Улсын Их Хурлын 2016 оны намрын ээлжит чуулган
2016.10.29

Боловсролын байгууллагын хүртээмж, цаашид авах арга хэмжээний талаар гишүүний асуулгын хариуг сонсов

Улсын Их Хурлын 2016 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2016.10.28/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэгээс Монгол Улсын хэмжээнд бүх шатны боловсролын байгууллагын хүртээмж, сургууль, цэцэрлэгт хамрагдалтын байдал, сургалтын болон сургуулийн дотуур байрны орчин нөхцөл, цэцэрлэг, сургуулийн барилга байгууламжийн хүрэлцээ ямар нөхцөл байдалд байгаа, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонсов.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн өнөөгийн нөхцөл байдал, хүрэлцээ, хангамж, “Хувьсах зардлын дундаж норматив, санхүүжүүлэх аргачлал батлах тухай” Засгийн газрын 2016 оны 242 дугаар тогтоолын хэрэгжилт болон сурах бичгийн хүртээмж, дүрэмт хувцасны нийлүүлэлт зэрэг 4 асуудлаар Ерөнхий сайдад хандаж асуулга тавьсан байна. Гишүүний асуулгын хариуг Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм.

Салбарын сайд танилцуулгадаа, цэцэрлэгийн хүрэлцээ хангамжийн тухайд 2016-2017 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролын хамран сургалт 2012 онтой харьцуулахад 61317 хүүхэд буюу 33,9 хувиар, 2015 онтой харьцуулахад 7,5 хувь буюу 16898 хүүхдээр нэмэгдсэн байна.

Ингэснээр сургуулийн өмнөх боловсролын хамран сургалтыг улсын хэмжээнд 1.1 пунктээр нэмэгдүүлж 79.2 хувьд хүргэснээр 242,286 хүүхэд хамрагдаад байна. Энэ хичээлийн жилд төрийн өмчийн 865, хувийн өмчийн 506, нийт 1,371 цэцэрлэгт 242,286 хүүхэд суралцаж байна. Үүнээс 44 хувь болох 106,711 хүүхэд Улаанбаатар хотод, 56 хувь болох 135569 хүүхэд хөдөөд байна.

Улаанбаатар хотод 625 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж, 106,717 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулж байгаагаас 23.6 хувь болох 25,165 хүүхэд хувийн өмчийн 404 цэцэрлэгт байгаа нь өмнөх оноос 11,252 хүүхдийг нэмж элсүүлжээ. Энэ хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролд шинээр 62,679 хүүхэд элсэхээс Улаанбаатар хотод 27,579, хөдөөд 35,100 хүүхэд элсээд байгааг дурдав.

Харин цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд цэцэрлэгийн барилгын асуудал гол хүчин зүйл болж байгааг салбарын сайд онцлоод одоогийн байдлаар улсын төсөвт 2016 онд тусгагдсан барилгаас нийт 585 хүүхдийн 6 цэцэрлэг, нийслэлийн төсөвт тусгагдсан барилгаас нийт 380 хүүхдийн 2 цэцэрлэг ашиглалтад ороод байна. 2016 онд багтаж улсын төсвийн хөрөнгөөр 16 цэцэрлэг, нийслэлийн төсвийн хөрөнгөөр 14, Япон Улсын тусламжаар 8, нийт 21 цэцэрлэг ашиглалтад орж, цэцэрлэгийн хүчин чадал 5375-аар нэмэгдэнэ. Мөн 2017 онд ашиглалтад орох нийт 850 хүүхдийн хүчин чадал бүхий 9 цэцэрлэгийн барилгын ажил үргэлжилж байна. Энэ 9 цэцэрлэгийн барилгын төсөв 2017 оны төсвийн төсөлд тусгагдсан.

Улаанбаатар хотын тухайд нийт цэцэрлэгийн 37 хувь болох 79 цэцэрлэгт нь хамран сургах тойргийн хүүхдүүд багтахгүй нөхцөл байдал үүсээд байна.

