорооллын өрхийн хэмжээнд авч үзвэл нийслэлд өдөрт 945 мянган литр шингэн, 157.5 кг өтгөн цугларч, өдөр бүр ойролцоогоор 1.0 сая литр бохир нүхэн жорлонгоор дамжин хотын хөрсийг бохирдуулж байгаа аж. Хөрсний нянгийн бохирдлоос үүдэн нийслэлд бүртгэгдсэн халдварт өвчний 9.9 хувийг гэдэсний халдварт өвчин эзэлж байгаа бол гар, хөл, амны өвчлөлийн 84.1 хувь нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна.

Хэдийгээр төрийн болон төрийн бус байгууллага, Олон улсын донор байгууллагууд багагүй төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа боловч нэгдсэн удирдлага, мэдээллийн сан байхгүй, иргэдийн өөрсдийн ухамсар, мэдлэг мэдээлэл дутмаг, хариуцлагагүй байдал хөрсний бохирдлын хэмжээг нэмэгдүүлэхэд нөлөөлж байгааг хэлэлцүүлэгт оролцогчид хөндөж байсан.

Түүнчлэн нүхэн жорлон дахь өтгөн, шингэнийг бохир гэж харахаас илүүтэй дахин ашиглах нөөц, эдийн засгийн эргэлтэд оруулж болох “баялаг” гэдэг талаас нь хандах цаг ирснийг ШУТИС-ийн профессор Д.Басандорж илтгэлдээ дурдав.

Тухайлбал, олон улсад төдийгүй манай улсын эрдэмтэн судлаачдын туршиж, хэрэгжүүлж байгаа хэд хэдэн технологийн шийдэл, гарцийг ашиглан өтгөн, шингэнийг дангаар нь болон үнс, нүүрстэй хольж бордоо хийх, биохий, биогэрэл, биоцахилгаан үйлдвэрлэх бололцоотой юм.

Мөн хэлэлцүүлгийг үеэр хөндөгдсөн нэг асуудал бол орон нутгийн цэцэрлэг, сургуулийн ариун цэврийн байгууламжийг сайжруулах байсан юм.

БСШУСЯ-наас 2015 онд 12 аймгийн 24 цэцэрлэгийн барилгыг 19 тэрбум төгрөгөөр, 6 аймгийн 12 сумын дотуур байрыг 5 тэрбум төгрөгөөр, 8 аймгийн 9 сургуулийг 20 тэрбум төгрөгөөр, 2016 онд 10 аймгийн 11 цэцэрлэгийг 22.2 тэрбум төгрөгөөр, 6 аймгийн 7 сумын дотуур байр, 9 аймгийн 13 сургуулийг шинээр барьж ашиглалтад оруулсан бөгөөд ариун цэврийн байгууламжийг иж бүрэн шийдсэн байна.

Гэвч үлдсэн нийт 669 цэцэрлэг, сургуулийн 160.100 хүүхдийн шаардлага хангасан ариун цэврийн байгууламжийг байгуулахад 70.2 тэрбум төгрөг шаардлагатай байгааг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан хэллээ.

Мөн орон нутгийн цэцэрлэг, сургуулийн ариун цэврийн байгууламжийг сайжруулахад Дэлхийн зөн, НҮБ-ын Хүүхдийн сан, Азийн хөгжлийн банк, Мобиком корпораци зэрэг байгууллагууд өөрсдийн хувь нэмрийг оруулсаар байгаад тэрбээр талархал илэрхийлсэн юм.

Түүнчлэн орон нутгийн тэр дундаа сумын эрүүл мэндийн байгууллагуудын 70 орчим хувь нь гаднаа нүхэн жорлонтой байдаг бөгөөд сайжруулах шаардлагатай байгааг Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн дурдав.

Хэлэлцүүлгийн төгсгөлд УИХ-ын гишүүн Б.Батзориг, А.Сүхбат нар олон төсөл хөтөлбөр хэрэгждэг ч үр дүнгүй байдгийг онцлоод байгаль орчны бохирдлыг бууруулахад чиглэгдсэн хууль, эрх зүйн орчин хангалттай бүрдсэн боловч түүнийг хэрэгжүүлэх шатандаа төрийн байгууллагуудын уялдаа холбоо муу, хариуцлагын тогтолцоог төлөвшүүлээгүй байгаад шүүмжлэлтэй хандав.

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан гишүүдтэй санал нэг байгаагаа илэрхийлээд шат шатандаа анхаарал хандуулж, нэгдсэн бодлоготой, үр дүнтэй хамтын ажиллагааг эхлүүлэхийн тулд энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулснаа хэлсэн. Мөн тэрбээр төрийн болон төрийн бус байгууллага, эрдэмтэн судлаачдын санал санаачлагыг УИХ-ын зүгээс дэмжиж, хамтран ажиллахаа мэдэгдсэнээр хэлэлцүүлэг өндөрлөлөө