Баярлалаа "Эко жаал"
Сэлбэ голын хогийг цэвэрлэдэг З.Буянхишиг хүү
2015.05.29

Баярлалаа "Эко жаал"

Сэлбэ голын хогийг цэвэрлэдэг З.Буянхишиг хүү хэдийнэ бидэнд танил болжээ.

Түүнийг 117 дугаар сургуулийн 76 ангийн сурагч Зоригтбаатарын Буянхишиг гэхээсээ илүүтэй “Эко жаал” гэдгээр нь илүү таньдаг болсон. “Эко жаал”-тай холбоотой бас нэгэн мэдээ сонсодсон нь Сэлбэ голын дагуу тоглоомын талбай байгуулах тухай тоглоомын талбайнхаа анхны модыг тарих сургаар түүнийг зорин очвол ангийн найз Д.Энхтүвшин, хамаатны ах Б.Мөнх-Эрдэнэ болон аав Н.Зоригтбаатарын хамт модоо суулгаж байлаа.

Суулгацаа ямар зайтай тарих, хэрхэн услах талаар БОНХАЖЯ-ны “Сая мод ургуулах хөдөлгөөн”- ий менежер' В.Цогтбаатар зөвлөгөө өгөх аж. Тоглоомын талбай байгуулах газар' нь Сэлбэ голын дагуу яг гэрийнх нь урд талд. Хэдийгээр жижигхэн газар ч савлуур, гулгуур. саравч, ширээ, сандал, хогийн сав гээд олон зүйлийг байрлуулахаар төлөвлөжээ. Хашаагаа өртөг хямдыг нь бодож модоор барьжээ.

Төсөв хүрэлцсэн бол төмрөөр хийхээр төлөвлөөд байж. Гэхдээ Д.Оюунхорол сайд чамлахааргүй туслажээ. “Эко жаал” БОНХАЖ-ын сайд Д.Оюунхоролтой өнгөрсөн хоёрдугаар сард уулзахдаа тоглоомын талбай байгуулах талаар уламжилтал түүний хүсэлтийг дэмжин гурван сая 500 мянган төгрөг болон 600 хайлаас, таван бургас, агч, 10 улиас, голт борын суулгацыг дэмжжээ. Их ажлынх нь үеэр З.Буянхишигтэй цөөн хором ярилцлаа.

-Тоглоомын талбай байгуулах санал хэдийд төрөв?

Манай гэрийн урдуур голын урсгал гүнзгий учир хүүхдүүд ирж сэлдэг. Тоглоомын талбайтай байдаг ч болоосой гэж мөрөөддөг байсан. МөрөөДлөө биелүүлж байгаадаа баяртай байна.

-Танай энэ хавьд хүүхдүүд тоглох талбай бий юү?

Байхгүй ээ. Удахгүй манайхаас урагшаа хорооноос тоглоомын талбай барих гэж байгаа гэсэн.

-Удахгүй хүүхдийн баяр болно. Яаж тэмдэглэх вэ?

Хүүхдийн баяраар найзуудтайгаа л тоглож өнгөрөөнө дөө.

-Ингэхэд хаанаас аль хүртэл хог цэвэрлэдэг вэ?

Доошоо “Ногоон гүүр” хүртэл, дээшээ “Ар согоот” хүртэл цэвэрлэдэг. “Эко жаал” их товчхон ярьдаг. Хамт явсан хүмүүс “Бага ярьж их хийх” нь манай хүний гол давуу тал хэмээн өхөөрдөв. Нээрээ л тэр бага ярьж ихийг бүтээж байна.

З.Буянхишиг сургуулийнхаа дэргэд “Эко жаал” клуб байгуулахаар болжээ. Энэ зургаадугаар сараас эхлэн клубийнхэнтэйгээ хамт Сэлбэ голыг цэвэрлэхээр төлөвлөсөн байна. Түүний Сэлбэ голыг цэвэрлэх болсон түүхийг сөхвөл ааваас нь үүдэлтэй юм билээ.

Н.Зоригтбаатарынх найман жилийн өмнөөс энд нүүж иржээ. Гэрийн эзэн ирсэн цагаасаа Сэлбэ голоо цэвэрлэдэг байжээ. Тэрбээр хүүгээ дөрөвдүгээр ангид байхаас нь дагуулан, цэвэрлэхэд нь зааж туслан байгаль дэлхийдээ хайртай хүн болгон хүмүүжүүлжээ.

Дашрамд хэлэхэд, З.Буянхишиг хүүгийн зургийг авч фэйсбүүк хуудаснаа нийтэлсэн тэр залууд бид талархах ёстой гэж бодлоо. Сошиал ертөнцийн хэрэгтэй, хэрэггүй олон мэдээлэл дундаас нийгэмд хэрэгтэй үйл хийж буй энэ хүүгээс олон ч хүүхэд үлгэр дууриал авсан юм.

Бяцхан төгөл бүхий тоглоомын талбайгаа ирэх есдүгээр сард хүлээлгэн өгөх бөгөөд суулгацуудыг нь сайн арчилна гэдгээ “Эко жаал”- ын аав хэлнэ пээ. Энэхүү хүрээлэнг байгуулах газрыг нэлээд тэмцэж байж олж авснаа ч дуулгасан юм.

“Эко жаал”-ын цэвэрлэдэг газраас холдоход айлуудын хашааны гадуур дүүрэн хог хөглөрч харагдсан. 14- хөн настай хүү өөрийн гэр болон орчим тойрныхоо гол усыг цэвэрлэж байхад хашааныхаа гаднах хогийг цэвэрлэж чадахгүй томчууд үнэхээр ичмээр санагдав.

Хөдөлмөрлөж, хийж бүтээж чадвал шагнал нь ирдэг гэдгийг биеэрээ үлгэрлэн харуулж, томчуудын хийж чадаагүйг хийж байгаа З.Буянхишиг дүүдээ баярлалаа гэж хэлье.

Сэлбэ голынхоо эрэг орчмыг гурван жилийн турш уйгагүй цэвэрлэж буй энэ хүү 14-хөн насандаа хүүхдийн сайн сайхны төлөө төсөл хэрэгжүүлсэн анхны монгол хүүхэд болов.