Арбитрын эрх зүйн орчинг шинэчилснээр гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдэнэ
Шүүхэд маргаан шийдэх өөрийн давуу талууд бий ч бас сул талтай. Тухайлбал, бүх шатны шүүхээр явахад хугацаа их алдах, уян хатан биш, аль нэг салбараар нарийн мэргэшээгүй зэрэг нь шүүхэд хандаж байгаа талуудад дутагдалтай санагддаг. Тэгвэл шүүхээс гадуур маргааныг шийдэх олон арга байдгийн хамгийн түгээмэл нь арбитр болон эвлэрүүлэн зуучлах боломж юм. Монголд энэ хоёр арга хоёулаа хуулиар зохицуулагдсан. Шүүх, арбитр, эвлэрүүлэн зуучлах нь тус тусдаа онцлогтой, маргаанаа шийдвэрлэх гэж буй хүн эдгээрийн талаар тодорхой мэдэж байх, эсвэл мэргэжлийн хүнээс асуух нь зүйтэй.
2003 оноос хүчин төгөлдөр мөрдөж буй Арбитрын тухай хуулийг шинэчлэн найруулах үндсэн найман үндэслэл шаардлага байгааг хууль санаачлагч хэлж байна. Арбитрын тухай хуулийг Монгол Улсын Үндсэн хуулиас эхлээд Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолд нийцүүлэх хууль зүйн шаардлага тулгарчээ.
Нэг талд, шүүхээр шийдвэрлэж буй иргэний хэргийн тоо жилээс жилд өсөж байна. Нөгөө талд, арбитраар шийдвэрлүүлэх боломжтой боловч арбитрт хандах тохиолдол маш бага байна.
Монгол Улсын 80 орчим хуульд үүссэн маргааныг зөвхөн шүүхээр шийдвэрлүүлнэ гэж заасан нь арбитр хөгжих боломжийг хааж байна. Мөн арбитрын үйл ажиллагааны өнөөгийн түвшин хангалтгүй бөгөөд боловсронгуй болгох, арбитрын байгууллагыг шинэчлэх хэрэгтэй гэж хууль санаачлагч үзжээ.
Арбитрын үйл ажиллагаа, арбитрын байгууллагыг шинэчлэх шаардлагатай гэж хууль санаачлагч үзжээ.
Мөн олон улсын худалдааны арбитрын тухай Загвар хуульд нийцүүлэх хэрэгтэй байгаа нь хуулийг шинэчлэн найруулахад нөлөөлсөн юм. Ийнхүү 2003 онд батлагдсан хуулийн 50-иас дээш хувьд нэмэлт, өөрчлөлт орохоор байгаа учраас Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулж, 2016 оны 9 дүгээр сарын 30-нд УИХ-д өргөн бариад байна.
Хуулийн төсөл батлагдвал арбитрт итгэх олон нийтийн итгэл сайжирч, арбитраар маргаанаа шийдвэрлүүлснээр шүүхийн ачаалал харьцангуй буурна. Арбитраар маргаан шийдвэрлэх цаг, зардал багасч, гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдэнэ гэж хуулийн төсөл боловсруулагчид тооцоолжээ.
Учир нь уг хуулийн төсөл нь гадаадын хөрөнгө оруулагчдад ихээхэн ээлтэй төдийгүй манай талтай маргаан үүслээ гэхэд олон улсын загвар хуульд нийцсэн Арбитрын хуулийн шинэчилсэн найруулга тэдний шаардлагыг бүрэн хангах юм. Өмнөх манай улсын бизнесийн байгууллага, компани төдийгүй Монгол Улсын төрийг Олон улсын арбитрын шүүхэд дуудаж байсан тохиолдол хэд хэд бий. Тэгвэл манай улсын арбитрын эрх зүйн орчин шинэчлэгдсэнээр арбитрын тухай мэдлэг, туршлага харьцангуй арвин болж, гадаад улстай маргаан үүслээ гэхэд өөрсдөө санаачлан арбитрт хандах нөхцөл бүрдэнэ.
Арбитрын тухай шинэнчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан 20 гаруй хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах болж байна.
Одоо хүчин төгөлдөр мөрдөж буй Арбитрын хуульд арбитрын хуралдаан болох газар гэсэн нэр томъёо байдаг. Тэгвэл шинэчилсэн хуулийн төсөлд үүнийг арбитрын ажиллагааны харьяалал гэж өөрчилсөн байна.
Арбитрын ажиллагааны харьяалал гэж арбитрын хуралдаан, уулзалт хийх, гэрч асуух, шинжээч томилох, үзлэх хийх зэрэг тодорхой ажиллагаа явуулах газрыг нэрлэдэггүй.
Тухайн арбитрын ажиллагаанд үйлчлэх эрх зүйн хүрээг тодорхойлж буй нэр томъёо юм. Тухайлбал, арбитрын ажиллагааны харьяалал нь Монгол Улс байна гэж талууд харилцан тохиролцсон ч арбитрын хуралдаан, уулзалт хийх, гэрч асуух, шинжээч томилох, үзлэг хийх зэрэг ажиллагааг Монгол Улсаас өөр улсад явуулж болно. Гагцхүү арбитрын үндсэн шийдвэр гаргах газар нь Монгол Улс байна гэсэн санаа юм.
