С.Бямбацогт: Баян, ядуу, хот, хөдөө ялгаагүй хууль хүн бүрт тэгш үйлчилдэг байх ёстой
2016.10.28

С.Бямбацогт: Баян, ядуу, хот, хөдөө ялгаагүй хууль хүн бүрт тэгш үйлчилдэг байх ёстой

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт Ховд аймгийн хууль сахиулагчидтай уулзлаа.

Уулзалтын үеэр ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт хэлэхдээ “Хууль зүй, дотоод хэргийн яам төлөвлөсөн ажлаа чанартай хийж гүйцэтгэхэд анхаарч байна. Одоогийн байдлаар гурван хуулийн төслийг өргөн барьсан. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг хэлэлцэх эсэхийг шийдүүлсэн.  Арбитрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах тухай хуулийн  хуулийн төслийг өргөн бариад байна. Ерөнхийдөө амьдрах чадвартай хуулиуд гэдэгт итгэлтэй байна. 

Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Замын хөдөлгөөний тухай хуулийн төслийг Засгийн газраар хэлэлцүүлсэн өргөн барихад бэлэн болоод байна. Улсын бүртгэлийн тухай, Цагдаагийн албаны тухай, Дотоодын цэргийн тухай гурван хуулийн талаар санал авахаар хүргүүлсэн. 

Энэ сард багтаан долоон хуулийн төсөл УИХ-д өргөн барина. Эрүүгийн тухай хууль 2002 онд батлагдсанаас хойш тодорхой өөрчлөлтүүд ороогүй. Өнгөрсөн хугацаанд  нэлээд бэрхшээл давж батлагдсан боловч хугацаа хойшилсон. Энэ хуульд засч залруулах, өөрчлөх шинэчлэх асуудал олон байгаа” гэсэн юм.  Ховд аймгийн хууль сахиулагчидтай уулзах үеэр ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт дараах үүрэг чиглэлийг өглөө. Үүнд,

-Хууль бүх иргэдэд албан тушаал, хөрөнгө чинээ ялгаварлахгүйгээр тэгш үйлчилдэг зарчмыг бид мөрдөх ёстой. Буянт суманд хийсэн уулзалтын үеэр Төмөр-Очир гэж хүн “Өргөдөл бариад бүх газраар явлаа. Миний өргөдлийг хүлээж авдаг газар алга” гэж ярьж байна. Ийм байж болохгүй. Хууль  баян, ядуу,  хөдөө, хот, гадаад, дотоод ялгаагүй тэгш үйлчилдэг байх ёстой. Хүний эрх, эрх чөлөө зөрчсөн асуудлыг тухай бүрт нь таслан зогсоож байх ёстой.

-Нутаг дэвсгэрийн гэмт хэргийн талаар мэдээлэлтэй тогтмол танилцаж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд ард иргэд, төрийн болон төрийн бус байгууллага, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх нь чухал байгаа. Зөвхөн хууль сахиулдаг байгууллага бус иргэд ч санаачилгатай ажиллах учиртай.

-Мал хулгайлахтай тэмцэх гэмт хэргийн илрүүлэлтийг сайжруулах шаардлага бий. Малчид, иргэдийн сайн дурын үндсэн дээр байгуулагдсан мал сүрэг хамгаалах бүлэг нөхөрлөлийн үйл ажилагааг дэмжих, урамшуулах хэрэгтэй.

-Архидан согтуурах, гэмт хэрэг гарах нь ихэсч байна. Үүнд анхаарал тавьж ажиллах хэрэгтэй.

-Нутаг дэвсгэртээ ашигт малтмалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжүүдийн химийн хорт болон тэсэрч дэлбэрэх бодис ашиглаж байгаад хяналт тавих шаардлага бидэнд байна.

-Хүүхдийн эсрэг болон гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлд ажиллах ёстой. Эдийн засгийн хүндрэлээс болж зарим иргэд архидан согтуурч байна. Үүнээсээ болж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байна.

-Захиргааны хэргийг хянан шийдвэрлэх, Замын хөдөлгөөний тухай хууль батлагдсан байгаа. Энэ хуулийг олон нийтэд сурталчлах шаардлагатай байгаа гэв.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл байгуулагдсан. Энэ зөвлөлтэй хуулийн байгууллага нягт уялдаа холбоотой ажиллах учиртайг албаныхан онцолж байлаа. Сүүлийн үед Улсын бүртгэлийн хэлтсийн бүтэц зохион байгуулалт тогтворгүй байгааг уулзалтад оролцогч иргэн учирлаж байв. Үүнээс болж ажилчдын эрх ашиг зөрчигдөх үзэгдэл ажиглагдаж байна гэсэн юм.

Түүнээс гадна мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх нь ганцхан цагдаагийн байгууллагын ажил юм шиг ханддаг байдлыг халмаар байна гэдэг саналыг гаргаж байв. Малын гарал үүслийн гэрчилгээний асуудал цагдаагийн байгууллага, малчдын дунд үл ойлголцол үүсгэж байна гэх мэтчилэн санал хэлж байв. Ховд аймгийн прокурор И.Доржсүрэн “Ховд аймагт  гэмт хэргийн гаралт буурсан.

Өнөөдрийн байдлаар 129 гэмт хэргийн бууралттай явж байна. Энэ нь цагдаагийн байгууллагатай ярилцаж, төлөвлөгөөтэй ажилласны үр дүн. Гэвч сүүлийн үед орон байрны хулгайн гэмт хэрэг ихэссэн.Үүнтэй холбогдуулаад камержуулах асуудлыг шийдэж өгөхийг хүсч байна” гэсэн юм.