Б.Өнөрмаа: “Давтан бүлэглэж буюу урьдчилан үгсэн тохиролцсон” гэх өгөгдлийн талаар...
СУДЛААЧ, ХУУЛЬ ЗҮЙН УХААНЫ ДОКТОР Б.ӨНӨРМАА
2016.10.24

Б.Өнөрмаа: “Давтан бүлэглэж буюу урьдчилан үгсэн тохиролцсон” гэх өгөгдлийн талаар...

ХУУЛИЙН ХЭРЭГЛЭЭ БУЮУ ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН ТУСГАЙ АНГИЙН 145 ДУГААР ЗҮЙЛИЙН 145.2 ДАХЬ ХЭСЭГТ ЗААСАН “ДАВТАН БҮЛЭГЛЭЖ БУЮУ УРЬДЧИЛАН ҮГСЭН ТОХИРОЛЦСОН” ГЭХ ӨГӨГДЛИЙН ТАЛААР...

УЕПГ-ын СУРГАЛТЫН ТӨВИЙН ХЯНАЛТЫН ПРОКУРОР, ХУУЛЬ ЗҮЙН УХААНЫ ДОКТОР Б.ӨНӨРМАА:

Нэг. Удиртгал хэсэг

Эрх зүйн хэм хэмжээ гэдэг нь нийгмийн болон түүнтэй холбогдож үүссэн харилцааг зохицуулж хамгаалах зорилгоор тодорхой хүн ам, нутаг дэвсгэр дээр заавал биелүүлж, дагаж мөрдөхөөр төрийн эрх бүхий байгууллагаас тогтоосон буюу зөвшөөрсөн хууль зүйн зарчим, нөхцөл, горимуудын цогц юм.

[1]Хууль бол эрх зүйн хэм хэмжээний акт бөгөөд бүх нийт заавал дагаж мөрдөхөөр төрөөс батлан гаргасан дээд хүчин чадал бүхий баримт бичиг байдаг. Тиймээс ч хуулийн заалт бүх хүнд ойлгомжтой, тодорхой байх ёстой гэсэн зарчим байдаг. Тухайлбал Герман улсын Холбооны улсын нийтлэг журмын 42 дугаар зүйлд "Хууль хэлзүйн хувьд зөв, аль болох бүх хүнд ойлгогдохоор байх ёстой бөгөөд эрх зүйн хэм хэмжээг тодорхойлохдоо тухайн зохицуулах гэж буй харилцаанд хэрэглэгдэх хэм хэмжээ хэл зүйн хувьд яг тохирсон” байхыг шаарддаг.

[2] Эрх зүйн хэм хэмжээний нөхцөл, үндэслэл, заалт, журмууд нь хоорондоо логик зүй тогтлоор холбогдон тэнцвэржиж, хийдэлгүй зөрчилгүй уялдан хуульчлагдсан байх ёстой.

[3]Хуулинд байгаа үг, холбоос таслал аливаа үйл явдалд дүгнэлт өгөхөд цаашлаад хүний хувь заяаг шийдвэрлэхэд асар их нөлөөтэй байдаг. Хууль боловсруулах, өргөн мэдүүлэх, батлах бүхий л үе шатанд хууль зүйн техник буюу эрх зүйн хэм хэмжээний актын төсөл боловсруулах, батлан гаргах, нэгэнт батлагдсан актыг системчлэхэд ашиглаж байгаа тусгай арга хэрэгслийг анхаараагүйгээс хуульд сул, олон утга илэрхийлж болох үг хэллэг оруулснаас хуулийг хэрэгжүүлэхэд гажуудал үүсгэж буй тохиолдлууд байна.

Эрүүгийн хуульд хэрэглэгддэг нэр томъёо эмх цэгцгүй, системчлэлгүй, хэллэг нэг мөр биш байгаа нь Эрүүгийн хуульд "Нэр томъёоны тодорхойлолт” гэсэн зүйл байхгүйгээс шууд харагдаж байна.