Монгол Улсад гаргасан арбитрын үндсэн шийдвэрийг хүлээн зөвшөөрч гүйцэтгэх, гүйцэтгэхээс татгалзлаа гэхэд Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ.
Монгол Улсад гаргасан арбитрын үндсэн шийдвэрийг хүлээн зөвшөөрч гүйцэтгэх, гүйцэтгэхээс татгалзлаа гэхэд Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ.
Харин АНУ-д арбитрын ажиллагааны харьяалал байхаар тогтлоо гэхэд Монгол Улсад арбитрын хуралдаан, уулзалт хийх, гэрч асуух, шинжээч томилох зэрэг ажиллагаа хийж болох боловч арбитрын үндсэн шийдвэр гаргах газар нь АНУ байх болно. Талууд шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байлаа гэхэд АНУ-ын хууль тогтоомжийн дагуу хэрэг маргаан хэлэлцэн шийдвэрлэгдэнэ гэсэн үг.
Арбитрын ажиллагааны явцад талуудын аль нэг хариуцлага хүлээх нь улам тодорхой болж, арбитрын үндсэн шийдвэр гарахаас өмнө өмч хөрөнгөө захиран зарцуулах зэргээр үүрэг хариуцлагаас мултрахыг завдах тохиолдол гардаг байна.
Үүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Арбитрын тухай” шинэчилсэн хуулийн төсөлд “Арбитраас гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ, урьдчилсан тогтоол” гэсэн бүлэг шинээр оруулжээ. Энэхүү бүлгийн гол зорилт, үндсэн санаа нь цаг хугацааны хувьд арбитрын эцсийн шийдвэр гарахаас өмнө хамгаалалтын шинжтэй арга хэмжээ авах бүрэн эрхийг арбитрын бүрэлдэхүүнд олгодог юм.
Энэхүү хамгаалалтын шинжтэй арга хэмжээ нь хэд хэдэн төрөлтэй байдгаас онцлон “Арбитрын үндсэн шийдвэрийн биелэлтийг хангахад шаардлагатай байж болох хөрөнгийг хамгаалах” гэсэн арга хэмжээг энд дурдах нь зүйтэй. Талууд харилцан хохирол амсахгүй байх үүднээс дор дурдсан түр арга хэмжээнүүд авах боломжтой гэж хуулийн төсөлд тусгажээ.
-Үүрэг хүлээгч талын эд хөрөнгө буюу мөнгийг тухайн нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжлэх
-Үүрэг хүлээгч талаас эд хөрөнгөтэй холбоотой ямар нэгэн тодорхой ажиллагаа явуулахыг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр хориглох
-Үүрэг хүлээгч талын дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээнд зогсоох
-Нэхэмжлэлээр шаардсан хэмжээний мөнгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дансанд урьдчилан оруулахыг үүрэг болгох
-Үүрэг хүлээгч талын хөрөнгийг хамгаалах, үнэ цэнийг бууруулахгүй байх, ашигтай удирдах арга хэмжээ авах, гуравдагч этгээдийн хадгалалтад шилжүүлэх
Мөн гарч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор санхүүгийн баталгаа, зардал хохирол гаргуулах, цахим хэлбэрээр хийх хэлэлцээр, дампуурал зэрэг шинэ зохицуулалтуудыг хуулийн төсөлд шинээр тусгажээ.
Арбитрын ажиллагааны зарим нэг онцлог:
- Шүүх арбитрын ажиллагаанд оролцож үл болно. /Тусгайлан зааснаас бусад тохиолдолд/
- Арбитр нь байнгын эсвэл түр байж болно.
-Арбитрын хэлэлцээрийг бичгээр хийнэ.
- Талууд арбитрчийн тоог харилцан тохиролцож тогтоох эрхтэй.
-Арбитрын ажиллагаанд талууд тэгш эрхтэй оролцох ба аль ч тал нь өөрийн байр суурийг илэрхийлэх боломжоор бүрэн хангагдана.
-Талууд арбитрын ажиллагааны журмыг энэ хуулийн хүрээнд өөрийн үзэмжээр тохиролцон тогтоож болно.
-Талууд өөрөөр тохиролцоогүй бол нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл болох үйл баримт, шийдвэрлүүлэх асуудлын хамт, хариуцагч нь тэдгээртэй холбоотой тайлбараа зохих бүрдүүлбэрийн хамт тус тус талуудын тохиролцсон, эсхүл арбитраас тогтоосон хугацаанд гаргаж өгөх үүрэгтэй.
-Талууд нэхэмжлэл, эсхүл тайлбартаа хэрэгт ач холбогдолтой гэж үзсэн нотлох баримтыг хавсаргах, эсхүл цаашид нэмж гаргаж өгөх баримт бичиг, бусад нотлох баримтын талаар дурдана.
-Арбитрын бүрэлдэхүүний тодорхойлсон асуудлаар дүгнэлт гаргуулахаар нэг, эсхүл хэд хэдэн шинжээч томилж болно.