Гэр хорооллынхонд 50x75 хэмжээтэй ногоон уут, орон сууцныханд 45x65 хэмжээтэй 15 ширхэг уутыг сард нэг удаа тараах гэнэ.
2014.08.05

Хогны уутыг дэлгүүрээс талоноор авна

Хогны уутыг тараах ажил иргэдийн шүүмжлэлтэй тулгарсан тул өнгөрсөн тавдугаар сараас хойш түр зогсоогоод байгаа билээ.

Улмаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын ажлын хэсэг байгуулан иргэдээс санал хураахад 60 гаруй хувь нь дэмжиж, ирэх есдүгээр сарын нэгнээс дахин тараахаар болсон юм. Ингэхдээ иргэдээс ирсэн саналын дагуу сэнжтэй болон сэнжгүй уут үйлдвэрлэж эхэлжээ.

Гэр хорооллынхонд 50x75 хэмжээтэй ногоон уут, орон сууцныханд 45x65 хэмжээтэй 15 ширхэг уутыг сард нэг удаа тараах гэнэ.

Нэг ширхэг уутны үнэ 95-100 төгрөгийн өртөгтэй аж. Нэг өрхийн сарын хэрэглээнд олгож буй 15 ширхэг хогны уутны зардал 1425 төгрөг байгаа нь айл өрхүүдээс авч буй хогны хураамжийн 2000-2500 төгрөгтэй бараг дүйцэж байгаа юм. Нэг ёсондоо энэ мөнгийг уут хэлбэрээр буцаан олгож байна гэсэн үг.

Түүнчлэн ирэх сараас эхлэн хогны уутыг талоноор тараахаар болсон байна. Харьяа хорооноос хогны уут авах албан газар, айл өрхийг хуваарилах бөгөөд дэлгүүр хоршоо, гэр хороолол дахь ус түгээх газраас хогны уутаа талоноор авахаар болжээ.