Тухайлвал Эрүүгийн хуулинд "ба”, "бөгөөд”, "болон”, "буюу”, "түүнчлэн”, "эсхүл”, "өөрөөр хэлвэлгэх зэрэг холбоо үгнүүдийг маш их хэрэглэсэн байдаг.Хоёр ба түүнээс дээш үг өгүүлбэр зүйн ямар нэг холбоогоор  холбогдож, нэрлэх үүрэгтэй нийлмэл дохиог холбоо үг гэнэ.

Хуулийг "хэл зүй, үг зүйн” талаас тайлбарлахын тулд хэлзүйн шинжлэх ухааны олон судлагдахууныг танин мэдэх, судлах, зөв ойлгох шаардлагатай юм. Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хулиудад үг зүйн зарчим буюу үгийн утга хэсгийг эвдэхгүй бичих зарчим алдагдаж буйг харуулах нь нийтлэлийн зорилго юм.

Холбоос үгийг Ерөнхий ба Тусгай ангид  хичнээн удаа хэрэглэснийг дараахь хүснэгтээс харж болно:[4]

 №       Холбоос үг     Ерөнхий анги Тусгай анги    Нийт

1.         ба                            2                    2               4         

2.         буюу                      34                282            316      

3.         болон                     90                133             223     

4.         эсхүл                     17                361             378     

5.         түүнчлэн                16                  63              79       

Монгол хэлний бичигт өгүүлбэрийн гишүүдийг тусгаарлах зорилгоор өөрөөр хэлвэл зэрэгцсэн гишүүн хэд хэдэн үг, хоршоо үгээр бүтсэн бөгөөд таслал тавихгүй бол утга бүрхэг байвал"таслал” хэрэглэдэг.

[5]Хуульд тухайн гэмт хэргийн үйлдлийн арга, хэлбэрийг мөн хүндрүүлэх бусад нөхцөл байдлыг тоочсон бол "таслал”-аар тусгаарлах бөгөөд дээрх нөхцлүүд дангаараа эсхүл давхцаж болно.

Үг зүйн "Буюу” –г "эсхүл”  гэдэгтэй утга нэг гэж тайлбарлаж хэрэглэж байгаа нь хуулийг нэг мөр ойлгоход бэрхшээл учируулж байна.

Энэ холбоос үгийн хэрэглээг бусад шинжлэх ухааны салбарт хэрхэн хэрэглэгдэж буйг судлахад ургамал судлалд"Өндөр уул буюу тагийн бүслүүр, кактус буюу өргөст цэцэг”, анагаах ухаанд "хоолойн бах буюу ангин, хавдар буюу миом” бусад салбарт "авто замын түгжирэл буюу авто замын саатал”, "Органик мөнгөн ус буюу метилийн мөнгөн ус” гэх зэргээр дараагийн үгийн утгыг тодотгох аргаар бичигдэж байна.

Хоёр. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан " давтан бүлэглэж буюу урьдчилан үгсэн тохиролцсон”гэх хүндрүүлэх бүрэлдхүүний талаар

Эрүүгийн хуулийн хүндрүүлэх бүрэлдхүүн нь гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тухайн зүйл  хэсгээр ял шийтгэл оногдуулахад харгалзаж үздэг нөхцөл бөгөөд тухайн зүйл хэсгээр илүү хүнд ял авах нөхцөл юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6 дугаар зүйлд "ял, эрүүгийн хариуцлагын бусад арга хэмжээ нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруутай этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирсон байна”[6]гэж заасан байдаг.

Эдгээрээс "гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал”-д хуульчид бид бодитой дүгнэлт хийж чадаж байгаа эсэхэд дүгнэлт хийе.

2002 онд Эрүүгийн хуулийг анх батлан гаргах үед ЭХТА-ийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг "давтан буюу бүлэглэж гэсэн хувилбараар батлагдсан.