Мөн нийслэлд цэцэрлэггүй 27 хороо байгаа. Улаанбаатар хотод 2016 ондоо багтаж улсын төсвийн хөрөнгөөр 6, нийслэлийн төсвийн хөрөнгөөр 14, Япон Улсын тусламжаар 1, нийт 21 цэцэрлэг ашиглалтад орж цэцэрлэгийн хүчин чадал 6700-аар, улсын төсвийн хөрөнгөөр он дамжин баригдах 2 цэцэрлэг 2017 онд ашиглалтад орж 175 -аар тус тус нэмэгдэнэ гэдгийг танилцуулав.

Мөн зөвхөн цэцэрлэг барих замаар асуудлыг шийдэхгүй нь тодорхой байгаа тул нэн шаардлагатай газарт л төрийн өмчийн цэцэрлэг барих, бусад тохиолдолд шинэ арга хэлбэрийг нэвтрүүлэх нь зүйтэй гэж үзэж тодорхой ажлууд эхлүүлж байгаа. Тухайлбал, нийслэлийн цэцэрлэггүй болон цэцэрлэгийн хүчин чадал нь хүрэлцэхгүй байгаа хороодын хүүхдийг ашиглалтгүй сул суудалтай төрийн бус өмчийн цэцэрлэгт хамруулах асуудлыг шийдвэрлэснээр 3087 хүүхэд цэцэрлэгт явах боломжтой боллоо.

Үүнийг цэцэрлэгийн барилга барих арга замаар шийдэнэ гэвэл 40 тэрбум төгрөг зарцуулж, 24 сар хүлээх байсан. Түүнчлэн байгууллагын дэргэдэх цэцэрлэгийг дэмжсэнээр Гадаад хэргийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам дэргэдээ цэцэрлэгтэй болж ажиллагчдынхаа 100 хүүхдийн цэцэрлэгт хамрууллаа. Мөн Хүнс, хөдөө аж ахуйн яам, Уул уурхайн яам дэргэдээ цэцэрлэг байгуулахаар ажиллаж байна. МУБИС дэргэдээ цэцэрлэг нээсэн байна. Холбогдох эрх зүйн орчныг нь бүрдүүлбэл байгууллагын дэргэдэх цэцэрлэг нэмэгдэх нөөц боломж байна.

Засгийн газар байгуулагдсан эхний сард цэцэрлэгийн хомсдлыг шийдвэрлэх талаар хэлэлцэж тодорхой шийдвэр гаргасны нэг нь 9-өөс дээш давхар барилгын зураг төсөлд цэцэрлэг төлөвлөж байх, орон сууцны хороолол, хотхоны ерөнхий төлөвлөлтөд цэцэрлэг, сургуулийг тусгаж байх талаар Барилга, хот байгуулалтын яаманд даалгасан гэдгийг онцоллоо.

Ерөнхий боловсролын сургуулийн тухайд 2016-2017 оны хичээлийн жилд 798 ерөнхий боловсролын сургуульд 561,691 суралцагч, үүнээс 58.6 хувь нь хөдөөгийн 563 сургуульд, 41.4 хувь нь Улаанбаатар хотын 235 ерөнхий боловсролын сургуульд суралцаж байна. Ерөнхий боловсролын сургуульд суралцагчдын тоо өнгөрсөн хичээлийн жилээс 26,636 хүүхдээр нэмэгдсэн.

Бага боловсролын хамран сургалтыг 0.7 пунктээр нэмэгдүүлж 97.0 хувьд хүргэснээр шинэ хичээлийн жилд бага боловсролд 287,554 хүүхэд хамрагдаж байгаа нь өмнөх оноос 21,661 хүүхдээр нэмэгдсэн.

