“Хог bucket challenge” аянд ЭМСЯ нэгдлээ
Эрүүл мэнд, спортын яам харьяа байгууллагууд болох Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Биеийн тамир спортын хөгжлийн төвийн 40 гаруй албан хаагчидтай “Хог bucket challenge” аянд нэгдлээ.
Эрүүл мэнд, спортын салбарынхан Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутагт байрлах нийтийн эзэмшлийн талбар болох гэр хорооллын гудамж талбайг цэвэрлэлээ.
Тус хорооны нутаг дэвсгэр нь нам дор газар байрладаг учир үер усанд автан хөрсний бохирдлыг үүсгэдэг бөгөөд ялангуяа нянгийн бохирдол ихтэй гэдгийг НЭМХ-ийн судалгаагаар тогтоосон байдаг. Тиймээс энэ удаагийн аянаар ил хог хаягдлыг цэвэрлэсний дараа ариутгал халдваргүйжүүлэлтийг давхар хийж айлуудын бохирын цооног, 00-г ч ариутгаж халдваргүйжүүлсэн байна. Энэ нь эрүүл аюулгүй орчинг бүрдүүлэх, халдварт өвчнөөс сэргийлэх ач холбогдолтой байлаа.
Түүнчлэн бохирдолтой гурван хэсгээс дээж авч, хүнд металь тодорхойлох /хар тугалга, кадми, зэс, цайр/ болон бактереологийн /нянгийн тоо, гэдэсний бүлгийн бичил биетэн, гэдэсний бүлгийн эмгэг төрөгч бактери, агааргүйтгэл бичил биетэн/ зэрэг нийт найман үзүүлэлтээр шинжилж байна.
Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс 2013 онд хөрсний бохирдолд судалгаа хийж байсан бөгөөд судалгаанд Баянзүрх, Сүхбаатар, Баянгол дүүргийн хөрс хамгийн их нянтай, химийн хорт бодисууд агуулсан байгааг тогтоож байсан.
Хөрсний бохирдолтоос болж гэдэсний халдварт өвчин, цусан суулга, сүрьеэ, бруцеллёз, халдварт шар, цагаан хорхой, сибирская язва, тулеремия зэрэг өвчин үүсэх аюултай. Хөрсний бохирдолтоос сэргийлэхийн тулд ус, агаарын бохирдлыг багасгах, эрүүл ахуйн шаардлага хангасан нийтийн бие засах газрын тоог олшруулах, хог хаях цэг, зориулалтын хогын савыг хүртээмжтэй, хэрэгцээтэй газарт нь байрлуулах, ариутгал халдваргүйжүүлэлтийг зохих стандартын дагуу хийж занших шаардлагатай байдаг.
Тиймээс бидний амьдрах орчин, хүүхэд багачуудын тоглох газар эрүүл байх учиртай тул бүх нийтийг #Хог_bucket_challenge -д нэгдэхийг уриалж байна.