Анх батлагдсан хувилбараас харахад "давтан” эсхүл "бүлэглэж” хулгай хийсэн бол гэсэн агуулгаар бичигдсэн байх магадлалтай бөгөөд 2004 оны нэмэлт өөрчлөлтөөр "давтан буюу урьдчилан үгсэн тохиролцсон " гэж өөрчлөгдөн 2008 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн нэмэлт өөрчлөлтөөр "....... давтан бүлэглэж буюу урьдчилан үгсэн тохиролцсон.......”[7]гэж өөрчилжээ.

"Давтан” "бүлэглэж” гэсэн нөхцлийн дунд таслал бичигдээгүй тул хууль бичигдсэн байдлаар нь ойлговол бүлэглэсэн үйлдэл нь давтан байх бөгөөд уг "давтан бүлэг” нь урьдчилан үгсэн тохиролцсон байхыг шаарджээ. ЭХТА-ийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт "... давтан, бүлэглэж буюу урьдчилан үгсэн тохиролцсон....” гэж таслалтай буюу хүндрүүлэх нөхцлийг давтан мөн бүлэглэж гэж тодорхой заажээ.

Хуулийн энэ заалтад байгаа "буюу холбоос  нь "эсхүл” гэсэн агуулгагүй харин бүлэглэсэн нь урьдчилан тохиролцсон байх нэмэлт шаардлагыг тодруулсан байна.

Улсын Дээд шүүхийн уг заалтыг тайлбарлахдаа "давтан үйлдэж гэдгийг тусад нь "бүлэглэж буюу үгсэн тохиролцож” гэж салган тайлбарлажээ.[8]

Өнөөдөр ЭХТА-ийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан зөвхөн "давтан” "бүлэглэж” гэсэн хүндрүүлэх нөхцлөөр хэрэг шийдвэрлдэж байгаа практикийг судлахад урьд нь хулгайн гэмт хэрэг үйлдээгүй боловч бүлэглэн үйлдсэн тохиолдолд "бүлэглэж үйлдсэн”, давтан үйлдлээр хулгай хийсэн тохиолдолд "давтан” хэмээн "давтан бүлэглэж буюу урьдчилан үгсэн тохиролцож” гэснийг тус тусд нь салган "давтан бүлэглэж гэсэн нөхцлийн дунд дураараа таслал тавьж” яллах дүгнэлт үйлдэж, ял шийтгэл оногдуулж хэвшжээ.

2015 оны 07 дугаар саөрын 31-нээс 2016 оны 06 дугаар сарын 01-нийг хүртэлхи хугацаанд улсын хэмжээн ЭХТА-ийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 10113 хэрэг шүүхээр шийдвэрлэгджээ.

Үүнээс орон нутаг, нийслэлд шийдэгдсэн хэргүүдээс 50 хэргийг[9]сонгон авч дүгнэлт хийлээ. Эдгээрээс дурьдвал:

1.         Шийтгэх тогтоол – 2016 оны 08 дугаар сарын 17, №108

Хэргийн товч утга: Э, М нар нь 2016 оны 3 дугаар сарын 4-ний өдрөөс 5-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тарвалин хийдийн автомашины зогсоол дээрээс иргэн А-гийн эзэмшлийн ..... улсын дугаартай Т.Приус маркийн автомашинд хууль бусаар нэвтэрч эд зүйлийг хулгайлж 750.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн иргэн А-гийн эзэмшлийн .....улсын дугаартай Т.Приус маркийн автомашинд хууль бусаар нэвтэрч автомашины 2 ширхэг толь хулгайлж 400.000 төгрөгийн хохирол учруулсан. Шүүгдэгч Э, М нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон./шүүгдэгч урьд нь бүлэглэн хулгайн гэмт хэрэг үйлдэж байгаагүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн/

2.         Шийтгэх тогтоол: 2016 оны 06 дугаар сарын 10, № 00121

Хэргийн товч утга: ШүүгдэгчХ, Т нар нь 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдөр архидан согтуурсан үедээ бүлэглэн Мөрөн сумын 7 дугаар баг ...тоотод байх иргэн М-ийн хашаан дотроос иргэн Д-гийн эзэмшлийн мотоциклийг хулгайлж 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан хэрэгт шүүгдэгч нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцсон. /шүүгдэгч нар  урьд нь бүлэглэн хулгайн гэмт хэрэг үйлдэж байгаагүйанх удаа гэмт хэрэг үйлдсэн,

