2016.11.03

О.Баасанхүү: Өмгөөлөгч давхар ажил эрхлэхийг зөвшөөрөх хэрэгтэй

Өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх эхний асуудал бол Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2016.10.21-ний өдрийн 11 дүгээр дүгнэлт юм. Энэ асуудлаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү Хууль зүйн байнгын хорооны даргаас асуулт асуулаа. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: "Шүүхэд төлөөлөх эрх" гажуудал үүсгээд байна

"Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг зөвшөөрч байна уу, эсэргүүцэж байна уу? Байнгын хороогоор энэ асуудлыг хэлэлцсэн гэж ойлгож байна. Хуульчийн эрх зүйн байдлын тухай гэдэг утгагүй хууль байна. Юугаараа “утгагүй” вэ гэхээр шүүхэд төлөөлөх эрх гэсэн нэрээр гажуудал явж байна. Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн болж, өмгөөлөх эрхээ аваад өмгөөлөл хийж байгаа нэг хэсэг байхад өнөөдөр мөрдөн байцаагчаар ажиллаж байгаа мөртлөө маргааш нь өөрийн шалгаж буй хэргийг шүүхэд төлөөлөх эрхээрээ шүүх хуралдааны бүрэлдэхүүнд орж, хариуцсан хэргээ хэрэгсэхгүй болгуулж байна.

Мөрдөн байцаагч, өмгөөлөгч гэдэг хүн нэг үүрэгтэй юм шиг хавтгайрч байна. Хуульч, шүүхэд төлөөлөх эрх бүхий хүн ямар нэгэн давхар ажил хөдөлмөр эрхлэж болохгүй гэж заасан байдаг. Нэг талаас ард иргэд гэмт хэрэгт холбогдохгүй байх нь сайн талтай ч нөгөө талаас өмгөөлөгчид хөдөлмөрлөх зах зээлийг болно. Тиймээс хуульч, өмгөөлөгчдөд давхар аль нэг байгууллагын хуулийн зөвлөхөөр ажиллах боломжийг нээж өгөх хэрэгтэй. Ингээгүйгээс болж хуульчид Үндсэн хуулийн цэцэд хандсан. Гэтэл Үндсэн хуулийн цэц нь хууль зөрчөөгүй байна гэдэг дүгнэлт гаргадаг. Тэгэхээр өмгөөлөгчдийг яаж амьдралаа залгуулж, авч яв гээд байгаа юм бэ?

Багаар бодоход 1000 гаруй өмгөөлөгч байна. Түүний эсрэг шүүхэд төлөөлөх эрх бүхий хэдэн мянган мөрдөн байцаагч бий. Тиймээс байнгын хороо Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтэд ямар байр суурьтай байсан бэ?

Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд: Энэ асуудлыг байнгын хороогоор хэлэлцээгүй

"УИХ-ын дэгийн дагуу Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтээр тухайн шийдвэр нь хууль зөрчсөн гэж үзсэн тохиолдолд байнгын хороогоор хэлэлцдэг. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 36 дугаар зүйлтэй холбоотой асуудлаар Үндсэн хууль зөрчөөгүй байна гэж Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт гарсан тул хуулийн дагуу энэ асуудлыг байнгын хороогоор хэлэлцэх ёсгүй. Шууд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар асуудлыг оруулж, УИХ-ын гишүүд үг хэлж, асуулт асуусны эцэст санал хураалтаар эцэслэн шийдэгддэг. Тиймээс Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар энэ асуудлыг авч хэлэлцээгүй болно."