“Хоггүй зуслан, хоггүй байр, хоггүй орц хөдөлгөөн” өрнүүлнэ
Олон улсын хүүхдийн “Найрамдал” төв
2015.03.31

“Хоггүй зуслан, хоггүй байр, хоггүй орц хөдөлгөөн” өрнүүлнэ

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба Олон улсын хүүхдийн “Найрамдал” төвтэй хамтран ажиллахаар боллоо.

Хамтын ажиллагааны хүрээнд Олон улсын хүүхдийн “Найрамдал” төвд жилийн турш амрах 40.000   хүүхэд, тус төвийн 600 гаруй ажилтан, нийслэл орчмын хүүхдийн зуслангуудад зуны улиралд амрах 15 мянга гаруй өсвөр үеийнхэн тэдний гэр бүлийнхнийг хамруулсан “Холивол хог ялгавал баялаг” сургалт зохион байгуулна. Мөн  Бүх нийтээр мод тарих үндэсний өдрөөр гоёл чимэглэлийн агч мод  тарьж,  “Хоггүй зуслан, хоггүй байр, хоггүй орц хөдөлгөөн” өрнүүлэх юм.  

Энэ хөдөлгөөний хүрээнд хог хаягдлыг ангилан ялгах зориулалтын савыг төрөлжүүлэн байршуулж хүүхдүүд хогийг ангилан ялгаж хийнэ. Оршин суугчид амрагч хүүхдүүдийн сайн дурын зөвлөлийг ажиллуулж хог хаягдалд хяналт тавих юм. Ингэснээр өсвөр үеийнхний нийгмийн өмнө хүлээх хариуцлага өндөрсөж, найд нөхөд хамт олондоо сайн үлгэр дууриал үзүүлнэ. Улирал бүр “Хоггүй зуслан, хоггүй байр, хоггүй орц” хөдөлгөөнд  идэвхитэй оролцсон хүүхдүүдийг шалгаруулж урамшуулахаар төлөвлөж байна. 

Нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн газар, Зуслангуудын холбоо,  Скаутын холбоо, Олон улсын хүүхдийн “Найрамдал” төвтэй хамтран ажилладаг ерөнхий боловсролын сургууль болон бусад байгууллагууд энэ арга хэмжээнд хамтран оролцох юм.  Эхний ээлжинд амрах 15.000, өдрийн амрагч 25 мянган хүүхдэд ил задгай хог хаягдлыг бууруулах нь эрүүл мэндэд хэрхэн тустай талаарх мэдээлэл сурталчилгааны материал тараана. Ингэснээр иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдэх юм гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.