Үүнээс Улаанбаатарт бага боловсролын хамран сургалтыг 0.5 пунктээр нэмэгдүүлэн 98.0 хувьд хүргэснээр өмнөх оноос 11,926 хүүхдийг нэмж элсүүлж, нийт 127,975 хүүхдийг хамруулаад байгаа. Мөн хувийн өмчийн 102 сургуульд нийт суралцагчдын 11.1 хувь болох 25,815 хүүхэд суралцаж байгаа нь өнгөрсөн хичээлийн жилээс хүүхдийн тоо 11,036 мянгаар илүү байна гэдгийг хэллээ.

Нийслэлийн хүн амын өсөлт, сургуулийн барилгын насжилт өндөр байгаагаас хамааран ерөнхий боловсролын сургуулийн хүчин чадал хомсдох асуудал үүсч байгааг сайд танилцуулгадаа онцлоод 2016 оны хичээлийн жилд Улаанбаатар хотын 24 сургуулийн 6.3 мянга сурагч гуравдугаар ээлжинд хичээллэж байсан бол 2016-2017 оны хичээлийн жилд 34 сургуулийн 9923 сурагч болж нэмэгджээ. Мөн анги дүүргэлт нормативт хэмжээнээс дээгүүр буюу 36.9-46.9 байгаа 25 сургууль байна гэдгийг дурдав.

Иймээс цаашид ерөнхий боловсролын сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр салбарын яамнаас баримталж буй бодлогын тухайд сайд хэлэхдээ, улсын төсвийн хөрөнгөөр 2016 онд нийт 2448 суудал бүхий 5 сургууль ашиглалтад ороод байна. 2016 ондоо багтаж улсын хэмжээнд нийт 6960 суудалтай 17 сургууль, 2017 онд нийт 11408 суудал бүхий 22 сургууль ашиглалтад орно.

Улаанбаатар хотын тухайд 2016 онд 320 суудалтай 1 сургууль ашиглалтад ороод байгаа бол энэ ондоо багтаж улсын төсвийн хөрөнгөөр 3, нийслэлийн төсвийн хөрөнгөөр 7, нийт 10 сургууль ашиглалтад орж, сургуулийн сургуулийн суудлын тоо 3140-өөр, улсын төсвийн хөрөнгөөр он дамжин баригдах 4 сургууль, концессоор баригдаж буй 4 сургууль 2017 онд ашиглалтад орсноор 6800 суудлаар нэмэгдэнэ гэлээ. Мөн Улаанбаатар хотод 2016 онд төрийн бус өмчийн 1500 суудлын хүчин чадалтай 8 сургууль шинээр нээгдэхээр сургалт эрхлэх зөвшөөрөл авч үйл ажиллагаа явуулж эхлээд байгааг дурдав.

Түүнчлэн гурван ээлжээр хичээллэж байгаа сургуулиудыг 2 ээлжид шилжүүлэх зорилгоор Засгийн газраас 32 сургуулийн барилгыг концессын гэрээгээр 2017 онд бариулах, хөрөнгийн асуудлыг нь 2018 оны төсөвт тусгах шийдвэр гаргасан. Үүний 29 барилга нь Улаанбаатар хотод баригдсанаар 3 ээлжээр хичээллэж байгаа сургуулиудыг 2 ээлжид оруулах нөхцөл бүрдэнэ гэдгийг сайд онцоллоо.

Мөн концессын гэрээгээр хуучин барилгыг нь буулгаж шинээр барьж эхлээд байгаа нийслэлийн 14, 32, 38, 73 дугаар сургуулийн барилга 2017 онд ашиглалтад орсноор эдгээр сургуулийн хүүхдүүд шилжин хичээллэж байсан сургуулиуд 3 ээлжээс 2 ээлжид шилжинэ гээд сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд буцалтгүй тусламж, төсвийн бус санхүүгийн эх үүсвэрийг ашиглахыг холбогдох яамдад чиглэл өгч ажиллаж байгааг дуулгалаа.