3.         Шийтгэх тогтоол: 2016 оны 04 сарын 11, № 382

Хэргийн товч утга: Шүүгдэгч Э, М.Э нар бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө 00:10 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо ...дугаар гудамжны... тоотод оршин суух иргэн Ц-гийн гэрээс гар утас хулгайлж 250.000 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан. Шүүгдэгч нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон./шүүгдэгч нар урьд нь бүлэглэн хулгайн гэмт хэрэг үйлдэж байгаагүй

4.         Шийтгэх тогтоол: 2016 оны 03 сарын 29, № 24

Хэргийн товч утга: Шүүгдэгч С, М нар нь бүлэглэж 2015 оны 12 дугаар сарын 23-ны орой 22 цагийн үед Ховд аймгийн Мянгад сумын Цагаанбулан багийн нутаг дэвсгэрт....газраас бэлчээрт байсан иргэн Ц-гийн 2 тооны даага, Н-ийн 2 тооны даага тус тус хулгайлж нийт 1000000 /нэг сая/ төгрөг буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.Шүүгдэгч бүлэглэж бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай./шүүгдэгч нар  урьд нь бүлэглэн хулгайн гэмт хэрэг үйлдэж байгаагүй

5. Шийтгэх тогтоол: 2016 оны 06 сарын 27, № 213

Хэргийн товч утга: Шүүгдэгч Д нь давтан үйлдлээр 2015 оны 11 дүгээр сарын27-28-нд шилжих шөнө Төв аймгийн Зуунмод сумын 3 дугаар баг ...гэх газраас Г, С нарын 6 тооны ямаа, 2 тооны хонь, 2015 оны 12 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Төв аймгийн Зуунмод сумын ...багийн нутгаас иргэн Г-гийн 5 тооны хонь, 1 тооны ямааг тус тус хулгайлж, нийт  510 000 төгрөгний хохирол учруулсан. Шүүх шүүгдэгчД-г бусдын эд хөрөнгийг давтан үйлдлээр хулгайлж, бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон.

6. Шийтгэх тогтоол: 2016 оны 03 сарын 21, №014

Хэргийн товч утга: Шүүгдэгч Е нь 2016 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 10 цагийн үед "Бай-Өлке” ресторан дотор ширээн дээр байсан хохирогч Г-гийн гар утсыг хулгайлж, 210.000 төгрөгийн хохирол, мөн өдрийн 16 цагийн үед Өлгий сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлалтай "Күнгей” дэлгүүрийн лангуунаас хохирогч Н-ны гар утсыг хулгайлж, 250.000 төгрөгийн хохирол учруулсан. Шүүх шүүгдэгчийг бусдын эд хөрөнгийг давтан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон.

7. Шийтгэх тогтоол: 2016 оны 04 сарын 22, № 26

Хэргийн товч утга: Шүүгдэгч Г нь Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг ..гэх газраас 2015 оны 10 сарын 31-ний шөнө Г-ийн мотоцикль, давтан үйлдлээр 2015 оны 11 сарын 01-ний өдөр 20 цагийн орчимд тус сумын иргэн Э-гийн гэрээс эд зүйлсийг хулгайлж, бусдад нийт 1.480.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан. Шүүх шүүгдэгчийг бусдын эд хөрөнгийг давтан үйлдлээр хулгайлж бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон.

Гурав. Дүгнэлт

1.Монгол Улсын Эрүүгийн хууль тогтоомж түүхэн хөгжлийн хувьд эрүүгийн хууль төрөлжүүлэгдэх тусам түүнд хэрэглэсэн нэр томъёо нь улам боловсронгуй болох тусам үгэнд хэмнэлттэй байх зарчмыг баримталж буй нь харагдаж байна.

