Олон улсад нийцсэн, мэргэшсэн үйлчилгээ байх ёстой
2016.10.18

Олон улсад нийцсэн, мэргэшсэн үйлчилгээ байх ёстой

1997 онд Аудитын тухай хууль батлагдсанаар Монгол Улсад энэ төрлийн үйлчилгээг албан ёсоор эрхлэх эрх зүйн орчин бүрдсэн юм. Энэ хуульд аудитын үйл ажиллагаа гэж юу болох, баримтлах зарчим,  аудитын үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээд болоод үйлчлүүлэгч эрх, үүрэг нийтлэг ойлголтыг хуульчилжээ.

Мэргэшсэн нягтлан бодогч, аудиторуудын мэргэжлийн ёс зүйг батлах, үндэсний хэмжээнд энэхүү ёс зүйг мөрдүүлэх эрхийг Мэргэшсэн нягтлан бодогчдын институт хэмээх төрийн бус байгууллагад олгож, тус институтийн үндсэн үүргийг хуульчилж өгчээ.

Мөн мэргэшсэн нягтлан бодогчийн тангараг, ёс зүйн дүрэм зэрэг суурь асуудлыг тусгаж өгснөөрөө анхдагч болсон юм. Энэ үед Далайван Аудит, Итгэлт Аудит, Монгол онош Аудит зэрэг компаниуд байгуулагдсан бөгөөд эдгээр компани байгууллагын тайлан баланс гаргах, санхүүгийн баримтын шалгалт хийх, нягтлан бодогчдын дунд сургалт явуулах, аж ахуйн нэгжийн улирал, жилийн санхүүгийн тайланг баталгаажуулах зэрэг ажил голчлон гүйцэтгэж байв.

Өнөөдрийн байдлаар аудитын компаниудын боловсон хүчний чадавхи, мэргэжлийн ур чадвар дээшилж, арга зүйн хувьд боловсронгуй болж байна. Үүний илрэл нь аж ахуйн нэгж, байгууллагуудын улирал жилийн санхүүгийн тайланг баталгаажуулж байгаа нь өмнөх байдлаасаа арга технологийн болон чанарын хувьд  зохих түвшинд хүрээд байна.

Үндэсний хэмжээнд аудитын компани олноор байгуулагдсан нь тооны хувьд сайн үзүүлэлт боловч үйл ажиллагаа төдийлэн цэгцэрч чадаагүй л байна.

Тиймээс “Аудитын тухай” хуулийн шинэчилсэн найруулгад мэргэшсэн нягтлан бодогч, аудиторын хариуцлага, аудитын байгууллагад тавигдах шаардлагыг өндөржүүлэх, тэр дундаа аудитын компани нь үндсэн орон тооны 4-5 аудитортой байх, заавал мэргэжлийн хариуцлагын даатгалд даатгуулах зэрэг зүйл заалт оруулах нь зүйтэй гэж зарим мэргэжилтнүүд саналаа хэлж байсан. Тэгвэл энэ оны эхнээс мөрдөж эхэлсэн шинэ хуульд ямар чухал зохицуулалт хийж өгсөн бол?

Хуулийн нэр: Аудитын тухай

Өргөн барьсан он.сар.өдөр: 2015/04/30

Батлагдсан он.сар.өдөр: 2015/06/19

Хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн он.сар.өдөр: 2016/01/01

Аудит хийхдээ үл итгэх байр сууринаас хандах ёстой

Олон улсын стандартад нийцсэн мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх, хараат бус байх, хараат бус байдлыг алдагдуулахад шахалт үзүүлэхээс зайлсхийх, харилцагчийн мэдээллийн нууцыг хадгалах, мэргэжлийн үл итгэх байр сууринаас хандана.

Нэгтгэсэн санхүүгийн тайлан гаргадаг, өөрчлөн байгуулагдаж, татан буугдаж байгаа, бүх хөрөнгөө дуудлага худалдаагаар худалдах, гадаадын хөрөнгө оруулалттай зэрэг аж ахуйн нэгж, байгууллага санхүүгийн тайландаа заавал аудит хийлгэх шаардлагатай.

