Л.Болд: Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөрийг яаралтай хэлэлцэх хэрэгтэй
2016 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд энэ Пүрэв, Баасан гарагуудад хэлэлцэх асуудлын дарааллыг УИХ-ын дарга М.Энхболд танилцуулсан юм. Танилцуулгын дараа хэлэлцэх асуудал, дарааллын талаар үг хэлэх, санал гаргах гишүүн байгаа эсэхийг асуухад УИХ-ын гишүүн Л.Болд, Д.Лүндээжанцан, О.Баасанхүү нар үг хэллээ.
УИх-ын гишүүн Л.Болд
"Нэгдүгээрт, Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөрийн хэлэлцэх дарааллыг урагшлуулмаар байна. Хүндрэл байгаа нь үнэн бол үүнийг ердөө асуудал мэтээр хүлээж авч болохгүй. Улс орны эдийн засагтай холбоотой яаралтай асуудлыг дараалал харгалзахгүйгээр хэлэлцэж болдог. Уг хөтөлбөрийг хэлэлцэх эсэхийг яаралтай шийдвэрлэж, ирэх долоо хоногт байнгын хороонд эхний хэлэлцүүлэгт шилжүүлэх хэрэгтэй.
Хоёрдугаарт, орон нутгийн сонгууль дууслаа. Сүм, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчийн сонгууль бол бусад сонгуулиас дутахааргүй ач холбогдолтой. 7000 гаруй орон нутгийн төлөөлөгчид сонгогдож буй уг сонгуулийн үр дүнг нэг мөр цэгцэлж, ажилд нь оруулах бол сонгуулийн маргаан сунжрах шинжтэй байна. Нэг саналын илүүгээр ялсан бол энэ бол ялалт.
Энэ долоо хоногийн чуулганаар Сүм, дүүргийн ИТХ-ын сонгуулийн эцсийн үр дүнг албан ёсоор сонсмоор байна. Улсын хэмжээнд хоёр аймагт АН яллаа. Ард түмний өмнө хариуцлагаа хүлээлээ. Нийслэлийн 9 дүүргээс гуравд нь АН ялсан. Тэр дундаа Баянзүрх дүүрэгт асуудал үүсээд байна.
Өмнөх сонгуулиар маш олон маргаан байсан. Тиймээс УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар сонгуулийн үр дүн, үүсч буй маргааныг хэлэлцэх боломжийг бүрдүүлж өгөхийг хүсч байна."