2.Судалгааны объект болох Эрүүгийн хуульд хэрэглэсэн нэр томъёо, ухагдахуун Монгол хэлний үг зүйн холбоосыг буруу хэрэглэснээс хоёрдмол утга, буруу жишиг үүсгэж байна.

3.Хууль бичигдсэн байдлаараа биш хэн яаж ойлгож байгаагаар хэрэглэгдэж байгаа нь ганцхан жишээн дээр авч үзэхэд ийм байна.  

Ер нь хуулийн зохицуулалт алдаатай, хоёрдмол санаа бүхий үгээр томъёолсон, хэт олон холбоос үгтэй бол түүнийг хэрэглэх эрх бүхий хийгээд бусад этгээдүүд өөр өөрсдийнхөө үзэл бодлоор бие биенээсээ зөрүүтэй ойлгож хуулийг хэрэглэж байгаагийн бодит жишээ бол ЭХТА-ийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан "давтан бүлэглэж буюу урьдчилан үгсэн тохиролцож”гэсэн хүндрүүлэх бүрэлдхүүн юм. Эрүүгийн хууль дахь нэр томъёо нь хуулийн болон онолын дараах шаардлагуудыг хангасан байх ёстой.

Үүнд:

  • нэгдүгээрт, Үндсэн хууль, бусад хуульд хэрэглэсэн нэр томъёог хэрэглэх;
  • хоёрдугаарт, нэг нэр томъёогоор өөр өөр ойлголтыг илэрхийлэхгүй байх, түүнчлэн нэг ухагдахууныг нэг нэр томъёогоор илэрхийлэх;
  • гуравдугаарт, нэр томъёог үндсэн болон нийтээр хүлээн зөвшөөрсөн утгаар хэрэглэх;
  • дөрөвдүгээрт, Монгол хэлэнд тохирох үг нь байвал гадаад хэлний нэр томъёо хэрэглэхгүй байх;
  • тавдугаарт, үг хэллэгийг монгол хэл бичгийн дүрэмд нийцүүлэн хоёрдмол утгагүй, товч, тодорхой, ойлгоход хялбараар бичих; зургадугаарт, хүч оруулсан нэр томъёо  хэрэглэхгүй байх; долдугаарт. жинхэнэ нэрийг ганц тоон дээр хэрэглэх[10], бие даасан үйлдэл эсхүл хүндрүүлэх бүрэлдхүүнийг зөвхөн таслалаар тусгаарлах.

Хуулинд бичигдсэн цэг, таслал хүний хувь заяаг шийдвэрлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг гэдгийг хууль тогтоогчид ойлгож хууль боловсруулах, батлахдаа анхаарах нь чухал байна.

Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийг хэрэглэхдээ хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх хуулийн заалтын үг, холбоос, таслалыг нэгмөр ойлгох нь чухал юм.  /үргэлжлэл бий/


[1]Д.Баярсайхан, Эрх зүйн онол, 2010 он, х-135

[2]Gesetzebedienensicheiner Gesetzessprache, die oftnichtmit der Umgangsspracheübereinstimmt.

[3]Академич С.Нарангэрэл "Эрх зүйн эх толь бичиг”

[4]Хууль зүйн техник, нийтлэл, 2015 он судлаач Л.Оюунболд

[5]Монгол хэлний тайлбар толь, 2016

[6]2002 оны Эрүүгийн хууль

[7]ЭХТА-ийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт мөн "давтан бүлэглэж буюу урьдчилан үгсэн тохиролцож ” гэж таслалгүй томъёолсон

[8]Монгол Улсын Дээд Шүүхийн тогтоол № 28, 2006-05-29

[9] Шүүхээр шийдвэрлэсэн нийт 50 эрүүгийн хэрэг

[10]Судлаач Л.Оюунболд, Орчин үеийн эрүүгийн хууль тогтоомжид хэрэглэж буй нэр томъёоны асуудалд хийсэн шинжилгээ үр дүн, 2015 он