Харин сургуулийн дотуур байрны тухайд 2017 оны хичээлийн жилийн байдлаар үйл ажиллагаа явуулж байгаа 457 дотуур байрны 321 нь стандартын, 136 нь стандартын бус юм. Дотуур байранд суух хүсэлт гаргасан 34659 хүүхдийн 95.9 хувь нь дотуур байранд амьдарч байгаагаас нийт хүүхдийн 70.8 хувь буюу 24536 нь малчдын хүүхэд байгаа аж. Энэ онд улсын төсвийн хөрөнгөөр 100 хүүхдийн багтаамжтай 1 дотуур байр ашиглалтад ороод байгаа, ондоо багтаж нийт 620 хүүхдийн багтаамжтай 6 дотуур байр, 2017 онд нийт 700 хүүхдийн 6 дотуур байр ашиглалтад орох юм байна.

Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн талаар хийж буй эдгээр ажлуудыг цаашид өргөжүүлснээр Засгийн газрын 2016-2020 үйл ажиллагааны хөтөлбөрт дэвшүүлсэн зорилтыг бүрэн хэрэгжүүлэх боломжтой гэж үзэж байгаагаа салбарын сайд танилцуулгынхаа эцэст дурдлаа.

Салбарын сайдын танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү, З.Нарантуяа, Д.Дамба-Очир, Я.Содбаатар, Ц.Цогзолмаа, Г.Тэмүүлэн, Г.Мөнхцэцэг, Д.Тогтохсүрэн, Ш.Раднаасэд, Б.Саранчимэг, М.Оюунчимэг, С.Эрдэнэ, Б.Ундармаа, Д.Ганболд нар асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлсэн юм. Гишүүд салбарын хөрөнгө оруулалтыг эрэмбэлж уян хатан ханддаг байх, сурагчдын амралтын үеэр хөдөөгийн сургуулийн багш нарт нэмэгдэл урамшуулал олгох, цэцэрлэгийн багш нарт Хөдөлмөрийн хуулийн дагуу илүү цагийн хөлс олгодог байх эрх зүйн орчин бүрдүүлэх, хүүхэд харах үйлчилгээ, МСҮТ-ийн үйл ажиллагааг цаашид үргэлжлүүлж төсөвт зохих хөрөнгө тусгуулах, сурах бичгийн стандарт, агуулгыг шинэчлэхэд анхаарах, алслагдсан бүс нутгийн сургууль, цэцэрлэгийн барилгын засвар үйлчилгээг эхний ээлжинд авч үздэг байх, хотын дахин төлөвлөлтийг хийхдээ сургууль, цэцэрлэгийн асуудлыг иж бүрнээр төлөвлөж шийдвэрлэдэг байх зэргийг салбарын сайдад санал болгож, энэ чиглэлээр өөрсдийн санал бодол, байр суурийг илэрхийлж байлаа.

Салбарын сайд Ж.Батсуурь гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, хотын томоохон дүүргийн хүн амын нягтралыг харгалзан суургууль, цэцэрлэгийн барилгыг шинээр барихад Засгийн газар, салбарын яам онцгой анхаарч байгаа. Зөвхөн ирэх онд концессын гэрээгээр 32 барилга байгууламж эхлүүлэхээр шийдвэрлэснээс 29-ийг нь Улаанбаатар хотод барихаар болсон. Эдгээр барилгын 9 нь Сонгинохайрхан, 7 нь Баянзүрх дүүрэгт баригдах юм. Сүүлийн жилүүдэд цөм хөтөлбөр хэрэгжүүлэх нэрээр боловсролын стандарт хэрэгжихээ больсон байсан тул хуулийн дагуу боловсролын стандартыг боловсруулж мөрдүүлэхээр шийдвэрлэж, энэ чиглэлээр ажлын хэсэг гарган ажиллуулж байгаа. Мөн салбарын хэмжээнд 376 дуусаагүй барилга байгаа, үүний 70-аад нь ирэх онд ашиглалтад орох боломжтой. Дуусаагүй барилга, зайлшгүй засварлах шаардлагатай барилгуудын жагсаалт, судалгаа бүртгэлийг нэгтгэж гаргахаар яамны зүгээс анхаарч ажиллаж байна. Гэхдээ барилга захиалагч, засвар үйлчилгээний чиг үүрэг, эрх мэдэл нь манай яаманд биш Барилга, хот байгуулалтын яаманд байдаг учраас асуудал үүсгэдэг тал бий. Иймээс энэ асуудлыг Засгийн газарт тавьж шийдвэрлүүлэх бодолтой байгаа гэдгээ хэллээ.

