УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан
2016.10.27

Л.Энх-Амгалан: Арбитрын хууль батлагдсанаар шүүх байгууллагын ачаалал багасах уу?

УИХ-ын чуулганаар Арбитрын тухай хуулийг өргөн мэдүүлэх хэлэлцэх эсэх талаар хэлэлцлээ. 

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Энэ бол маш чухал хууль юм. Ер нь улс оронд хөрөнгө оруулахад хөрөнгө оруулагч гурван чухал хүчин зүйлсийг анхаарч хардаг.  Нэгдүгээрт тухайн улсын улс төрийн орчин хэр тогтвортой байна, хоёрт татварын орчин хэр тогтвортой байна, гуравт арбитрынх нь үйлчилгээ хэр зэрэг шударга байдаг юм бэ гэх гурван хүчин зүйлийг гол болгодог.

Манай монгол улс хөрөнгө оруулалтынхаа татварын орчинг бусад улсуудтай харьцуулахад уг нь гайгүй хамгийн гол нь хуулийн тогтвортой байх үзүүлэлтээрээ их хойгуур явдаг. Хөрөнгө оруулалтын эрхзүйн үзүүлэлтээрээ нилээн хойгуур ордог орон. Уг нь бол хууль нь 2003 онд анх батлагдсан. Өнөөдөр хүртэл яагаад энэ бүх маргаанууд дандаа гадаадад шийдэгддэг юм бэ уг нь бол монголд арбитрын алба гэвэл байна. Хууль нь байгаа мөртлөө хэрэг маргаанууд нь дандаа гадаадад шийдэгддэг.

Бизнест бол хамгийн том зардал бол шүүх, арбитрын зардал шүү дээ. Бидэнд бол гунигтай түүхүүд бол байгаа. Монголын Засгийн газар олон компаниудтай маргаан үүсгэж байсан. Тэр үеийн засгийн газрууд дандаа давуу эрхтэйгээр тэр маргаанд ялж гарч байсан. Сүүлийн эрх баригчдын үед бид Хан ресорс компанид 70 сая доллараа алдчихсан шүү дээ.  Татвар төлөгчдийн мөнгөөр л торгууль төлөгдөж байгаа.

Энэ хууль батлагдаж гарснаар Монголд ямар давуу тал үүсэх юм бэ. Олон улсын маргаанууд Монголд шийдэгдэх боломж байх уу .Гэрээнүүд чинь дандаа Парис-д эсвэл Лондонгийн арбитар-д эсвэл Хонгонкийн арбитраар шийдэгдэнэ гэх мэтээр дандаа монголоос гадуур явагддаг. Хувийн хэвшлийн маргаан ч бай төрийн маргаан ч бай. Маш их зардлууд монголоос гадагшилдаг үүний хөлс гэж энэ асуудлууд энэ хууль батлагдсанаар бүрэн шийдвэрлэгдэх үү гэдгийг асууя.

Хоёрдугаарт арбитраар шийдэгддэг маргаан гэж байдаггүй л дээ бүх аж ахуй, бизнесийн маргаанууд шүүх рүү явчихдаг. Шүүхийн ачаалал бол үнэхээр дийлдэхээ байсан байдаг. Тэгэхээр энэ хууль батлагдсанаар шүүхийн ачаалалд ямар нөлөө үзүүлэх вэ, багасах уу .

Өнгөрсөн хугацаанд батлагдсан эвлэрүүлэн зуучлах тухай хууль гарснаар бас иргэд хоорондын, аж ахуй хоорондын маргаанууд тодорхой хоорондоо эвлэрч шийдэгдээд шүүхийн ачаалал жаахан буурсан гэж судалгаа байдаг. Арбитрын шинэ хууль батлагдан гарснаар ийм бололцоо бий юу.

Хууль зүйн сайд С.Бямбацогт: Гишүүний асуултууд их чухал байна. Чухал асуудлыг хөндлөө. Олон улсын маргаан Монголд шийдэгдэх боломж бололцоо яагаад бүрдэхгүй байна вэ гадаадад бас шийдэгддэг, хөрөнгө зардал их гардаг. Энэ хууль 2003 онд анх баталсан.  Энэхүү хууль нь НҮБ-ын Олон улсын эрхзүйн комиссийн загвар хуульд нийцээгүй. Энийг нутагшуулсан орны жагсаалтад Монгол улс бүртгэгдээгүй байна.

Ийм үндэслэл дүгнэлтээр Монгол Улсад Арбитрын хэрэг маргааныг шийдвэрлэх бололцоо боломж, мөн Монгол улсад хөрөнгө оруулалт хийх, бизнес эрхлэхэд таатай орчин бүрэлдсэн улс орнуудын жагсаалтад ороход тодорхой хэмжээгээр сөргөөр нөлөөлж байна.