Шинэ цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажлыг ирэх хавар эхлүүлнэ
1959 оноос хойш 60 орчим жил ажилласан Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжаас гарч байгаа үнэр нийслэлийн тулгамдсан асуудлын нэг болоод байна.
Тэнд 20-30 жил хуримтлагдсан хур лаг ойролцоогоор 400 мянган метр куб талбайг хамраад байна. Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Шийдлийн цаг” уулзалтаа Төв цэвэрлэх байгууламжид зохион байгууллаа.
Төв цэвэрлэх байгууламжийн энэ асуудал гагцхүү хотынх биш, хот дангаараа энэ асуудлыг давахад хүндрэлтэй. Засгийн газар оролцож, дэмжиж хамтарч ажиллах ёстой гэж Ерөнхий сайд хэллээ.
Лхагва гариг бүрт болж тулгамдсан тодорхой асуудлыг шийдвэрлэдэг “Шийдлийн цаг” уулзалтад Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт, Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ, Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл болон холбогдох яамдаас төлөөлөл оролцлоо.
Лагийн талбайгаас гарах үнэрийг багасгах зорилгоор тус талбайг хлорын болон устөрөгчийн хэт ислийн уусмалаар ариутгаж байна. Зөөвөрлөж зайлуулсан лагаа модны үртсээр хучих арга хэмжээ авч байгаа гэж Ус сувгийг удирдах газраас танилцууллаа. Шинэ цэвэрлэх байгууламжийн ТЭЗҮ-г хийж байгаа бөгөөд ирэх оны нэгдүгээр сард бүрэн дуусна гэлээ. Бичиг цаас, судалгааны ажлыг чанартай гүйцэтгэж, яаралтай дуусгах нь зүйтэй гэж Ерөнхий сайд хэллээ.
Цэвэрлэх байгууламж барих болон шинээр тунгаагуур барих, био цөөрмийг ашиглалтад оруулах, лаг усгүйжүүлэх тоног төхөөрөмж шинээр авч тоноглох зэрэг зайлшгүй шаардлагатай ажлууд байгааг тус газрынхан “Шийдлийн цаг”-ийн үеэр танилцууллаа.
Тэнд 20-30 жил хуримтлагдсан хур лаг ойролцоогоор 400 мянган метр куб талбайг хамраад байна.
Цэвэрлэх байгууламжид ажилладаг хүмүүсийн ажлын орчин, нийслэлчүүдийн амьдрах орчныг сайжруулахын төлөө цаг алдалгүй ажиллах учиртайг Ерөнхий сайд дурдаад Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, холбогдох яам, Тамгын газрын удирдлагууд болон мэргэжилтнүүдээс бүрдсэн ажлын хэсгийг Ерөнхий сайдын захирамжаар байгуулна. Энэ ажлын хэсэг хоёр зорилготой ажиллана. Шинэ цэвэрлэх байгууламж барих, нөгөө нь шинэ байгууламж баригдаж, ашиглалтад орох хүртлэх 3-5 жилийн хугацаанд цэвэрлэх байгууламжаас гарч буй үнэр, бусад тулгамдсан асуудлыг шийдвэрлэх асуудлыг судлах, санхүүгийн эх үүсвэрийг зөв хуваарилах ажлыг зохион байгуулна гэлээ.
2016 оны Төсвийн тухай хуульд цэвэрлэх байгууламжтай холбоотой 8,1 тэрбум төгрөгийг суулгасан, төсвийн хэлэлцүүлэг болж байгааг тэрээр дурдлаа.
Франц улс энэ чиглэлээр дэлхийд тэргүүлэх технологитой. Тус улсын "Артелла вил энд транспорт" компани цэвэрлэх байгууламжийн ТЭЗҮ-г хийснийг Ерөнхий сайд сайшааж байлаа. Харин тус үйлдвэрийг барьж байгуулах санхүүгийн ямар эх үүсвэр, боломж байгааг судалж, ажил хэрэг болгохыг нийслэлийн удирдлагад үүрэг болголоо.
/25-р суваг тв/
Сонголгос, Хятад зэрэг улсын хөнгөлөлтэй зээлийн хүрээнд энэ асуудлыг шийдвэрлэх боломж байгаа ч энэ нь хугацаа алдахааргүй байх учиртайг анхаарууллаа. Мөн шинэ цэвэрлэх байгууламжийн барилгын ажлыг концессоор гүйцэтгүүлэх боломжийг Засгийн газрын түвшинд судлаад бүтээн байгуулалтын ажлыг ирэх хавар эхлүүлэх шаардлагатай гэлээ. Цэвэрлэх байгууламжийн ТЭЗҮ болон судалгааны ажлууд, хийх технологи, газар нь бэлэн байна. Иймээс эхний ээлжинд санхүүжилт босгох ажилд шуурхайлан орохыг “Шийдлийн цаг”-аар үүрэг болголоо.