Харин Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр хүүхэд харах үйлчилгээний стандартын дагуу одоогоор 29 газарт шалгалт хийхэд батлагдсан стандартыг мөрддөггүй, үйлчилгээ нь стандартын шаардлага, түвшинд хүрээгүй, барилгын халаалт, хүүхдийн аюулгүй орчин хангагдаагүй, хоолны чанар, хүртээмж муу, хүүхэд харагчид нь шаардлага хангахгүй байгаа зэрэг олон зөрчил дутагдал илрээд байна. Салбарын яамны тухайд хүүхэд харах үйлчилгээг цаашид үргэлжлүүлэхийн төлөө байгаа, гэхдээ энэ үйлчилгээний стандартыг бүрэн хангасан, хүүхэд аюулгүй орчинд сурч хүмүүжих нөхцөл бүрдүүлсэн байх шаардлагыг л тавьж ажиллах болно. Ажлын хэсгийн дүгнэлт ирэх сарын дундуур гарах байх, энэ үед асуудлыг Засгийн газарт танилцуулж шаардлагатай бол холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах асуудлыг өргөн мэдүүлэх болно гэсэн хариулт өгөв. МСҮТ-ийн тухайд салбарын яамнаас ажлын хэсэг гарч шалгалт хийж байгаа, сургуульгүй, хүүхэдгүй атлаа мөнгө авчихсан асуудал ч гарсан, сургалт нь салбарынхаа хөгжлөөс хоцорчихсон, бодлоготой нь уялдаагүй зүйл ч нэлээд байгаа тул асуудлыг нягталж цэгцлэх шаардлагатай байгаа гэдгээ салбарын сайд хэлж байв.

Үүгээр гишүүдийн асуулт, хариулт дуусч, асуулга тавьсан УИХ-ын гишүүн М.Оюунчимэг үг хэлсэн юм. УИХ-ын намрын чуулганы эхэнд, тэр дундаа ирэх оны улсын төсвийн төслийг хэлэлцэж байгаа энэ үед боловсролын салбарын хүртээмж, өнөөгийн бодит нөхцөл байдал, цаашдын зорилтын талаархи асуулгын хариуг нь чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх боломж олгосон УИХ-ын дарга болон асуудалд ажил хэрэгч хандаж санал бодлоо илэрхийлсэн гишүүддээ тэрбээр талархаж буйгаа илэрхийлээд асуулгын хариуд хэлсэн ярьсан зүйлээ ажил хэрэг болгож байгаа эсэхэд нь салбарын сайд болон тус яамны үйл ажиллагаанд байнга хяналт тавьж, нэхэж шахаж ажиллах болно гэдгээ хэллээ.

Мөн тус салбарын хөрөнгө оруулалт, концессыг гишүүдэд ил тод мэдээлж, хөрөнгө оруулалтыг эрэмбэлж ажиллах, сургалтын чанар, агуулга, хүүхдийн аюулгүй байдал, үдийн цай хөтөлбөрийн чанар, стандартад яамны зүгээс онцгой анхаарах, хөрөнгө оруулалт, барилга байгууламжаас гадна хүүхдийг төлөвшүүлж хөгжүүлэх, сурах бичгийн агуулга, стандартыг шинэчлэх зэргээр боловсролын салбарт бүхэлд нь бүтцийн өөрчлөлт хийхэд анхаарах, түүнчлэн хүүхэд харах үйлчилгээ, МСҮТ-ийн үйл ажиллагааг хэрхэн явуулах талаар салбарын яамд бодлогоо нэгтгэж, энэ ажлыг цаашид үргэлжлүүлэхийг санал болголоо