Хэрэв хувьцаат компани бол жилийн эцсийн хувьцаа эзэмшигчдийн хурал болохоос хоёр долоо хоног, татан буугдаж байгаа бол түүнээс нэг сарын өмнө, банк бол жилийн эцсийн санхүүгийн тайланг дараагийн санхүүгийн жилийн гуравдугаар сарын 30-ны өдрийн дотор зэрэг хугацаанд эдгээр байгууллагууд санхүүгийн тайландаа аудит хийлгэсэн байх ёстой гэж тодорхой заажээ.

...Аудитын байгууллага нь санхүүгийн тайлан, тайланг нягтлах, баталгаажуулах, санхүүгийн бусад холбогдох үйлчилгээ үзүүлнэ. Холбогдох тусгай зөвшөөрөл авснаар татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ давхар эрхэлж болно...
Аудит заавал хийлгэх аж ахуйн нэгж нь аудитын байгууллагаа сонгох, аудитын дүгнэлтийн талаар тайлбар өгөхийг шаардах, дүгнэлтийг зөвшөөрөхгүй бол шүүхэд гомдол гаргах, аудит хийхээр томилогдсон аудитороос татгалзах эрхтэй.   

Шалгалтын явцад илэрсэн бүртгэл хөтлөлт болон санхүүгийн тайлантай холбоотой хүлээн зөвшөөрсөн алдаа, зөрчлийг шуурхай залруулах, аудитын үйл ажиллагаанд саад учруулахгүй, хөндлөнгөөс оролцохгүй, ямар нэгэн дарамт шахалт үзүүлэхгүй байх, аудиторын хүссэн нотлох баримтыг гуравдагч этгээдээс гаргуулж өгөх зэрэг үүрэгтэй.

2 орон тооны мэргэшсэн нягтлан бодогчтой байх ёстой

Хуульд аудиторын эрх, үүргийг нийтлэг байдлаар тусгаж өгчээ.

Аудитын компани байгуулахад үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч нь Монгол Улсын мэргэшсэн нягтлан бодогч байхаас эхлээд захирал, партнер нь мэргэшсэн нягтлан бодогчийн хугацаагүй эрхтэй, ажилчид дунд хоёроос доошгүй орон тооны хугацаагүй эрхтэй мэргэшсэн нягтлан бодогч байна гэж заажээ. Энэ болон бусад шаардлагыг хангасан тохиолдолд аудитын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг гурван жилийн хугацаатай олгох юм.

Энэ хугацаа дуусч, тусгай зөвшөөрлөө сунгах бол эдгээр жилүүдийн үйл ажиллагааны тайлан, ажиллагсадын жагсаалт, мэргэшсэн нягтлан бодогчийн мэргэжлийн ёс зүйн тодорхойлолт, бусад холбогдох баримт бичгийг санхүү, бүртгэлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд хүргүүлж, шийдвэрлүүлнэ.

Аудитын компанид тавигдсан тодорхой шаардлагыг зөрчсөн тохиолдолд сунгахгүй. Мөн тодорхой нөхцөл байдал үүссэн тохиолдолд үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг гурван сар хүртэл хугацаанд түдгэлзүүлэх юм байна.

Оноосон нэрний ард "Аудит" гэж оруулаагүй бол торгуультай

Аудитын үйл ажиллагааг олон улсын стандартад нийцүүлээгүй, аудитын баримтлах зарчмыг дагаж мөрдөөгүй, хуулиар зөвшөөрснөөс өөр үйл ажиллагаа эрхэлсэн аудитын компанийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20-200 дахин, албан тушаалтныг мөн хэмжээг 5-10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох юм.

...Аудитын үйл ажиллагаанд саад учруулсан, аудит хийхэд шаардлагатай материал гаргаж өгөхөөс татгалзсан байгууллагыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин, албан тушаалтныг мөн хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төгрөгөөр торгохоор хуульд заажээ...

Мөн аудитын компани нь үйлчилгээний хөлсөө бодит байдалд нийцүүлээгүй, тусгай зөвшөөрөл авсан аудитын хуулийн этгээд нь “Аудит” гэсэн үгийг оноосон нэрийн ард хэрэглээгүй тохиолдолд тухайн аудитын компанийн олсон орлогыг хурааж, албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.