УИХ-ын гишүүн О.Баасанхүү
2016.11.03

О.Баасанхүү: Төсвөө хурдан баталъя

2016 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд энэ Пүрэв, Баасан гарагуудад хэлэлцэх асуудлын дарааллыг УИХ-ын дарга М.Энхболд танилцуулсан юм. Танилцуулгын дараа хэлэлцэх асуудал, дарааллын талаар үг хэлэх, санал гаргах гишүүн байгаа эсэхийг асуухад УИХ-ын гишүүн Л.Болд, Д.Лүндээжанцан, О.Баасанхүү нар үг хэллээ. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

"Өнгөрсөн долоо хоногийн хэлэлцэх асуудлын жагсаалтад Эрдэнэт үйлдвэрийн асуудал байсан шиг санагдаж байна. Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцсэн асуудлыг УИХ-ын нэгдсэн чуулганаар оруулж ирнэ гэж байсан. Хууль зүйн байнгын хороогоор оруулсны дараа Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэнэ гэж байсан санагдаж байна. Одоо хэлэлцэх эсэх нь тодорхойгүй болчихлоо.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж дуугармаар байна

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр Эрдэнэт үйлдвэрийн даргаар Т.Бадамжунай  болох гэж байна гэж хэсэг шуурснаа одоо Г.Алтан болно гэх юм. Эрдэнэтийн асуудлыг яагаад УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэхээ болив гэдгийг нэхэхгүй бол нэг оруулна, нэг оруулахгүй гээд байдаг. Ард түмэн энэ асуудал яаж шийдэгдэхийг харж, хүлээж байна.

2016 оны 10 дугаар сарын 4-ны өдөр УИХ-ын дарга М.Энхболдод албан бичиг хүргүүлсэн.

Эрдэнэт үйлдвэрийн хөгжлийн сан болон хаалт хөгжлийн менежментийн асуудлаар УИХ-ын тогтоолын төсөл батлах тухай саналыг минь хүлээн авч, хэлэлцүүлмээр байна.

Өнгөрсөн 4 жилд парламентад сууж байсан УИХ-ын гишүүд өөрийн санаачилж, өргөн барьсан хуулиа хэлэлцэхийг хүсч, шаарддаг байсан. Үүний хариуд тэр үеийн УИХ-ын дарга З.Энхболд “үгүй” гэж маш хатуу хэлдэг байсан. Энэ байдлыг бүү давтаач. 10 дугаар сарын 4-нд өгсөн албан бичгийн хариуг өнөөдөр хүртэл өгөөгүй байна.

Дипломат албаны тухай, Төрийн нууцын тухай хуулийн төслүүдэд яагаад орж ирэхгүй байна? Зарим аймгийн удирдлагууд бие даан дипломат харилцаагаа хөгжүүлнэ, дипломат албатай болно гээд явж байна. Энэ бол байж болохгүй асуудал. Хууль, дүрмээрээ явах хэрэгтэй. Тиймээс эдгээр хуулийн төслийг хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулмаар байна.

Хугацаатай, хуультайгаар нь Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэх хэрэгтэй. Эдийн засгийн хүндрэлийг даван онцгой хөтөлбөр хэрэгжүүлсний үндсэн дээр 18 сарын дараа улс орны эдийн засаг сайн болно гэж олон нийтийн анхаарлыг татах хэрэггүй. Төсвөө хурдан баталъя.

Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг хүчингүй болгох шийдвэр гаргачихаад олон нийт эсэргүүцээд ирэхээр асуудлыг дахин оруулж ирж байна. Цалин хасна гэж оруулж ирээд иргэд эсэргүүцэхээр больж байна. Энэ мэтчилэн нэгэнт гаргасан шийдвэрээсээ ухардаг, үндэслэл, ул суурь багатай шийдвэр гаргачихаад буцааж ард түмнээр тоглохоо боль.

Сөрөг хүчин болох АН-ынхан ам.долларын ханш 3000 төгрөгт хүрвэл Засгийн газрыг огцруулна гэж ярьж байна.

Миний бодлоор 2500 төгрөгт хүрчихвэл Засгийн газар гэж байгаад хэрэг байна уу? Тиймээс хэтэрхий энэрэнгүй байх хэрэггүй.

Засгийн газарт бид энэрэнгүй хандлаа гээд ард түмэн л хэцүү байдалд орж байна."